Хотогойдын угсаа түүхийн товч (Хойт гойд ястнууд)


Монголын эрдэмтдээс хамгийн анх Ж.Цолоо Хотогойдоор явж судалгаа хийсэн хүн юм. Тэрээр Хотогойд аман аялгууг судлан шинжлэхийн зэрэгцээ тэдний дотор буй тогруутан, хавхчин, мянгад, зэлмэн, дуутан, халиучин, хэрдэг, гумжин зэрэг овгуудыг шинээр бүртгэсэн байна.
Хотогойдын түүхийг нэгтгэн судалж дорвитой нэгэн сэдэвт бүтээл нийтлүүлсэн хүн бол түүхч С.Пүрэвжав абугай юм. Тэрээр 1970 онд олны хүртээл болгосон “Хотогойдын угсаа гарал ба түүхийн асуудалд” (XVI-XIX зуун) бүтээлдээ Хотогойдуудын түүхийг нарийвчлан судалж Хойд аймгаас хэрхэн улбаалж ирсэн түүх, хэдий үед бүрэлдэн тогтсон, тэдний аман аялгуу, түүхэн нутагшилт, улс төр тэмцлийн түүхийг тусган харуулсан байна.
Доктор Д.Гонгор “Халх товчоон” (1970 он) бүтээлийнхээ тэргүүн ботид Хотогойд түмний үүсэлт Хотогойдын алтан хангуудын үйл ажиллагааны талаар өгүүлжээ. Угсаатны зүйч Х.Нямбуу абугай “Монголын угсаатны зүйн удиртгал” бүтээлдээ Хотогойдын угсаа түүхийг товч дурдсан нь бий. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул судлаач С.Лхагва “Хотогойдын Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны түүх” бүтээлдээ Хотогойдын түүхийг цухасхан дурджээ. Судлаач Г.Очирбат “Нөмрөг, Хөдрөг хан аав минь, Ойгон, Тэлмэн хатан ээж минь” хэмээх бэсрэг бүтээлдээ Хотогойдын түүхийг С.Пүрэвжавын судалгаан дээр тулгуурлан хөндөн өгүүлж, мөн Хотогойдын Цогтой вангийн хошууны түүхийг тоймлон гаргажээ.
Мөн түүхч С.Чулуун Хотогойдын түүх угсаатны зүйн асуудлаар түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсны дээр “Хотогойдын түүх” тэргүүн боть, СГЗ Ч.Дагвадоржийн хамт “Хотогойд судар” зураг нэгэн сэдэвт бүтээлүүдийг нийтлүүлжээ.
Мөн дээрх нэгэн сэдэвт бүтээлүүдийн зэрэгцээ профессор А.Очир, доктор С.Чулуун нар түүх, угсаатны зүйн хэд хэдэн сэтгүүлд Хотогойдын угсаа – түүх, овгийн бүрэлдэхүүний зарим асуудлыг хөндсөн өгүүлэл нийтлүүлсэн ажээ.

Хотогойдын угсаа түүхээс: Завхан аймгийн хойд талын сумд болох Баян-тэс, Баянхайрхан, Тэс, Асгат, Нөмрөг, Тэлмэн сумд мөн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Төмөрбулаг, Бүрэнтогтох, Цагаан-Уул, Арбулаг зэрэг сумдын хүн ам нь угсаа гаралын хувьд Хотогойд ястанд багтах аж.
Энэхүү Хотогойд хэмээх ястны угсаа түүхийг судалсан түүхчид болон нутаг орны түүх сонирхогчидын судалгааг ажихад Хотогойдын угсаа түүхийн асуудал өнөө хир нэг мөр болж хараахан чадаагүй байсаар байна.
Хотогойд хэмээх ястан хэдий үед ямар замаар бүрэлдэн тогтсон тухай доктор Д.Гонгор “Халх товчоон” бүтээлдээ,
“… дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнд Хархул хааны захиргаанд Хотогойд нар оролцон явсанаас гадна Увш хунтайжийн албатын олонх нь бас Хотогойд байснаас үзэхэд XVI зууны эцэст тэд нар Халх Ойрадын хооронд хоёр хэсэг хуваагдсан байжээ.”
гэсэн байна. Мөн түүхч С.Пүрэвжав,
“… Бидний бодоход чухам энэ үест (1587 он Д.Б) Засагт хан Лайхуур Хойдын хагасыг “Дөрвөн Ойрад”-аас таслан авч өөрийн эзэмшилд нийлүүлэн, үеэл дүү Убаши хунтайжид захируулсан нь хожим Хотогойд нэртэй болсон бололтой.”
гэжээ. Тэрчлэн түүх сонирхогч Б.Цэрэл эл талаар өөрийн бүтээлдээ өгүүлсэн нь бий. Энэ тухайд,
“… Хотогойд нь XVI зууны үеийн дөрвөдийн Цорос ясны Хархул хааны захиргаанд байсан бололтой. Тэгээд XVI зууны сүүлийн хагаст Халхын баруун гарын нөлөөтэй феодал Гэрсэнзийн угсааны Шолой Увш хунтайжийн мэдэлд орсон нь лавтай.”
хэмээжээ. Судлаач С.Лхагва эл асуудлын талаар,
“… Хотогойдыг Халхын Засагт хан Лайхур довтлон албатаа болгожээ. Хотогойд нь XVI зууны эцэс XVII зууны эхээр Халхын баруун хойд этгээдэд Хөвсгөл нуураас Увс нуур өнгөрөх өргөн зурвас газар нутаглажээ.”
гэсэн нь бий. Профессор А.Очир бээр,
“… XVI зууны үед зүүн Монголын ноёд байн байн Ойрадад довтолдог байв. Тийм нэгэн довтолгооны үед Халхын ноёд Ойрадын доторх Хойдын заримыг тасдан авч Халхад нийлүүлснээр зүүн Монголд Хотогойд хэмээх аймаг буй болжээ.”
гэсэн байна. Гэтэл доктор С.Чулуун,
“… одоогийн Хотогойд нь Ойрад, зүүн монгол, Хөх нуурын монголчууд холилдсоны үр дүнд бүрэлдэн тогтсон аймаг ажээ.”
хэмээн Хотогойд түмний үүсэлтийг арай өөрөөр авч үзэж болох тухай өгүүлжээ.
Чингээд дээрх судлаачидын саналыг нэгтгэвэл,
Нэгд: “Монголын Увш хунтайжийн тууж” хэмээх ташаа нэрээр алдаршсан “Дөрвөн Ойрад Монголыг дарсан тууж”-ийн үзэл санаан дээр тулгуурлан 1587 онд Халхын Шолой увш хунтайж Ойрадад довтлон Хойд аймгийн нэлээд хэсгийг нь өөртөө нэгтгэснээр Хотогойд хэмээх ястан буй болсон,
Хоёрт: Нэлээд хэдэн ястан угсаатны нийлэмж нь Хотогойд хэмээх ястаныг бий болгосон гэсэн хоёр салаа саналд төвлөрч байна.
Хэдийгээр олонх судлаачид “Монголын Увш хунтайжийн тууж” хэмээх ташаа нэрээр алдаршсан “Дөрвөн Ойрад Монголыг дарсан тууж”-ийн үзэл санаан дээр тулгуурлан 1587 онд Шолой увш хунтайж Хойдын нэлээд хэсгийг өөртөө шингээн авснаар Хотогойд хэмээх ястан бий болсон гэх авч бид үүнтэй санал нийлэхгүй байгаа юм. Бидний үзэхээр эл түүхэн тууж нь 1587 оны үйл явдлыг өгүүлээгүй мэт санагдана.
Юуны түрүүн энэхүү туужид нэр дурсагдах түүхэн хүмүүсийн амьдарч асан он цагийг нь хооронд нь харгуулан үзвэл Шолой Увш хунтайж 1587 онд Ойрадад довтлох ямар ч бололцоогүй бөгөөд харин 1607 оноос 1616 оны хооронд Ойрадад довтолсон байж болох байна.
Туужид нэр дурсагдагчдын амьдарч байсан он цагийг тодруулан өгүүлбэл,
1. Шолой Увш хунтайж 1567 онд төрж 1627 онд
таалал болжээ.
2. Урианхайн Сайн Мажиг 1560 онд төржээ.
3. Хүмэчи Хархул 1580-1634 оны хооронд Цоросыг
захирч байв.
4. Сайн хиа 1574-1616 оны үест амьдарч байв.
5. Байбгас баатар 1578- онд төржээ.
6. Сайн Сэртэнгэ (Засагт чин баатар) 1586 төрсөн
7. Лайхур хаан 1550-1607 оны үед тус тус амьдарч байв.
Чингэхээр 1587 онд Увш хунтайж 20 настай, Сайн Мажиг 13 настай, Байбгас баатар 9 настай, Сайн Сэртэнгэ (Засагт Чинбаатар) 3 настай тус тус байх юм.
Нөгөө талаар энэ тухай түүхэн сурвалжид хэрхэн өгүүлснийг мөшгөвөл Гаван Шаравын “Дөрвөн Ойрадын түүх” сурвалжид,
“… дөрвөн Ойрадыг Монгол олзолж авч одсоныг алдуулж авсаныг бичмүй. Исэлбэйн Сайн хиа хориг ажсаны ёсоор нэг түм хоёр үхэгтэй хүмүүн нэжээд илдтэй аргалж Монголыг дайлаад дөрвөн Ойрадыг алдуулж авсан ач тус ихийг хүргэсэн
гэжээ. Чингэтэл Халимагийн түүхч Баатар увш түмэний туурвисан “Дөрвөн Ойрадын түүх” хэмээх сурвалжид,
“… одоо зуун наян дөрөвдөгч гал хулгана жил Ойрадын төр шашныг эвдэн Ойрадыг олж их шийтгэл зүүхээр Монголын хаан Увш хунтайж Урианхайн сайн мажиг сайтай нийлсэн их цэргээр дөрвөн Ойрадыг довтлон авахаар ирэхэд өмнөөс нь Ойрадын Байбгас эхлэн Ойрадын ноёдууд сайн эрс цэрэглэсэн”
хэмээгээд Увш хунтайжийн хүү Мухар Мажиг эцгээ аврахаар их цэрэгтэй ирэхэд Сайн хиа аргаар нутагт нь буцааж Ойрадыг дайлахгүй гэсэн ам тангарагийг нь авсан гэж өгүүлсэн нь бий.
“Дөрвөн Ойрад Монголыг дарсан тууж”-д өгүүлснээс үзэхэд Халхын цэрэг 80000 байсан гэтэл үүнийг эсэргүүцсэн Ойрадын цэрэг нийлээд 36000 болж байна. Хэдийгээр Урианхайн Сайн Мажиг 15000 цэргээ авч гэдрэг буцсан ч гэсэн Ойрадыг дийлэх их цэрэг Халхад байсан байна. Харин сурвалжид өгүүлснээр Халхын цэргийг ялж Ойрадыг аврахад Сайн хиагийн арга заль ихэд нөлөөлсөн ажээ. Харин үүнийг туужид өгүүлэхдээ 7 настай хүүгээр төлөөлүүлж уран зохиолын талаас нь найруулсан бололтой.
Баатар Увш түмний “Дөрвөн Ойрадын түүх”-энд өгүүлсэнээс үзэхэд Халхын их цэрэгт Ойрадууд автан ноёдууд цөм чуулж Халхын эрхэнд орохоор шийдэхэд Сайн хиа үүнээс гарах арга байна хэмээгээд Мухар Мажигт бид танай эрхэнд орохоор шийдлээ гээд цэргийг нутагт нь хариулж гэр гэртээ тарсны хойно Ойрадын бэлгийн дээж өргөх нэрээр 5000 шилдэг залуусыг үхэгт хийж тэмээнд ачиж хивсээр бүтээгээд Мухар Мажигт хүрч түүнийг санаа авхуулалгүй барьж Ойрадад хор хийлгэхгүй тангаргийг нь авч Монголыг номхотгосон хэмээжээ.
Дээр өгүүлсэнээс үзэхэд хэдийгээр Сайн хиа Ойрадын төр шашин ач тус их хүргэсэн авч түүнийг хилсээр хороосон нь илэрхий. Сайн хиа Ойрадын чуулган дарга болох нь бусад ноёдын дургүйцлийг хүргэсэн байж болох бөгөөд энэ нь түүнийг хороосны дараа түүний дөрвөн Ойрадын нутаг болтугай гэснээс өөр санаа үгүй хэмээснээс мэдэж болно. Тиймээс ч түүний гавъяаг алдаршуулж шууд Хиа аргаар дайлсан юм гэлгүй 7 настай хүүхдээр төлөөлүүлж “Чилиг орхив” буюу хуурсан хэмээн тэмдэглэжээ. Энэхүү туужид Монголын их цэргийг Ойрадууд хэрхэн дарсан тухай бичихдээ “Чилиг орхив” хэмээсэн нь угтаа Сайн Хиагийн арга залийг “туульс” маягаар найруулж уран зохиолын аяс оруулсан бололтой.
Туужийн бас нэг өгүүлэмж нь дөрвөн Ойрад зарааны үс, хөрөөний шүд болж байсан тухай өгүүлэмж юм. Үүнийг хөөж үзвэл Хошуудын Байбгас баатар, Төрбайх ах дүү хоёр, Цоросын Хар хул, Эрдэнэбаатар эцэг хүү хоёр, Дөрвөдийн Далай тайш, Торгуудын Тэнэс мэргэн, Хоо өрлөг, Хойдын Сайн хиа нарын амьдарч асан үе буюу XYII зууны эхэн үеийг хэлэх ажээ.
Ингээд энэхүү дайн 1758 онд болоогүй гэхүл хэдийд болов гэсэн асуулт тавиад эл талаарх мэдээ сэлтийг түүвэрлэвэл “Дөрвөн Ойрад Монголыг дарсан тууж”-д,
“… энэ дайн гал гахай жил (1587 Д.Б)-д болов”
гэжээ. Мөн Баатар Увш түмний “Дөрвөн Ойрадын түүх”-д,
“… одоо зуун наян дөрөвдөгч гал хулгана жилд (1636 Д.Б) Ойрадын төр шашиныг эвдэж Ойрадад шийтгэл зүүж Монголын хаан Увш хунтайж, Урианхайн Сайн Мажиг сайтай Ойрадыг дайлсан.”
хэмээжээ. Түүхч Д.Гонгор, С.Пүрэвжав, хятадын эрдэмтэн Бадай, Эрдэнэ, Алтан-Оргил нарын эрдэмтэд энэ дайн бол 1587 оны Халх, Ойрадын дайн хэмээжээ.
Харин түүхч Х.Пэрлээ нэгэн өгүүлэлдээ,
“… Сайн Хиа гал хулгана жил (1636 Д.Б) Монгол Ойрадын байлдаанд тэргүүлэн оролцож Монголын хаан мухар Мажигийг залилан барьж авсан домогтой.”
хэмээжээ. Бидний үзэхэд энэ дайн нь Байбгасын хан буюу дөрвөн Ойрадын чуулган дарга болсон цаг үе буюу 1607 оноос Сайн хиагийн хүү Султан тайшийн нэр дурсагдах болсон 1616 оны хооронд болсон бололтой. Мянган жилийн харьцуулсан хүснэгтээс үзэхэд 1612 он хулгана жил байх авч гал бус усан хулгана жил байх аж. Нөгөө нэг он болох 1587 онд энэхүү дайн болсон гэх үндэс үгүй бөгөөд энэ үед Увш хунтайж 20 настай, Сайн Мажиг 13 настай, Байбгас баатар 9 настай, Сайн Сэртэнгэ (Засагт Чинбаатар) 3 настай тус тус байх бөгөөд тэгээд ч Ц.Дамдинсүрэн абугай энэ туужид 1587 оны дайны тухай өгүүлсэн гэж үзэж болохгүй тухай өгүүлэхдээ,
“… Энэ дайн гал гахай жилд (1587 Д.Б) болов гэж хожим нэмж бичсэн байж болзошгүй.”
хэмээснийг дурьдах нь зүйтэй болов уу!
Баатар Увш түмэний түүхэнд хулгана жил хэмээсэн бөгөөд усан гэдгийг гал хэмээн эндүүрсэн гэж үзвэл энэхүү дайн 1612 оны усан хулгана жилд болсон байх нь. Сурвалжид өгүүлсэнээр энэхүү дайнд Ойрадууд Хойдын Сайн хиан хүчээр ялалт байгуулсан бөгөөд Шолой увш хунтайж бус түүний ахмад хүү Дорж дай хунтайж амь эрсэдсэн аж. Чухам ийнхүү 1612 онд Шолой Увш хунтайж Ойрадад тэр дундаа Хойдын Сайн хиан арганд автан ялагдсаны өшөөр хожим 1621-1624 оны үед Ойрад тийш тэр дундаа Хойд аймагт ихээхэн дайн хийж нэлээд хэсгийг нь өөртөө нэгтгэсэн байна.
Шолой увш хунтайж энэ үед ямар нэгэн харъяат албат захирч байсан нь лавтай бөгөөд Гэрсэнз Жалайр хунтайжийн ахмад хүү Ашихайн мэдэлд Үнэгэд (Олохнуд), Жалайр хоёр отог очсоноос түүний I хүү Баяндара Олхонуд отгийг захирсан байдаг. Тэгэхээр II хүү Түмэндара ноёны үртэс нь Жалайрыг захирсан биз. Нэр агч хунтайж энэхүү Жалайр отог дээр тулгуурлан Хотогойд ястаныг бий болгох их дайныг хийсэн бололтой.
Шолой Увш хунтайж 1621 оны 7-8-р сард Цоросын Хархул, Дөрвөдийн Далай тайш нартай тулалдан ялж байсан бол, 1623 онд мөн Хар хул Шолой увшид довтлон ялагдсан нь харагддаг. Улмаар Хархул 1628-1629 оны хооронд Алтан ханд довтлон Шолой Увш хунтайжийн хүү хоёр дахь Алтан хан Омбо-Эрдэнэтэй дайтан энэ удаа ялсан гэдэг. Алтан хангууд болон Хархул нарын хоорондох энэхүү дайн 1634 оны үеэс намжиж эхэлсэн гэдэг ба энэ нь Хархулыг залгамжилсан Эрдэнэбаатар хунтайж улс төрийн ухаалаг бодлого баримтлан Халх, Ойрадын эвлэрлийг тэрлэсэн мөн Засагт хан Субадай Халх, Ойрад нэгдсэн хүчээр Манжийн эсрэг тэмцэхийн чухалыг ухаарсантай холбоотой болов уу.
Чухам өмнө өгүүлсэн олон удаагийн дайны явцад Хархул хааны нэгэн гар болон тулалдаж асан Хойдын Султан тайшийн албат ардын олонх нь Алтан ханд харъяалагдах болсон аж. Гэтэл Халх Ойрад хоёр эвлэрэн харь дайсны эсрэг нэгдсэн хүчээр тэмцэх болсон тэр цагт энэхүү Халх, Ойрадын хооронд тасарсан албат ардыг хэрхэх талаар маргаан үүсэх нь ойлгомжтой болсон бөгөөд дан ганц Ойрадууд Халхад шингэсэн бус Халхууд ч мөн адил Ойрадад орсон байж болох юм. Энэхүү хүн амын маргаантай асуудал нь 1640 онд Тарвагатайн Улаан бураад болсон Халх, Ойрадын Их чуулганд хурцаар тавигдаж улмаар хоёр тал харилцан буулт хийн Халх дахь Ойрадууд Халхад, Ойрад дахь Халхууд Ойрадад харъяалагдан үлдэхээр болсон байна.

Энэхүү “Их цааз”-д Хотогойдын Алтан хан Омбо-Эрдэнэ Эрдэнэ хун тайж хэмээн нэр дурдагдан оролцсон байдаг.
1640 оны баатар төмөр луу жилийн “Их цааз”–д дээрх хүн амын маргаантай асуудал нь тусгайлан заалт болгон орсон байдаг билээ. Үүнийг сийрүүлбэл,
“… гал могой (1617 Д.Б) жилээс нааш шороон луу (1628 Д.Б) жил хүртэл Барга, Баатууд, Хойд нарын Монгол дахь нь Монголд, Ойрад дахь нь Ойрадад шингэв.”
хэмээн заажээ. Өгүүлэн буй хуулийн заалтад гал могой буюу 1617 он, шороон луу жил буюу 1628 оны хооронд болсон олон дайнаар Барга, Баатууд, Хойд нар Халхад шингэсэн хэмээсэн буй нь дээрх судлаачдын 1587 оны үед Хотогойд хэмээх ястан үүссэн гэх саналыг үгүйсгэж байгаа мэт.
Энэхүү хууль цааз эрхэмжийн дагуу Алтан ханы мэдэлд байсан Хойд голдуу Ойрадууд энэ үеэс Засагт ханы нэгээхэн хэсэг хэмээгдэх болж Хотогойдууд гэгдэх болсон байна. Тиймээс ч бид 1640 оны “Их цааз”-аар Хотогойд хэмээх ястан үүсэх эхлэл болж өгсөн гэж үзэж байна. Тэгэхдээ дан ганц Хойдууд Хотогойд хэмээх ястанг дангаар бүрэлдүүлсэн хэрэг огтхон ч бус харин өмнө өгүүлсэн Жалайр нарын нэлээд хэсэг, мөн Хотогойдуудын алба авч байсан Сибирийн овог аймгууд ч оролцон үүсгэсэн байж болох, гэхдээ Хойдууд нэлээд хэсгийг нь эзлэж байсныг үгүйсгэхгүй. Тэрчлэн доктор С.Чулуун,
“… одоогийн Хотогойд нь Ойрад, зүүн Монгол, Хөх нуурын монголчууд холилдсоны үр дүнд бүрэлдэн тогтсон аймаг ажээ.”
хэмээсэн нь Хотогойдын үүсэлтийг арай өөрөөр үзэж болох тухай өгүүлсэн хэрэг биз. Хотогойдын овгийн бүрэлдэхүүнийг харахад Ойрад овгийн зэрэгцээ Сибирийн овгууд ч нэлээд тааралддаг. Мөн Хотогойдын 6 том отог нь ч өөр өөр угсаа гаралтай байна.
Галдан туслагчийн “Эрдэнийн эрхи”-д өгүүлсэнээс үзэхэд XVIII зууны сүүл үед Хотогойд нь,
“… Тоос, Халиучин, Шэжнүүд, их Хотогойд, бага Хотогойд, Мянгад” [Галдан Туслагч “Эрдэнийн эрих “ Хэвлэлд бэлтгэсэн Насанбалжир.Ц УБ 1960 тал 121]
гэсэн 6 отогт хуваагдан явжээ. Эдгээр отгуудын угсаа гарлыг нь хөөн үзвэл,

Тоос: Монгол сурвалж бичгүүдэд Тогус, Тогос хэмээн нэрийдэгдсэн энэ овгийн нэрийг эдүгээ Монголчууд Тоос хэмээн дуудах болжээ. Судлаачид энэ овгийг Тось, Тос, Тогос, Тагуз, Тагусы, Тосит гэх зэргээр бүртгэжээ. Өгүүлэн буй овгийг Уйгурын дотор байсан Тогуз нарын үр удам хэмээн тэмдэглэсэн байх агаад профессор А.Очир, түүхч С.Чулуун нар энэ саналыг дэмжсэн нь бий.
Оросын эрдэмтэн О.Долгих Тагусы нэртэй овог XVIII зуунд Сибирийн Тубалар аймагт, Тосит овог тундрын Энцүүд нарын дунд мөн В.В.Радлов умард Алтайн Татарчуудын дунд Тогуз нэртэй овог байдаг тухай тэмдэглэсэн бол 1957 оны хүн амын тооллогоор Алтайчууд дунд Тогус овгийн 497 хүн байсныг тус тус бүртгэсэн байна. [Очир.А “Хотогойдын угсаа хамаадалын асуудалд” Угсаатан судлал сэтгүүл t-XIII, f-15 УБ., 2001 тал 170, Чулуун.С “Хотогойдын зургаан отгийнхны угсаа-хамаадлын асуудалд” Түүхийн судлал t-XXXII, f-14 УБ., 2000 тал 133]
Хотогойдын эрх баригсад Тува, Алтайчуудын зарим хэсгийг нь эрхэндээ оруулан алба авч байсан тухай мэдээ сэлт тааралддаг бөгөөд тэр үед Тоос нарын нэлээд хэсэг нь Хотогойдод харъяалагдан улмаар нэгэн гол отог нь болж өгчээ. Манж нар Хотогойдын гол хошууг бутарган хэд хэдэн хошуу зохиоход Тоос нь Эрдэнэдүүрэгч вангийн хошуу, Ахай бээлийн хошуунд хуваагдсан байна. 1931 оны засаг захиргааны шинэ зохион байгуулалтаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Тоос нэртэй нэгэн баг байгуулж байсан бол XX зууны дунд үеэр Ховсгөл аймгийн Цагаан-Уул, Арбулаг, Цэцэрлэг, Түнэл, Тосонцэнгэл, Их-Уул сумдад Тоос овгийнхон бүртгэгджээ. Тэгэхээр энэхүү Тоос овгийнхон Монголжсон Уйгур гаралтай отог болж таарах нь.

Халиучин:
 Аливаа үндэстэн угсаатны дунд эрхлэх ажил үйлээрээ нэрийдэгдсэн овог цөөнгүй бий. Тухайлбал Адуу+чин, гөрөө+чин, хэрэм+чин гэх зэргээр овог үүсгэсэн байдаг. Усанд сэлдэг Суусарын аймгийн үслэг жижиг араатныг халиу хэмээнэ. Халиучин нарын угсаа гарлын тухайд судлаачид Тувагаас Монголд бус Монголоос Тувад шингэсэн овог хэмээн үзсэн нь бий. Харин бидний үзэхэд энэ нь Хотогойд ястанд шингэн орсон Түрэг гаралтай овог болов уу. Нэгд, судлаачид Хөвсгөл нуурын умар дахь Тува нарын дотор Хасут хошуунд XVII зууны үед Калиучин овгийнхон байсныг тэмдэглэсэн байдаг. [Очир.А “Хотогойдын угсаа хамаадалын асуудалд” Угсаатан судлал сэтгүүл t-XIII, f-15 УБ., 2001 тал 168]
Хоёрт, хэдийгээр Монголчууд эрт дээр үеэс Халиу, Булга, Суусар агнадаг байсан хэдий ч түүнийг голлон эрхэлж Халиучин хэмээн нэршитлээ эрхлэх нь юу л бол харин энэхүү ажлыг гол төлөв Байгаль нуур орчмын ой тайга, гол мөрний сав дагуу нутаглан сууж ан агнуур голлон эрхэлдэг овог аймгууд эрхлэх нь ойлгомжтой. Тэрчлэн Халиучин овгийхныг өөр бусад овгийнхон “Загасны махан хүнстэн” хэмээн нэрийддэг байсан [Очир.А “Хотогойдын угсаа хамаадалын асуудалд” Угсаатан судлал сэтгүүл t-XIII, f-15 УБ., 2001 тал 169] нь гол төлөв малын махаар хооллодог Монголчуудаас эрс өөр ялгаатай болохыг нь илтгэж байгаа мэт. Тэгэхээр бидний үзэхэд Хотогойдын Алтан хангуудад үслэгийн алба барьдаг байсан Түрэг гаралтай овог XVII-XVIII зууны орчим Хотогойдод шингэн орж гол төлөв ангийн үсээр алба өргөдөг байснаас Халиучин отгийг үүсгэсэн болов уу.
Халиучин нар анхан Мянгадын хамтаар Далай засгийн хошууг бүрдүүлж байснаа Мянгадуудыг Ховд голын сав дагуу нүүсний хойно дангаараа нэгэн хошууг бүрэлдүүлэх болжээ. Энэхүү хошууны нутаг дахь Сангийн далай нуур, Бүгсүйн гол, Хар хоргон гол, Ачин булаг зэрэг газруудад гол төлөв нутаглан суух аж. Эдүгээ Халиучин отгийнхон Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Арбулаг, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Түнэл, Шинэ-Идэр, Галт сумдад оршин сууж байна.

Шэжнүүд: Энэ отгийн тухай мэдээ сэлт нэн хомс юм. Шижнүүд, Цээжнүүд, Шэжнүүд гэх зэргээр түүхэнд тэмдэглэгджээ. Профессор А.Очир энэхүү отогийг XI зууны үед үүссэн Сиджуит аймгаас гаралтай гээд анхан нэрийн үндэс нь Шижин байгаад яваандаа Шээжин болсон. Энэхүү Шээжин овгийнхон XVII зууны эхэн үед баруун тийш нүүдэллэн явсаар Хотогойдууд дунд орж нутагласанаар Шээжин отог үүссэн гэсэн байна. [Очир.А “Хотогойдын угсаа хамаадалын асуудалд” Угсаатан судлал сэтгүүл t-XIII, f-15 УБ., 2001 тал 135] Харин доктор С.Чулуун,
“… Дүүрэгч вангийн хошуунд 1930-аад оны үед Цээжнүүд нэртэй баг байгуулагдаж байсан нь энэ отгийн нэрний улбаа байж болох юм.” [Чулуун.С “Хотогойдын зургаан отгийнхны угсаа-хамаадлын асуудалд” Түүхийн судлал t-XXXII, f-14 УБ., 2000 тал 172]

гэснээс өөр мэдээ үгүй юм.

Мянгад: Хотогойдын энэхүү отог нь Хойдын Их мянган отог мөн бололтой. Сурвалжид өгүүлснээр Хойд аймаг нь Алаг гулз, Өл түмэн, Их мянган, Цагаан туг гэсэн 4 том овгоос бүрэлдэх аж. Энэ тухай Монголын түүхийн тулгуур сурвалжийн нэг “Эрдэнийн эрхи”-д,
“… Их мянган овогтой Хойд нь угтаа Дөрвөдийн харъяат бөгөөд Тарвагатайн газар нутагшжээ. Хойд хүмүүн Их мянган овогтон мөн” [Галдан Туслагч “Эрдэнийн эрих “ Хэвлэлд бэлтгэсэн Насанбалжир.Ц УБ 1960 тал 128]
хэмээсэн бол тэд өөрсдийгээ “бид Өөлдөөс гаралтай. Одоо Халх аялгуугаар ярьдаг болсон. Бид их мянганы үр угсаа, хожим Халх газар ирж суусан юм” гэх зэргээр ярилцдаг байсан тухай С.Пүрэвжав, Ж.Цолоо нар тэмдэглэн үлдээжээ. Хэдийгээр XIII зууны үед Ойн иргэд дунд Мянган гэх овог тэмдэглэгдсэн байх авч түүхчид энэ отогийг Хойдын их мянган овог мөн гэдэгтэй санал нийлдэг. Тэгээд ч Мянгадууд хожим нүүдэллэхдээ Ойрадууд дунд нутагласан байдаг. Дээр өгүүлсэн XVII зууны үеийн Халх Ойрадын дайны үед Хойдын их Мянган овгийнхон голдуу хүн ам Халхад шингэн орж Хотогойдын Мянгад отгийг бий болгосон бололтой.

Их, бага Хотогойд: Энэ отгийг А.Очир,
“… XVIII зууны дунд үеийн Хотогойдыг бүрдүүлж явсан томоохон отог юм. Их, бага Хотогойд хэмээх хоёр отог нь угтаа их, бага Хотогойдууд хэмээх овгоос үүдэлтэй бололтой.” [Очир.А “Хотогойдын угсаа хамаадалын асуудалд” Угсаатан судлал сэтгүүл t-XIII, f-15 УБ., 2001 тал 169]
хэмээсэн бол С.Чулуун,
“… Энэ хоёр отог нь жинхэнэ Хотогойд нэрт аймгаас голлон бүрдсэн байна … хэмээгээд … Ойрадын Хойд аймаг баруун халхын ямар нэг аймаг овогтой холилдсоны үр дүнд энэ Хотогойд нар бий болсон. Энэ овог нь Бэсүд болов уу” [Чулуун.С “Хотогойдын зургаан отгийнхны угсаа-хамаадлын асуудалд” Түүхийн судлал t-XXXII, f-14 УБ., 2000 тал 173]
гэжээ.
Харин бидний үзэхэд Хотогойд аймгийн үүслийг тавьсан Шолой увш хунтайж Гэрсэнз жалайр хунтайжийн ахмад хөвгүүн Ашихай дархан хунтайжийн 2-р хүү Түмэндара дайчингийн хүү нь. Гэрсэнзийн их хатан хөвүүддээ Халхыг хуваан өгөхөд Ашихайд Үнэгэд (энэ отгийг түүхч А.Очир Олхонуд аймаг мөн гэжээ. Д.Б), Жалайр хоёр отог ирсэн аж. Түүхээс үзэхэд Ашихайн ахмад хүү Баяндара хунтайж Олхонуд аймгийг захирсан нь бий. Тэгэхээр 2-р хүү Түмэндара Жалайрыг захирсан биз. Бидний үзэхэд энэхүү Жалайр аймаг дээр тулгуурлан Шолой увш хунтайж байлдан дагуулалаа хийсэн бөгөөд эзлэн авсан аймгууд шинээр үүссэн Хотогойд ястаны нэг нэг отгийг бүрэлдүүлэх болж харин гол аймаг болох Жалайр нь голлох аймаг гэсэн утгаар Их, Бага Хотогойд отгийг бүрэлдүүлсэн бололтой. Тухайлбал, Хойд аймгаас эзлэн авсан хүн ам нь Мянгад отог, Сибирь, байгаль нуур орчмын эзлэгдсэн аймаг нь Тоос, Халиучин отгуудыг тус тус бүрэлдүүлжээ.
Тиймээс бид дээрх саналууд дээрээ тулгуурлан Хотогойд аймаг нь Шолой увш хунтайж Хойд аймгийг өөртөө нэгтгэснээр үүссэн хэрэг огтхон ч бус харин нэр агч хунтайж XVII зууны эхэн үеэс Ойрад болон Сибирийн овог аймгуудад довтлон нэлээд хэсэг хүн амыг өөртөө нэгтгэсэн бөгөөд эдгээр аймгууд болон өөрийн нь харъяат Жалайр нараас бүрэлдсэн нэгэн томоохон ястаныг бий болгосон нь 1640 оны “Их цааз”-аар хүлээн зөвшөөрөгдсөн Хотогойд ястан мөн бололтой. Мөн түүнчлэн Хотогойдын аман аялгууг судалсан эрдэмтэд аман аялгуу нь Ойрад-Халхын завсрын шинж чанартай болохыг илрүүлсэн байна.

Харин Хотогойд хэмээх нэрийдлэгийн талаарх судлаачдын саналыг сөхвөл Оросын алдарт жуулчин, судлаач Г.Н.Потанин “Очерки северно-западной Монголий” хэмээх бүтээлдээ Хотогойдыг Өмнөд Сибирт оршдог Түрэг угсааны “Хайдут” буюу “Гайту” овогтой угсаа гаралын хувьд нэг түүнээс салбарлан гарсан хэмээн тайлбарласан нь бий. Мөн Оросын судлаач Г.Е.Грумм-Гржимайло дээрх саналыг аялдан дагаж
“… “Хото-Гайт” нь баруун Монголчуудад хамаарагдах бөгөөд тэгэхдээ мянган зэрэг баруун Монголчуудыг тэр бас Монголжсон Түрэгүүд гэж үздэг тул Хото-гайтууд мөн л тэрхүү ясны бөлөгт (түрэг) тооцогдоно.” [Пүрэвжав.С “Хотогойдын угсаа гарал ба түүхийн асуудалд” УБ., 1970 тал 23]
хэмээжээ. Харин доктор Д.Гонгор “Халх товчоо” бүтээлийнхээ тэргүүн дэвтэрт,
“… Хотогойдыг хойд зүгээс нүүдэллэн ирсэн ийм учраас “Хойт-гойд” гэсэн үг сунжирснаас Хотогойд нэр үүссэн.” [Гонгор.Д “Халх товчоон” УБ., 1970 I дэвтэр тал 198]
гэжээ. Тэрчлэн С.Пүрэвжав “Хотогойдын угсаа гарал ба түүхийн асуудал” хэмээх бүтээлдээ,
“… Хотогойд нь Ойрадаас тухайлбал түүний нэг аймаг болох Хойдоос гаралтай тул уг нэр томьёо нь ч гэсэн бас, хойд хэмээх язгуураас үүссэн бололтой. Ойрадын хойд нар Халхын хойд хязгаараар нутаг сэлгэн суурьших болсон XYI зууны үеэс Халхчууд тэдний баруун Монголжуу өвөрмөц хэл аялгуу зэрэг зарим гойд ялгавартай талыг нь харгалзан “хойд гойд” гэж хочлонгуй нэрлэсэн нь хожим сунжирсаар Хотогойд болон хувирсан бололтой.” [Пүрэвжав.С “Хотогойдын угсаа гарал ба түүхийн асуудалд” УБ., 1970 тал 23]
гэжээ. Мөн судлаач Г.Очирбат,
“… Хотогойд хэмээх нэр нь хойд ба гойд гэсэн хоёр үгнээс үүсчээ. Ойрадын Хойд нар Халхын хойт хязгаараар ирж нутаглан суурьшсан, тэдний хэл аялгуу нь баруун Монголжуу маягийн ялгаатай байсан зэргээс Халхын хойт талын гойд өвөрмөц хэл аялгуутай хүмүүс гэсэн утгаар “Хотогойд” болон хувирсан бололтой” [Очирбат.Г “Нөмрөг, Хөдрөг хан аав минь Ойгон, Тэлмэн хатан ээж минь” /Завхан аймгийн Нөмрөг сумын түүх/ УБ., 2003 тал 7]
гэсэн байна. Түүх сонирхогч Б.Цэрэл,
“… Хотогойд нэр нь Хойд+гойд, Хойд+гайт ч биш харин Халхын баруун хойд, Засагт ханы хойд талаар нутагласан Хойдуудыг Халхчууд Хойд+хойдууд гэж нэрлэсэн” [Б.Цэрэл. “Дөрвөн Ойрад ба түүний холбоонд багтах ястан, үндэстний угсаа түүхийн асуудал” УБ., 1997 тал 76]
гэж үзжээ.
Дээр өгүүлсэн судлаачдын саналыг үзвэл олонх нь Хойд аймгийнхан халхад ирж нутаглан сууснаар тэдний өвөрмөгц хэл яриаг үндэслэн Хойд аймгаас гаралтай гойд хэл яриатай хүмүүс гэсэн утгаар нь Хотогойд хэмээн нэрийдэх болсноор Хотогойдууд үүсэн гэх С.Пүрэвжав гуайн саналыг илүүтэй дэмжих ажээ. Бид ч мөн адил дээрх саналыг дэмжиж буй бөгөөд харин нэмж өгүүлэхэд Хотогойд хэмээх ястан нь Ойрадын Хойд аймаг болон Сибирийн Нэн угсааны хэд хэдэн овгоос бүрэлдсэн нэлээд өвөрмөц гойд ястан байснаас Халхчууд тэднийг хойд талаар нутаглах гойд хүмүүс гэж хочлонгуй нэрийддэг байсан нь яваандаа Хотогойд хэмээх нэрийдлэгийн үүсэл болж өгсөн бололтой.
Мөн зарим нэгэн эрдэмтэд Хотогойд хэмээх нэрийдлэгийг Ойрадын Хойд аймгийн нэрийдлэгтэй холбон Ойрадын хойд аймгийн нэрийдлэгийг хонь ихтэй байснаас Хойд хэмээн нэрийдэгдсэн хэмээн үзэж хойт+хойд буюу Хотохойд, хонь ихтэй хойдууд буюу Хотохойд хэмээх нэрийдлэгэ үүссэн гэж үзжээ. Ойрадууд хонийг хой буюу кой хэмээдэг. Гэтэл энд Хойд аймгийн нэрийдлэгийг хонь ихтэй байснаас тийн Хойд хэмээн нэрийдэгдсэн гэж үзэх нь буруу юм. Бидэнд Ойрадын Хойд аймаг нь дөрвөн Ойрадын ар талаар буюу хойгуур нутаглан малждаг байсан тухай мэдээ баримт нэлээд олдоод байна. Чингэхээр Хойдууд нь хонь ихтэй байснаас Хойд хэмээгдсэн бус харин Ойрад нутгийн хойгуур нутагладаг байснаас тийн Хойд хэмээн нэрийдэгдсэн гэж үзүүштэй.

Засагт ханд харъяалагдах болсон Хотогойдууд Халхын Засагт хан аймгийн баруун ба баруун хойд хэсгээр Хөвсгөл нуураас Увс нуур өнгөрөх өргөн уудам нутагт нутаглан байв. Хотогойдуудыг 1628-1655 оны хооронд Шолой убаши хунтайжийн хүү Омбо эрдэнэ хунтайж захирч байгаад 1655 оны үед Хотогойдыг захирсан Лувсанринчин сайн ханы үед нэгэн хошуу болгосон бололтой. Энэ тухай “Энх амгалан хааны бодлогын бичиг”-т,
“… Эебээр засагчийн 12-р он (1655 он Д.Б)–д Халхад найман хошуу байгуулахад Лувсан тайжийг нэгэн хошуу болгосон.” [Пүрэвжав.С “Хотогойдын угсаа гарал ба түүхийн асуудалд” УБ., 1970 тал 41]
гэсэн байна. Энэхүү хошуу нь 1655-1691 хооронд Хотогойд нэгэн хошуу, 1691-1911 оны үед Халхын баруун замын дундад зүүн дэх гарын зүүн этгээдийн хошуу, 1911-1923 оны үед Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу, 1923-1931 оны үед Дэлгэрхаан уулын хошуу хэмээн нэрлэгдэж байсан Хотогойдын гол хошуу юм.
Хэдийгээр Хотогойдууд Засагт хан аймгийн нэгэн хошуу хэмээгдэж байсан авч Засагт ханд захирагдахгүй харьцангуй бие даасан байдалтайгаар оршин тэргүүлэгчид нь Алтан хан хэмээн өргөмжлөгдөж байв. Тэд өөрсдийн ханлиг улсыг бий болгон төв Азийн улс төрийн амьдралд Засагт ханаас үл хамааран бие даан оролцож байв.
Манжийн төрийн албаны түүх “Зарлигаар тогтоосон гадаад Монгол, Хотон ван гүнгүүдийн Илтгэл шаштир”-т,
“… Хотогойдын газар нь Халхын адгийн захад орхигджээ. Баруун этгээдэд нь Өөлдөд ойр, умарт этгээдэд Орост ойр буюу. Тэдний зан байдал нь Цахар дүртэй … Хотогойд хэдий Засагт ханы харъяат мөн боловч үнэхээр өөр нэгэн аймаг билээ.” [“Зарлигаар тогтоосон гадаад Монгол, Хотон ван гүнгүүдийн Илтгэл шаштир” УТНС гар бичмэл 63-р дэвтэр]
хэмээсэн нь тэднийг өвөр Монголын Цахар аймгийн адил эрэмгий зоригтой, Манжийн эсрэг байнга тэмцэж байдгийг нь илтгэн харуулсан явдал юм. Хотогойдууд бие даан Ойрад болон Орос улстай харилцаж элч төлөөлөгчөө илгээж, мөн тэдний элч нарыг хүлээн авч байжээ. Нэн ялангуяа шинэ тутам хүчирхэгжин байсан их Орос улс Хотогойдуудыг ихэд анхааран үзэж хожмоо манай улсад нэгдэж болох юм, нөгөөтэйгүүр Хотогойдоор дамжуулан Халхад хяналтаа тогтоох зорилгоор ихэд ойшоон харилцах болсон юм. Энэхүү бодлогын үүднээс Хотогойдын захирагч нарт Алтан хан цол өргөж, тэдний улсыг нь Алтан ханы улс хэмээх болжээ.
Хотогойдын түүхэнд гурван Алтан хан тодрон гарсан бөгөөд энэ нь Шолой увш, Омбо-Эрдэнэ, Лувсанринчин нар юм. Алтан ханы захиргааны улс XYII зууны эхээр нилээд хүчирхэгжин нутгийн зах нь зүүн зүг Сэлэнгэ, Тамирын эх, баруун хойш Алтай, Красноярск, умар зүг Тагна уул хүрэх болжээ. Энэ үеэс зах нийлэн орших болсон Тува Урианхай, Енисейн хиргис, тэлэнгэд зэрэг овог аймгуудыг уулгалан довтолж зарим үед алба бариулж, тэдний заримаас олзлон Хотогойд дотор суулгах ч явдал байлаа. Энэ үеэс Оросын хаант улс зүүн зүгт хаяа тэлэн Сибирь, Алс дорнодод орж ирэх болсон ба оросын хаанаас монголчуудтай харилцахыг хүсэж ялангуяа тухайн үед хүчирхэгжээд байсан Шолой убаш хун тайжтай харилцаа тогтоох, болбол Орост алба бариулах, өөрийн түшмэг хараат орон болгохыг зорьж элч төлөөлөгч удаа дараа илгээх болов. Шолой убаш ч Ойрадуудтай байлдахад түшиг болгох, мөн худалдаа эдийн засгийн харилцаа тогтоох зэрэгт Орос улсыг ашиглахыг зорьж найртай ёсноор элчийг угтан авчээ. Убаш хунтөйж өнгөн дээрээ Орос улсын эзэн хааныг хүндэтгэн үзэж буй мэт түүний ивгээлд орж цалин пүнлүү хэргэм зэргийг нь хүртэхэд бэлэн буйгаа илэрхийлж байвч үнэн хэрэг дээрээ өөрийгөө эзэн хааны хэмжээнд тавьж байжээ. Алтан хангууд Оростой харилцах эхлэл нь 1606 оны үеэс эхэлсэн гэх бөгөөд 1616-1617 онд Оросын элч Василий Тюменец, Иван Петров, Куракин нар Алтан ханы өргөөнд ирж бараалхаж, Алтан хан тэдэнтэй цуг өөрийн элч Даян, Хичээнгүй нарыг Москвад илгээж байжээ.
Ийм харилцаа Шолой убаш, түүний хөвгүүн Омбо-Эрдэнэ нарын үед хэвийн үргэлжилж байсан юм. Хотогойдыг захирч асан Омбо-Эрдэнэ хунтайж бие даасан гадаад бодлого явуулж, Орос улс Ойрадуудтай найрсгаар харилцан улс төрийн дипломат аргаар Хотогойдыг бие даасан нэгэн улс болгохыг эрмэлзсэн бодлого явуулж байжээ.
Энэ бодлого Омбо-Эрдэнийн хөвгүүн Лувсанренчингийн үед нилээд алдарсан юм. Учир нь тухайн үед гадаад нөхцөл байдлын хувьд өмнөдөд Манж гүрэн хаяа тулсан, умардад Оросын улам улам идвэхтэй бодлого явуулах болсон, Монголын дотоодод улс төрийн тогтвортой бус байдал үүсч хямралын байдалтай тун хүнд үе байв. Лувсанренчин Хотогойдыг захирах болсноор Засагт ханы болон Ойрадын эрх баригчидтай эв эвдрэлцэн тэдэнтэй үргэлжийн үймээн самуун дэгдээх болжээ.
Энэ бодлогынхоо үүднээс хөрш Орос улс, Зүүнгарын хаант улс, Засагт хантай удаа дараа муудалцан байв. Лувсанринчин 1657 онд 7000 орчим цэргээр Оросын Красноярскт довтлон ард иргэд, мал хөрөнгийг нь олзлон авч байсан бол, 1661 онд Засагт хан Норов үгүй болж хан ширээний төлөөх тэмцэл эхлэх үед тэрээр дипломат аргаар шийдэхийн оронд зэвсэг барин тэмцсэнээр Халхын их эвдрэлийн үүдийг нээж Манж гүрэнд Халх монгол эзлэгдэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна.
1661 онд Засагт хан Норовыг таалал болсны хойно түүнийг ахмад хүү Цу мэргэн залгамжлах ёстой байсан хэдий ч түүний нэр хүндгүйг дэд хөвүүн Ванчиг нь ашиглан хан ор хүчээр суухад, хэдийн эдийн засаг, улс төрийн хувьд бэхжсэн байсан Хотогойдын Алтан хан Лувсанринчин энэхүү шударга бус байдлыг эсэргүүцэн цэрэг захиран мордож Ванчигийг үгүй хийж оронд нь түүний ах Цу мэргэнийг хан цол өргөн Засагт ханы ширээг залгамжлуулжээ. Хэдийгээр Хотогойдын Алтан хан Лувсанринчин Засагт хан аймагт харъяалагддагын тухайд энэ асуудалд оролцох эрхтэй байсан хэдий ч үүнийг нь дөрөөлөн Засагт хан аймгийн ноёд Түшээт ханаас тусламж гуйсанд Халхын гурван хан дундаа нөлөө бүхий нь гэгддэг Түшээт хан Чахундорж оорцог цаг үед олны хямралыг намжаалгүйгээр улс төрийн харалган бодлого явуулан Засагт ханы хямралыг эв зүйгээр зохицуулахын оронд цэрэг зэвсгийн хүчээр довтлон ороход Хотогойдын алтан хан Лувсанринчин Халхын ноёдын нэгдсэн хүчинд шахагдан Хэм хэмчиг голын сав газар бэхлэлт барин суусан байна. Тэрбээр ийнхүү цагийн байдлыг харан Халх Ойрадын нутгийн захад сууж байгаад 1685 оны үед Ойрадын Галдан бошгот хаантай эвдрэн нөгөө талаар Засагт хантай харьцаа сайнгүй байсан зэргээс үүдэн 1686 оны эхээр 1000 гаруй албат ардын хамт Хөх нуур тийш нүүдэллэн одож тун удалгүй Манж чин гүрэнд дагаар орж тэндээ суурьшсан аж. Тэрээр Манжийн талд зүтгэн Галдан бошгот хааны цэрэгтэй Улаан будангийн газар нэлээд сайн тулалдсаны учир түшээ гүнгийн хэргэмээр шагнуулж байжээ. Лувсанринчин 1696 онд Манжийн цэргийн хуаранд нас нөгчсөний хойно түүний албат ард нь 1709 оны үед уугуул нутагтаа буцан ирсэнд Манжийн хаан зарлиг гарган Лувсанринчингийн хүү Намримчимбод захируулан нэгэн хошуу зохиосон байна. Энэхүү хошуу нь Хотогойдын Цогтой вангийн хошуу юм.
Харин нутагтаа үлдсэн Хотогойдуудыг 1686 оны Хүрэн бэлчирийн чуулганаар Дорж дай хунтайжийн удмын Гэндэн бэйлд захируулжээ. Ингэснээр Хотогойдууд хоёр хэсэг тасарсан бөгөөд нэлээд хэсэг нь Лувсан сайн тайжийн харъяанд байсан бол үлдэх хэсэг нь Гэндэн бэйлд захирагдах болжээ. Чингэснээр Хотогойдын таван хошууны дөрвийх нь өвөг дээдэс нь Дорж дай хунтайжийн шууд удамд хамаарах болж харин Цогтоо вангийн хошууны ноёд л Омбо-Эрдэнэ хунтайжийн үртэс болжээ.
Гэндэн Хотогойдын ноён суусан цагаасаа Манжийн төрд идэвхитэй зүтгэж байгаад 1694 онд Манжид дагаар ороход түүнд төрийн бэйл цол өргөн үе улируулан засаг өргөмжилжээ. Гэндэнг 1697 онд нас нөгчихөд түүний хүү Сүнчинсэнгэд захируулж байгаад түүнийг 1704 онд нас нөгчихөд үргүйн учир Гэндэнгийн үрчилсэн хүү Бүүвэй Хотогойдын ноён суусан байна. Түүний хойно 1730-1737 онуудад түүний ахмад хөвгүүн Банди, 1737-1757 онд Банди бэйлийн хүү Шадар ван Чингүнжав нар угсаа залган захирч байв.

Бүүвэй бэйл, Банди ахай нар Манж чин гүрний бодлогыг хүлээн зөвшөөрч хүчин зүтгэж байсан бол шадар ван Чингүнжав анхнаасаа Манжийн төрийн бодлогыг эрс эсэргүүцэн албыг хайш яайш хуумгайлж байсан бөгөөд үүнийхээ төлөө тэрээр зэрэг тушаал ч буурч байсан аж. 1750-иад оны эхэн үеэс Чингүнжав өвөр Монголын Сэвдэнбалжир, Ойрадын Амарсанаа нартай үгсэн нийлж Манжийн эсрэг зэвсэгт тэмцэл хийхээр товлосон авч Манж нар энэхүү оролдлогыг нь өөрсдийн туршуулуудаар дамжуулан заншлан мэдсэний үндсэн дээр тэдний хүчийг нь салган Амарсанааг Ойрад тийш, Чингүнжавыг Халхад илгээн Сэвдэнбалжирыг барьж хорьсон байна. Ийм явдал гарсныг мэдсэн Чингүнжав Хотогойд голдуу цэргээ удирдан Манжийн эсрэг босох тэмцлээ эхэлсэн ажээ. Хэдийгээр Чингүнжавын тэмцлийг аялдан дагалдсан хэд хэдэн тэмцэл Халхад тэрхүү дуулианаар гарсан хэдий ч нэгдсэн удирдлага зохион байгуулалт байгаагүй учир Манж нар тус тусад нь цохисон ажээ. Манжийн эсрэг хийх тэмцлийг манлайлсан Чингүнжав бусад босогчидтой хүчээ нэгтгэж чадаагүйн дээр Халхын олонх ноёд Манжийн талыг илэрхий баримтлан түүнд туслахгүй байсан зэргээс үүдэн аргагүйн эрхэнд хүчин мөхөсдөн 1757 оны эхээр Манж нарт баригдан гэр бүлийн хамт хороогдсон байна.
Энэхүү зэвсэгт тэмцлийн түүх хэдийгээр тусгаар тогтнолын төлөөх гэдэг утгаараа илэрхий сайшаагдах авч бидний үзэхэд хэрэв 1691 онд Халхын өндөр гэгээн, анхдугаар богд Занабазар, Түшээт хан Чахундорж тэргүүтэй ноёд Манжид дагаар орсноороо түүхэн зайлшгүй үйл явцад нэгдэн Халх түмнийг Манж нарын их хядлагаас аварсан хэмээн сайшаагддаг атал хүчин буурах нь яагаа ч үгүй ид цэцэглэлтийн үе дээрээ явж асан Манж нарын эсрэг тэмцсэн Чингүнжав, Амарсанаа нарын зэвсэгт тэмцлийг хэрхэн үзэх билээ. Тиймээс ч энэхүү зэвсэгт тэмцлийн түүхийг тухайн үеийн оюунлигийх нь түвшинд нягтлан судлууштай мэт санагдана.
Манж нар Хотогойдын бослогыг дарсаны хойно тэднийг хуваан бутаргах явдлыг улам эрчимжүүлж нэмж 3 хошуу байгуулсан байна. Хотогойдууд нь Тоос, Халиучин, Шэжнүүд, Их Хотогойд, Бага Хотогойд, Мянгад [Галдан Туслагч “Эрдэнийн эрих “ Хэвлэлд бэлтгэсэн Насанбалжир.Ц УБ 1960 тал 121] гэсэн үндсэн 6 отогтой бөгөөд тэднийг бутарган хошуу зохиохдоо ч мөн энэ 6 отгоор нь буй.

 [Пүрэвжав.С “Хотогойдын угсаа гарал ба түүхийн асуудалд” УБ., 1970 тал 122]
хэмээсэн аж. Үүнийг нь Манжийн эзэн хаан ёсоор болгож, Хотогойдын 6 отгийг хувааж, Чингүнжавын төрлийхэнд хуваан өгсөн байна. Ингээд аль хошуудад ямар отог зонхилсон талаарх мэдээ сэлтийг шүүрдвэл түүхч С.Чулуун дүүрэгч ван Вамбуудоржид их, бага Хотогойд отгийг бүтнээр нь, Тоос отгийн хагастай өгч Дүүрэгч вангийн хошууг, тайж Дашпунцагт Тоосын талыг нь өгч Ахай засгийн хошууг, Доржцэдэн, Цэвэгжав хоёрт Мянгад, Халиучин отгийг өгч Мэргэн засаг, Далай засгийн хошууг тус тус байгуулсан нь мэдэгдэж байна. Харин Шээжнүүд отгийг чухам хэнд эзэмшүүлсэн нь мэдэгдсэнгүй [Чулуун.С “Хотогойдын зургаан отгийнхны угсаа-хамаадлын асуудалд” Түүхийн судлал t-XXXII, f-14 УБ., 2000 тал 173] гэжээ. Бид доктор С.Чулууны саналтай ерөнхийдээ нийлж буй бөгөөд харин нэмж тодруулахад Лувсанринчиний захиран Хөх нуур тийш нүүдэллээд 1709 онд эргэн ирж нэгэн хошуу болсон (Цогтоо вангийн хошуу) Намринчимбогийн албат нь Шээжнүүд отгоор голлосон байж болох юм. Мөн Дүүрэгч вангийн хошууны нутагт Шээжнүүд овог ч тааралддаг. Мянгад отгийн нэлээд хэсэг нь Далай засгийн хошуунд хамаарах атал засаг ноён Доржцэдэн “өөрийн авааль харъяатыг өмөөрч тэднийг зовоож хашираасан тулд бичиг өргөн заалдсанд” Улиастайн Манж жанжин тэднийг нүүлгэн Ховд голын зүүн хөвөө, Алтан хөхүй ууланд нутаглуулсан гэдэг. Эд одоогийн Ховд аймгийн Мянгад сумыхан юм. Мөн энэ тухай “Ховдын засгийн хэргийн бүгд цэс” хэмээх сурвалжид,
“… Мянгад язгуураас Халхын чин ван Чингүнжавын харъяат хүн. Тэнгэрийн тэтгэсний 19-р он (1754 он Д.Б)-д харъяат ван Чингүнжав эсэргүүцэж самуурсан тул барьж олоод цаазаар аваачсан учирт албан харъяат болгож Хотогойдын гүн Доржцэдэний хошуунд оруулж захируулав. Хойно Тэнгэрийн тэтгэсний 31-р онд (1766 он Д.Б) харъяат гүн Эвэл харъяатыг өмөөрч тэднийг зовоож хашираах тулд тэд бичиг өргөн заалдахуйд Улиастайн жанжин Цэн айлтгаж Ховдод нүүлгэж Хэбэй амбанд тушааж захируулжээ.” [“Ховдын засгийн хэргийн бүгд цэс” хэвлэлд бэлтгэсэн Сүхбаатар.На “Ойрад Монголын түүхэнд холбогдох сурвалж бичигүүд” I боть УБ., 2001 тал 31]
гэсэн байна. Хотогойдууд нь Засагт хан аймагт таван хошуунд хуваагдан Хотогойд таван хошуу хэмээгдэн явжээ.
1. Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу: Чингүнжавын хошууны гол нутгийг тусгаар тогтнолын төлөөх бослогыг даралцагч Вамбуудоржид Жүн ван цол өргөн захируулсан байна. Энэхүү хошуу нь Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу, Хантайшир уулын аймгийн Дэлгэрхан уулын хошуу гэгдэж байгаад 1931 онд Хөвсгөл аймгийн Баян-Уул, Баянхайрхан, Цэцэрлэг, Цагаан уул, Бүрэнхаан сумд үүссэн байна. Дүүрэгч вангийн хошууны талаар хойно тусгайлан өгүүлэх тул энэ хүрээд зогсоё.
2. Цогтой вангийн хошуу: Шолой уваши хунтайжийн ахмад хүү Омбо-Эрдэнийн хүү Лувсанринчин, түүний хүү Намринчимбогийн албат нь Цогтоо вангийн хошууны эхлэл болж өгчээ. Эл хошууг 1709 онд Хөх нуураас эргэн ирсэн Лувсанринчингийн албатаар нэг сумтайгаар байгуулсан байна. Манжийн үед Халхын баруун замын дундад баруун гарын адгийн хошуу хэмээгдэн нутгийн хил нь зүүн тийш Буга өндөр хүрч, өмнө зүгт Дунд Самгалтай, умар зүг Баян-Айраг уул, баруун зүг Байцас уул, зүүн хойш Муу түлээт, баруун хойш Өвөр Улаагчин, зүүн өмнө Булан, баруун өмнө Босго уул хүрч байв. 1911 оноос 1923 онд Засагт хан аймгийн Цогтой вангийн хошуу хэмээн дотроо Баруун Ангирт, Зүүн Ангирт, Ойгон, Тэлмэн, Нөмрөг таван багтай явжээ. 1911 оны байдлаар 33 өрх, 346 хүн амтай байсан бол 1918 оны И.М.Майскийн мэдээгээр 530 өрх 1283 хүн амтай, 17 сүм хийдэд 619 лам нар шавилан сууж байсан мэдээ байна. 1923 оноос улс даяар хийгдсэн орон нутгийн засаг захиргааны шинэчлэлтийн дагуу Хантайшир уулын аймгийн Нөмрөг уулын хошуу нэртэй болж дотроо Баянхайрхан, Баян-зүрх, Мандал, Уранхайрхан гэсэн 4 сумтай байгуулагдав. Цогтой вангийн хошууг Намринчимбо, Жамъян, Гомбоцэрэн, Ларь, Банди, Сэндэвдорж, Цэсүрэндорж, Галдангүнтүв, Магсаржав, Загдсамбар, Дамдинавшаа нар угсаа залган захирч байжээ.
3. Далай гүний хошуу: Ашихай дархан хунтайжийн дэд хүү Түмэндара дайчингийн хүү Шолой увш хунтайжийн дэд хүү Дорж дай хунтайж, түүний хүү Гэндэн бэйлийн дөтгөөр хүү Шагжагт байгуулсан гавъяаг нь үнэлж Эрдэнэ дүүрэгч вангийн хошуунаас тасдан өгсөн албат нь 1724 оны үеэс Далай гүний хошуу гэгдэх болжээ. Манжийн үед Халхын өрнө замын баруун гарын баруун этгээдийн хошуу хэмээгдэн нутгийн хил нь зүүн зүг Нарийн Дөлбөр, баруун зүг Хар хоргон голын булаг, өмнө зүг Чацарт, умар зүг Ачин булаг тус тус хүрнэ. Богд хаант монгол улсын үед Засагт хан аймгийн Далай гүний хошуу хэмээн нэрлэгдэж, Өвөр Баруун, Ар баруун, Ар зүүн, Өвөр зүүн гэсэн 4 отогтой байсан байна. 1911 оны байдлаар 84 өрх, 234 хүн амтай байсан бол 1918 оны И.М.Майскийн мэдээгээр 654 өрх 1848 хүн амтай, 29 сүм хийдэд 735 лам нар шавилан сууж байсан мэдээ байна. 1923-1931 оны үед Хантайшир уулын аймгийн Бүрэнтогтох уулын хошуу хэмээн нэрийдэгдэж байсан бөгөөд 1924 онд Бөгдгөөн хан уулын хошуутай нийлэн 1929 онд Наранжаргалант уулын хошуутай нэгдэв. Одоогийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Бүрэнтогтох сум болсон ажээ. Далай гүний хошууг Шагжаг, Доржцэдэн, Цэдэвдорж, Шагдаржав, Доржжав, Төгсдэлгэр, Базаррагчаа, Доржпалам нар үе улиран захирч байв.
4. Мэргэн гүний хошуу: Шолой Увш хунтайжийн 3-р хөвгүүн Лувсандаш Мэргэн дайчингийн ахмад хөвгүүн Увашийн ахмад хүү Цэвэгжавт албат таслан сум үл хүрэх албаттайгаар нэгэн хошууг 1756 онд байгуулан өгсөн нь Засагт хан аймгийн Мэргэн гүний хошуу юм. Манжийн эрхшээлийн үед Халхын дундад зүүн гарын баруун этгээдийн засаг улсад туслагч гүнгийн хошуу хэмээгдэн зүүн зүгт хар бургас, өмнө зүг цагаан бургас, баруун зүг Чандаган тал, умар ба баруун хойд зүг Их тахил, зүүн өмнө зүг Баянзүрх, баруун өмнө зүгт Сэлэнгэ мөрөн хүрэх нутагтай байв. Богд хаант Монгол улсын үед Засагт хан аймгийн Мэргэн гүний хошуу хэмээн нэрлэгдэж 1 сумтай байв. Хантайшир уулын аймгийн Бөгөдгөөн хан уулын хошуу гэгдэж байгаад 1931 оноос Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум болсон ажээ. Мэргэн гүний хошууг Цэвэгжав, Батжаргал, Чойсүрэн, Жамбал, Гүндорж, Баянжаргал нар үе улиран захирч байв.
5. Ахай бэйлийн хошуу: Ахай бэйлийн хошууг 1757 онд Эрдэнэдүүрэгч вангийн хошуунаас таслан Дорж дай хунтайжийн дэд хүү Гэндэн бэйлийн дэд хүү Тувагийн хүү Дашпунцагийн албат дээр тулгуурлан байгуулсан байна. Манжийн үед Халхын өрнө замын дундад зүүн гарын адгийн хошуу хэмээн нэг гүйцэд сумын албатай, нутаг дэвсгэр нь зүүн зүг Баянзүрх уул, баруун зүг Дэлгэр гол, умар зүг Номт, өмнө зүг Оодос, зүүн хойд зүг хилийн харуул, баруун хойш Соёг толгой, баруун өмнө зүг Бор бургас хүрч байв. 1911-1922 онд Засагт хан аймгийн Ахай бэйлийн хошуу гэж нэрлэгдэн явсан бөгөөд 1911 оны байдлаар 85 өрх, 308 хүн амтай байсан бол 1918 оны И.М.Майскийн мэдээгээр 823 өрх 3471 хүн амтай, 153 сүм хийдэд 2345 лам нар шавилан сууж байсан мэдээ байна. 1923 оноос Хантайшир уулын Наранжаргалант уулын хошуу нэрээр байгуулагдаж хожим Цэцэрлэг Мандал уулын аймагт шилжсэн. Тус хошуунаас Арбулаг, Мөрөн, Тосонцэнгэл, Их-Уул сум бүтнээр Түнэл, Алаг-Эрдэнэ сумын зарим баг нь байгуулагджээ. Ахай гүний хошууг Дашпунцаг, Гомбожав, Жигмидчавдан, Чойгончигдаш, Нилханвар, Намхайдорж, Цэдэндорж нар үе улиран захирч байв.
6. Жалханз хутагтын шавь: Жалханз хутагтын шавийг байгуулахдаа Хотогойдын Дүүрэгч ван, Ахай засгийн хошуунаас таслан нутаг олгосон тул мөн Хотогойдын түүхэнд хамаарал бүхий юм. Жалханз хутагтын уг эх нь энэтхэгийн Базарваань, Цогтсарха, Зундуйёндон, Их түгээмэл гүндүү, хан Махасуха, Чойгүцагаан, Чимэдманабадар, гэсэн 7 үе хувилж, түүний хойно түвдэд Дүвчиннамхайжалцан, Батлужав хэмээх Мижиддорж, Жамагарбо, Жамьянмоломпил, Балжиржамц, Чойжилжамц гэсэн 6 үе хувилаад манжийн Тэнгэрийн сэцэн хааны 4-р он (1630 он Д.Б)-д монгол газар халхын Засагт хан аймагт Лувсанданзанжамц нэрээр хувилж, Эеэр засагчийн 11-р он (1645 он Д.Б)-д жанч халжээ. 2-р үе хувилсан нь Лувсанданзанбалсан (1657-1741), 3-р үе хувилсан нь Галсандамбийеримпил (1747-1785) Ховдын Түгээмэл амаржуулагч сүмийг 11 жил захирч суужээ. 4-р үе хувилсан нь Лувсанбалжирлхүндэв (1796-1847) Ховдын Түгээмэл амаржуулагч сүмийг 4 жил захирч байв. Төр гэрэлтийн 4-р он (1824 он Д.Б)-ы XII сард гуулиар цутган үйлдсэн “Халхын Засагт хан аймгийн Жалханз хутагтын тамга” гэсэн манж, монгол, түвэд гурван үсгээр бичсэн тамгыг олгожээ. [“Засагт хан аймгийн чухал хэргийн данс” хэвлэлд бэлтгэсэн Г.Дашням, На.Сүхбаатар, С.Чулуун УБ., 2002 тал 41] Чингэснээр Жалханз хутагт нь тамга барьж шавь захирах эрхтэй болсон байна. Жалханз хутагтын шавийг байгуулахдаа Хотогойдын Дүүрэгч ван, Ахай засгийн хошуунаас хувь таслан байгуулжээ. 5-р үе хувилсан нь Чоймболжалцан (1849-1855), 6-р үе хувилсан нь Чойжижалцан (1857-1874), 7-р үе хувилсан нь Дамдинбазар (1875-1923), 8-р үе хувилсан нь Билэгдэмбэрэл (1923-1978) нар тус тус тодорчээ. Жалханз хутагтын шавийн нутгийн цэс нь баруун зүгт Загастайн даваа, баруун хойд тал нь өвөр Улаагчин өртөө, хойд тал нь Хоньт холбоо нуур, зүүн тал нь Хантийн дөрвөлжийн өндөрлөгт хүрч байв. 1911 оны байдлаар 61 өрх, 558 хүн амтай байсан бол 1918 оны И.М.Майскийн мэдээгээр 545 өрх 1051 хүн амтай, 28 сүм хийдэд 433 лам нар шавилан сууж байсан мэдээ байна. 1925 оноос Хантайшир уулын аймгийн Өлзийт Баянзүрх уулын хошуу гэгдэж байгаад 1926 онд Дэлгэрхан уулын хошуунд нэгтэгсэн байна. Одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сум.
Хотогойдын нутгаар аялан явж байсан Оросын жуулчид өөрсдийн тэмдэглэлдээ тэдний хэл яриа нь ойрад аман аялгуутай адил болох талаар бичин үлдээж байсан бол, эрдэмтэн Ж.Цолоо судлан үзээд,
“… авиа зүйн болон хэлний зүйн талаасаа цэвэр халх биш өвөрмөц шинжтэй бөгөөд тухайлбал захчин, урианхай аялгуутай төстэй” [Цолоо.Ж “Хотогойдын аман аялгууг судалсан нь” ШУА-ын мэдээ сэтгүүл 1962. ¹4. тал 54-57]
хэмээн дүгнэжээ. Тиймээс ч Хотогойдуудыг халхын аман аялгууны дэд аялгуу баруун халхын аман аялгууны салбар Хотогойд, мянгадын салбар аялгуугаар хэлэлцдэг [Нямбуу.Х “Монголын угсаатны зүйн удиртгал” УБ., 1992 тал 15] хэмээдэг аж.
Ийнхүү Хотогойдууд үүсэн бий болсноосоо хойш түүхэн янз бүрийн шалтгаанаар Монголын олон нутагт ойн суурьшсан бөгөөд Завхан аймгийн Баянхайрхан, Баянтэс, Тэс, Асгат, Нөмрөг, Тэлмэн сумд бүтнээр Түдэвтэй сумын Ойгон нуур баг мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Бүрэнхаан, Хатгал, Алаг-Эрдэнэ, Арбулаг, Их-Уул, Бүрэн, Тосонцэнгэл, Түнэл, Мөрөн, Баянзүрх, Арбулаг, Бүрэнтогтох, Төмөрбулаг сумдад бөөнөөр оршин сууж байна. Мөн түүнчлэн Архангай аймгийн Их тамир, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Шарга, Тонхил, Дорнод аймгийн Матад, Халх гол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнхангай, Хяргас, Малчин, Наранбулаг, Ховд аймгийн Дөргөн, Дуут, Хэнтий аймгийн Хэрлэн, Завхан аймгийн Алдархаан, Шилүүстэй, Цагаанчулуут зэрэг сумдад Хотогойд, Хотогойлог гэх овгууд бүртгэгдсэн байна. [Очир.А, Сэржээ.Ж “Монголчуудын овгийн лавлах” УБ., 1998 тал 20-32] Дээрх овгийн байдлаар бүртгэгдсэн Хотогойдууд нь түүхийн янз бүрийн шалтгаанаар тэдгээр ястны дунд шингэж, улмаар өөрийн уул овгоо мартан аймгийнхаа нэрээр Хотогойд хэмээн овоглож буй бололтой.

Мэдээллийн эх сурвалж: http://tsetsenkhairkhan_hugjil.mon.mn/index.php/home/post/23

6 responses to “Хотогойдын угсаа түүхийн товч (Хойт гойд ястнууд)

  1. Хотгойдуудаа. Та бид чинь Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Асгат, Тэс, Нөмрөг сум бүхэлдээ, Түдэвтэйн ихэнх, Тэлмэн, Яруу сумын зүүн, Идэр сумын хойд хэсэг, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Арбулаг, Мөрөн, Тосонцэнгэл, Их Уул болон Алаг Эрдэнэ, Түнэл сумын зарим хэсгийг хамарсан тусгай том ястан юм. Тиймээс юуны өмнө аливаа бүртгэл тооллогод өөрсдийгөө “хотгойд” гэж бүртгүүлж заншмаар байна. Халх гэж худал бүртгүүлэхээ больё.
    Мөн хотгойд, мянгад ястны тухай болон хошууныхаа ноёдын уг угсааны талаар судлаач Өөдөөгийн Цэрэндорж гуайн бичсэн “Цогтой вангийн хошуу, Нөмрөг уулын хошуу, Нөмрөг, Улаагчин сумын түүхийн эх сурвалжаас” гэдэг номонд бичсэн зүйлүүд надад их таалагдлаа. Өөрөө энэ нутгийн уугуул хүн болохоор газар усны нэрнээс өгсүүлээд хошуу, сумынхаа үндсэн овогуудын талаар, нутгийнхны доторх янз бүрийн хууч, домог яриа зэрэг нарийн юмыг бичсэн байна. Түүхч судлаачид түүнийг олж уншчихвал зүгээр болов уу.
    Энэ номонд бичсэнээр мянгад овогтон Хотгойдод огт хамаагүй, тэд хотгойдын нутагт түр сууж байгаад үл ялих шалтаг гаргаж эх нутаг, Ойрад ах дүү рүүгээ нүүчихсэн хүмүүс юм байна лээ.
    Мөн Хотгойдууд гэдэг чинь Байгаль нуурын баруунаар ойрадуудтай хаяа нийлэн амьдарч байгаад ойрдуудыг баруун зүгт нүүхэд хамт явж байгаад зам зууртаа үлдчихсэн нэг овог юм биш үү. Тиймээс тэдний зарим үг хэллэг нь ойрадуудтай ойрхон байдаг ажээ. Хото-гайту гэдэг монгол хэлт ястан бол хотгойдуудын ойрын төрөл байж мэдэх юм биш үү.
    Түүнчлэн Цогтой вангийн хошуу нь Дүүрэгч вангийн хошуунаас салаагүй, харин Лувсанринчин ноёныг дагаж Хөх нуурт хэдэн жил болоод буцаж ирсэн /зарим нь дайны хөлөөс дайжин зугтсан/ цөөн хотгойдууд, нутагтаа суусан хотгойдууд, халхчууд хольцолдсон ястнуудаас бүрэлдсэн гэж бичсэн нь үнэн байх магадлал илүү өндөр юм гэж би ойлгосон.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s