Монгол нутгаас хүннүгийн 5000 гаруй булш, 13 хот суурин олджээ


Хүннүчүүдийн болон Монголын тулгар төрийн түүх шастир, өв соёлыг судалж сэргээх, батжуулах зорилгоор эрдэмтэн судлаачид, иргэд, байгууллагаас гаргаж буй саналыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг 2011 онд төр ёсны их баяр болгон ёслон тэмдэглэх тухай зарлиг гаргасны дагуу энэ онд Хүннүгийн өв соёлыг олон нийтэд сурталчилан таниулсан судалгаа эрдэм шинжилгээ, соёл урлагийг хамарсан олон үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.

Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Ой тэмдэглэх Үндэсний хороо, Монголын Үндэсний Музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран “Хүннүгийн өв соёл” үзэсгэлэнг зохион байгуулж энэ сарын 26-наас 12 дугаар сарын 31-ний хооронд үзэгч олонд толилуулахаар Үндэсний түүхийн музейд нээлтээ хийлээ.

Уг үзэсгэлэнгээр Хүннү гүрний түүх, соёл, гадаад харилцаанд холбогдох гол хот суурин, хадны (сүг) зураг, монгол нутагт тархсан булш бунханы малтлагаар гарсан 300 гаруй ховор сонин олдвор, эх хэрэглэгдхүүнийг үзэгч олны хүртээл болгож байгаа юм.  Нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрнийг нийтийн тооллын өмнөх (НТӨ) 209 онд Модун Шаньюй Төв Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэн байгуулсан түүхтэй.

Тухайн цагт Хүннү гүрэн дорно зүгт Манжуурын талаас өрнө зүгт Тэнгэр уул, өмнө тийш Цагаан хэрмээс умард зүг Байгал нуур хүрсэн өргөн уудам нутагт оршин байсан хол ойрын 36 их бага улсыг нэгтгэн захирч байв.

Хүннүчүүд өмнөд хөрш хятадын Хань улсаар өөрсдийгөө эн зэрэгцэх их гүрэн хэмээн хүлээн зөвшөөрүүлж, дундад азийн хот улсуудаас татвар авч байснаас гадна Ром, Египет, Грек-Бактри зэрэг тэр цагийнхаа өндөр соёл иргэншилт хүчирхэг улс үндэстнүүдтэй өргөн харилцаж Өрнө Дорныг холбох гүүр болж байв.

“Хүннүгийн өв соёл” үзэсгэлэнд Монголын Үндэсний Музей, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Монгол Улсын Их сургуулийн Археологи-Антропологийн тэнхим, МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Археологийн тэнхимийн сан хөмрөгт хадаглагдаж буй Хүннүгийн үед холбогдох соёлын үнэт өвийн сор болсон цуглуулгыг анх удаа нэгтгэн олон нийтэд толилуулж буйгаараа онцлогтой аж. Мөн энэ үеэр Монголын Үндэсний Музей, Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгээс хамтран “Хүннүгийн өв” нэрт 300 хуудас бүхий томоохон катологи номыг монгол, англи хэлээр бэлтгэн хэвлүүллээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудал хариуцсан Зөвлөх Р.Болд, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Монголын Үндэсний Музейн захирал Ж.Саруулбуян, Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин нарын болон бусад албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид оролцов.

Хүннү гүрэн 300 гаруй жил оршин тогтнож нийтийн тооллын 1 зууны төгсгөлд мөхсөн хэдий ч баруун тийш нүүдэллэсэн хэсэг нь Ү зууны үед Атиллагаар толгойлуулсан Хүн гүрнийг байгуулан Европыг донсолгож, Хань улсад даган орсон хүннүчүүд хятадын 5 төр, 16 улсын үед хэд хэдэн бие даасан улсыг үндэслэн Азид хамгийн нөлөөтэй хүчинд тооцогдож байжээ. Тиймээс ч хүннүчүүд нь хүн төрөлхтөний түүхэнд тодоор үнэлэгдэх гавьяатай, дэлхийн түүхийг бичилцсэн ард түмэн юм.

Хүннү гүрний түүхийг өөрсөддөө хамаатуулахыг эрмэлздэг улс үндэстнүүд олон бий. Хүннүгийн угсаа гарвалыг Монгол, Түрэг хэмээн маргах нь ч их. Энэ асуудал нь Хүннү гүрэн монголиод болон европиод төрхийн, хэл, соёл өөр өөр угсаатнуудыг нэгтгэн захирч байсантай холбоотой юм.

Харин энэ улсыг үндэслэж, төрийг нь барьж байсан гол үндэстэн нь Монгол угсааны аймгууд болох нь судалгааны олон баримтуудаар нотлогдохын зэрэгцээ байгалийн шинжлэх ухааны шинжилгээний үр дүнд ч баттай тогтоогдож байна.

Тийм болохоор бид Хүннү бол Монгол, Монгол бол Хүннү хэмээн бардам хэлэх зүрхтэй, их өвгөдийнхөө түүхийг эмчлэх эрхтэй билээ хэмээн Археологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Д.Цэвээндорж үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм.

Хүннүгийн түүх соёлын судалгаа анх Хятадын бичгийн сурвалжид тэмдэглэгдсэн мэдээ баримтад тулгуурлан хийгдэж байсан ч 1924 онд Монголд Ноён уулын дурсгалыг малтан шинжилсэн цагаас биет баримт хэрэглэгдэхүүнд тулгуурласан судалгааны ажил түлхүү хийх болжээ. Өнгөрсөн 90 гаруй жилийн хугацаанд Хүннүгийн захиргаанд байсан өргөн уудам нутгаас 7000 гаруй булш оршуулга, 20 хот суурины үлдэгдэл, олон тооны хадны зургийн дурсгал илэрч тэмдэглэгдсэн байдаг.

Үүнээс 5000 гаруй булш оршуулга, 13 хот суурины үлдэгдэл, 10 гаруй газраас хадны зургийн дурсгал зэрэг Хүннүгийн нийт дурсгалын дийлэнх хувь нь Монгол Улсын нутгаас илэрч судлагдсан нь Хүннү судлалд Монгол орон ямар чухал болохыг харуулж буй жишээ юм.

Энэхүү үзэсгэлэн нь үндсэн хоёр хэсгээс бүрджээ. Нэг хэсэг нь жинхэнэ Хүннүчүүдийн өөрсдийн хийж урласан бүтээл байгаа бол нөгөө хэсэг нь Хүннү гүрэнд бусад улс орноос ирүүлсэн бэлэг, сэлт худалдааны арилжааны зорилгоор орж ирсэн үзмэр байгаа аж. Хүннүчүүд Хятадтай их өргөн харьцаатай, эн тэнцүүхэн хүчирхэг гүрнүүд байсан учраас хоорондоо бэлэг солилцох, арилжаа наймаа хийж байсан нь судалгаагаар нэлээд батлагддаг байна.

Мөн Солонгосуудтай ч нэлээд харьцдаг, баруун тийшээ дундад Ази, цаашлаад Иран, Ирак, Перстэй холбоотой байсны нотолгоо янз бүрийн хивс, Грек, Ромтой холбоотой байсны ул мөр “Мөнгөн цар” булшнаас олдсон байдаг.

Уг цар нь хоёр нүцгэн бурхад барын арьсан дээр суучихсан. Цаад талд нь хамгаалагчийг дүрсэлсэн байдаг бөгөөд МЭӨ 86 онд яг Ром хотын нэгэн байшинд ийм зохиомжтой зураг олдсон байдаг хэмээн музейн тайлбарлагч хэлж байв.

Грекийн домгийн бурхадын дүрст мөнгөн цар Төв аймгийн Батсүмбэр сумын нутгаас олджээ. Эртний Египеттэй холбоотой гоёл чимэглэлийн зүйлс нэлээд олддог байна. Шувууны дүрст чулуун зүүлт Хэнтий аймаг, хүзүүний чулуун болон шаазан зүүлтүүд Дундговь аймгаас, оюу шигтгээт алтан чимэг Архангай аймгийн Хайрхан сумын Гол мод хэмээх газраас тус тус олдсоныг музейд дэлгэн үзүүлж байна.

Хүннүчүүд холын аянд мориор удаан аялахад аяншиж ядрах, доргихоос хамгаалах, зэр зэвэсэг, багаж хэрэгслэлийг зүүх зориулалттай төдийгүй гоёл чимэглэх урлагийг харуулах, мөн нийгмийн доторх зэрэг зиндааг илтгэх бэлгэ тэмдэг болох алт, мөнгө, хүрэл, төмөр, ясан тоног бүхий арьс шир, бөс даавуун бүс их хэрэглэдэг байжээ.

Хүннү нарын бүсний тоног, ялангуяа бүсний аралд нүүдэлчдийн чимэглэх урлагийн гайхамшгийг харуулах үлэмж нарийн хийцтэй амьтны загварт урлаг босон ноцолдон тэмцэлдэж буй араатан, амьтдыг загварчилж хийсвэрлэн дүрсэлсэн байдаг аж. Зарим тохиолдолд бүсний арлыг ургамлын болоод геометрийн дүрст хээгээр чимэглэсэн байдаг байна.

Хүннүчүүд Цагаан хэрсээс Байгаль нуур, Манжуураас Тэнгэр уул хүрсэн өргөн уудам нутгийг хэдэн зууны туршид захирч байсан тул тэдний үлдээсэн дурсгалууд Монгол, Хятад, Орос, Казах, Кыргыз зэрэг олон улсын нутгаас илэрч судлагджээ. Хамгийн гол нь олдворыг үзмэр хэлбэрт оруулж сэргээн засварлах ажил нэлээд хүнд байдаг хэмээн Археологийн хүрээлэнгийн судлаачид хэлж байв. Улсын хэмжээнд сэргээн засварлах боломж маш хомс.

Асар их хүч, хөрөнгө шаардагддаг учраас хамтарч судалгаа хийсэн гадаадын түншүүддээ хандаж сэргээдэг гэлээ. Үзмэрт буй хивсүүдийг ОХУ-ын Новосибирскийн Археологи, антропологийн хүрээлэнд бүтэн хоёр жилийн турш сэргээн засварлажээ.

Археологийн олдворыг бүхэл бүтэн лаборатори ажиллаж байж сэргээн засварладаг.Манайд орон тооны 2 ажилтан байдаг. Энэ талаар цаашид төр засаг анхаараасай хэмээн хэлж байв. Үзэсгэлэнгийн хамгийн эртний олдвор нь МЭӨ 3-р зуун, МЭӨ 1 зууны үед холбогдох Ноён уулын олдворууд зонхилж байгаа юм байна.

Сурвалжийн мэдээ болон археологийн малтлагаас илэрсэн зэвсгийн олдворуудаас үзэхэд Хүннүгийн цэргийн зэвсэг нь нэлээд олон төрөл байжээ.

Тэдгээрийг зориулалтаар нь холын болон ойрын, хамгаалалтын гэж гурав ангилах боломжтой бөгөөд холын тулаанд үндсэн зэвсэг болох нум сум, ойрын гардан тулаанд илд, жад, хутгаар зэвсэглэж, хамгаалалтын төмөр, модон бамбай, арьс шир болон эсгий, төмрөөр хийсэн хэрэгслээр шуу болон шилбэний хамгаалалт ашигладаг байсныг судлаачид тэмдэглэн үлдээжээ.

Эдгээрээс хүннү нумыг онцлон дурдах хэрэгтэй. Модон үүсгэвэртэй, эвэр элэгтэй, алсын тусгалт зүймэл нум Хүннүгээс хойших Монгол нутагт оршин байсан улсуудад уламжлагдан өвлөгдсөнийг археологийн судалгаа нотолдог бөгөөд ХШ зууны Монголчууд дэлхийн талыг эзэлсний нэгэн нууц нь энэхүү зэвсэгт оршино хэмээн судлаачид үздэг байна.

Д.Догсмаа

Эх сурвалж: “Монцамэ”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s