Р.Чойном


Монгол

Монгол гэдэг зоригтон эрчүүд нь зодгон дор өсөж зогсоогоороо нөгчдөг
Зоримог сайхан эх орон
Монгол гэдэг , Сарангуа саальчин охид нь салхинд борлосон сайхан эх орон
Монгол гэдэг , Тэнгэр нь цэлмэг тэгш тал нь цэлгэр тэнд суугчид нь цэмцгэр
Тив дэлхийд хосгүй сайхан эх орон
Монгол гэдэг
уул нь өндөр ургац нь өтгөн урсгал нь тунгалаг уужим сайхан эх орон
Монголын дуу гэвэл моторын дуу биш
Морьтон залуусыг уяраасан мойл хар нүдэтнүүдийн дууг Монгол гэдгийм
Монголын дурсгал гэвэл , мөнгөн боронзтой шохойн баримал биш
Мөр нь балраагүй их цувааны зам дээр мөнхжөн үлдсэн хүн чулууг хэлдгийм

Эх орны минь уужимд нүдээн бэлчээх гэж
Эсгий гэрийн минь хойморт идээ зооглох гэж
Эртний Европын эртэй зоригтой жуулчид
Элсэн цөлөөр нь ангаж явсан мөр бий

Хүнгүй юм шиг өнгийсөн манж дайчин улсын
Хүрий нь битүү хар хилэн малгай
Хүлэг морьны тоосон дунд толгойтойгоо
Хилийн овооны бэлд өнхөрч унасан мөр бий
Энэ чинь Эзэнтэй , Эзэн нь эртэй чадалтай
Эртнээсээ Эцэгтэй Өвөгтэй
Хадан дээрээ бичигтэй Хадган дээрээ ерөөлтэй
Хаана ч Монгол л гэдэг ханагар сайхан эх орон шүү

Бөмбөрцөг минь чи хоёр хүнээр хөтлүүлсэн
Бөөр алаг үнээ шиг гайханхан зогсохдоо
Бөхөх түргэн гүйдэлтэй жижиг морио сойж
Бөхөшгүй галын дэргэд хүрэл нүүр нь гийж
Бөө мөргөлийн аяст хүчит илдээ далайсан
Бөгтөр толгойт Монгол хүний тухай сонссон уу . . . .

Ахуй баян байгальдаа Эзэн хүн шиг сэлгүүцэж
Агаар усны тунгалагтаа эрүүл чийрэг өсцгөөж
Алтан талийг алдалсан уртын дуугаа зохиож
Аюулт бэрхийг далдалсан урьдын түүхээ бүтээж
Аранзал улаан галын шаширлаж байгаа дөл шиг
Асан дүрэлзсэн сэтгэлтэй нүүдэлчин омгийг дуулсан уу . . .

Арван барааны газраас уралдах морьдын туурай
Алдлан тавих сумны оноо дуудах цуурай
Агар зандан хашлагнаас няслах сумны уухай
Асрын өмнө дэвэх хүчит бөхийн гуншин
Алаг лимбтэй хорших хоньчин бүсгүйн хоолой
Айргын сөнгийн дэргэдэх Хуа Дэмбээг сонссон уу . . .

Үгүй биз дээ Бөмбөрцөг минь Бөмбөрцөг минь . . .
Үй цагын шуурганд чичрэн дагжин эргэж
Үхэр бууны дуунд чихний нь хэнгэрэг хагарч
Үймээн ихтэй европын үгэнд хааяа хууртаж
Үсрэн дэгдэх пуужингийн үнсэнд хааяа булуулж
Үйлийн үртэй бөмбөрцөг минь эргэж хөрвөж байна уу даа

Тэгвэл Монголын тухай сонс !
Тэр чинь энд байна
Тэнэгэрхэн талаас нь ургаж төрсөн
Тэнэгхэн хүү нь шүлэглэх гэж байна сонс

Ард түмэн түүх хоёроо Алтанхан өлгий нутагаа
Алдаршуулан магтах гэж алаг үр нь болж төрлөө би
Солгой буруу үгүүдээр түрий барьдаг цуурхал
Сонин сурвалжлагч бүхний үйлс магтдаг үгс
Сохор улаан зоосны ч үнэгүй байхад бид
Соотон чихтэй морьдоороо тэнгис далайг харайж
Соёмбо үсэгтэй тугаараа даян дэлхийг сэрээж
Сонгино-ын соёо хэлбэрт эвэр нумаа гайхуулсийм . . .

Монгол гэж байсан ч юм уу ,
Байгаа ч юмуу , байх ч юм уу гэж
Барууныхан ярьдаг , ойлгодог . . .
Тэгвэл тэр Монгол гэдэг чинь байсан юм
Байгаа юм , байлгах ч гэж бид байгуулсан юм
Байгуулхаар барахгүй бахдуулсан юм
Байх байхдаа баргийн та нар биш ээ . . .
Баатрууд байсан юм

Баатруудыг та нар мэдэх үү ?

Нар салхинд онгосон нүүдэлчин омгийн цуваанаас
Нас залуу баатрууд модон дүүжинд торниж
Нанхиад улсын хэрмийг өдтэй сум шиг давж
Навчин хэлбэрт сумаар өрнө дорныг зөөж
Найман түмэн сэлүүртэй хөлөг онгоц дархлаад
Наран улсын хэл рүү сэлж явсан түүхтэй

Алтан шармал тоногтэй зандан суудалд налайж
Арван цагаан хуруундаа очир алмааз гялалзуулсан
Арабын Шахын өмнө дэлхий бөхөлзөж байхад
Арьсан цамцан дээрээ булган дээл бөхтөрч
Аргил бадриун гартаа илдийн бариул атгаад
Анчин малчны баатар хүү арчаад өнгөрсөн түүхтэй . . .

Найман зууны өмнөх суут Монгол хүн тэр
Нарийн ширмэн гөлмөн дээр ган дөрөө жийж
Намхан чийрэг морьдынхоо хур дэлэн дээр бөхийж
Наран шингэх зүг рүү суран бугуйл шидэж
Намтар түүхтэй Парисын алтан цамхагыг уургалж
Нааш цааш нь ганхуулан татаж явсан удаатай

Засгийн сүр гэдгийг дэлхий тэгхэд ойлгосон юм
Зарлиг тушаал гэдгийг европ тэгхэд ухаарсан юм
Загас ихтэй Хэрлэнгийн замганд хатаагдсан сэлэм
Зарьхай хотын илдийг хуга цохихыг үзсийм
Залуу баатар Тэмүжиний санасан санаа тэгж
Замбуу тивийн элгэн дээр хүн чулуу болж үлдсэн юм

Монгол ингэж , морьтойгоо нумтайгаан
Хөшөөтэйгээ , чулуутайгаан ,
Xөндөшгүй тэр эрхтэйгээн , хөдлөшгүй бат зоригтойгоон
Хөвчин дэлхий дээр хөл дээрээ бат зогсож үлдсэн юм

Овтой Манж шиг охидоон худалдаж
Орос орон шиг нийслэлээн галдуулаж
Тэртээгийн Америк шиг тэнэгүүдийг турхирч
Тэгж төгсөөгүй ээ бид

Утаан дунд ч морьтойгоон явж
Усан дунд ч хувцастайгаан сууж
Ууж идэхдээ ч дуулгатайгаан байж
Унтаж нойрсохдоо ч хуягтайгаан хэвтэж
Өөрийнхөө эрхийг өөрсдөдөө
Өдтэй сумаар харваж олсон юм
Өөрсдийнхөө гүрнийг өөрсдөө
Өдөр шөнөгүй хайрлан сахьсан юм . . .

Ази тив

Дурлалынхаа жинхэнэ амтанд нь согтуурч
Дууныхаа соньхон аялгуунд нь хөлчүүрч

Дун цэнхэр тэнгэрийнхээ тухай
Дуулим цагаан талыхаа тухай
Дуут өндөр сарьдагынхаа тухай
Дуулах хүслэн надад төрж байна
Гүн зузаан хөвчийхөө тухай
Гүйдэлгүй жороо мөрөн голийхоо тухай
Алдалсан ч үзүүр нь үзэгддэггүй хадагныхаа тухай
Асгасан ч сав нь цагаан үлддэг сүүнийхээ тухай
Уурласан ч зэвсэгээ үзүүлдэггүй харцынхаа хүүдийн тухай
Уйлсан ч нулимсаа үзүүлдэггүй хар нүдэтнүүдийнхээ тухай
Хүний зовлон шингэсэн чулуу бүхний тухай
Хүслийн дээж шингэсэн найргаараа би дуулнам

Хаана чи төрсөн юм бэ гэж хатан дэлхий чи асуу
Хамгийг захирдаг омог дүрээрээ хавтас нээгээд асуу
Александер Дюмагаас асуусан шигээ асуу
Альшарнаваг залууд нь асуусан шигээ асуу
Хаан судар бичсэн Предюсийг харангадуулсан шигээ асуу
Ханасан цэнгэлээс Пушкинийг хагацаасан шигээ асуу
Үлэмжийн их Байроныг үхүүлсэн шигээ асуу . . .
Энүүнд чинь би гав ганцаараа Үй түмэн шиг хариулъя

Ази тивд би төрсөн юм
Ази тив миний нутагаа
Аварга энэ орчлонгын хаанаас нь ч ахиад олдошгүй
Ази миний нутаг
Арван галавын дэнсэн дээр Арчигдаж хусагдаж явсан
Азаар дульхан дөрвөн тивийн альныг ч би тоож төрөөгүй юм
Амьсгалахад агаар нь чөлөөтэй гэж
Амьдрахад газар нь чөлөөтэй гэж
Амсахад айраг нь амттай гэж
Амархад алтанхан шороо нь зөөлөн юм гэж
Дуулхад хуур нь хөгтэй юм гэж
Дурсахад хуучин түүх ихтэй юм гэж
Дурлахад хүүхэн нь үнэнч юм гэж
Дуулимхан Азид миний бие мэндэлсэн юм
Ази тив намайг Австрали тив шиг
Араатан амьтнаар айлгалгүй хүлээж авсан юм
Ази тив намайг
Америк тив шиг алтан зоосонд
Алга тосуулалгүй хүлээж авсан юм
Ази тив намайг
Африк тив шиг ангаан цангаалгүй
Амраглан тэвэрч авсан юм
Ази тив намайг адгийн европ шиг
Алалганд дуудалгүй алгаа тосож хүлээж авсан юм
Хүний уужим сэтгэл шиг хүй цагаан талд нь
Хүү нь юм шиг дэлчигнэнхэн байж
Шунхан улаан хаяатай манхан цэнхэр тэнгэрт нь би
Шувуу нь юм шиг шулгананхан байж
Захгүй талын модон болсон зааны сүүл шиг нууранд нь
Загас нь юм шиг шумбанхан байж
Орчлон их дэлхийг тойрч явсан Ороо морьдын зоон дээр би
Онгон сахиус шиг дөрөөлөнхөн байж
Азын алтан шооны арван цагаан нүдэн дээр
Ам цагаан хулганы асаасан галын дөлөн дээр
Есөн цагаан мэнгэний нүх таарууланхан төрсөн юм би
Ертөнцийн гуа хүүхнүүдийн нүд дагууланхан өссөн юм би

Усан намаг бамбалзаагүй уужим энэ их Азийн тал
Утаа тортогт бөрөлзөөгүй урьхан хонгор миний тал
Улсын нуруу бөмбөлзөөгүй угаас чөлөөт Монголын тал
Ухааныг минь тэлэн тэлэн өсгөсөн
Уяхан замбуу тивийн минь тал нутагаа

Хомбон туурайт морьдын хурдан хөлөөр бутарсан
Цахиур хар чулуу цагаан толгойт таана
Газар тэнгэрийг холбосон Гандирсын уран балгас
Галбын улаан тэмээгээр ганхуулж явдаг нутаг
Хужир шүүгээр захалсан хуурай нуурын хонхор
Аварга матрын арьс шиг арсайн хатсан шавар
Цагын саалтанд бөхөлзсөн цагаан дэрсний түрүү
Царцаа дэвхрэг шаагсан цайдам өргөн хөндий
Дун цагаан хоньд минь дураараа бэлчдэг талбай
Дуучин Монгол бэр минь дуулж суудаг талбар
Алчуур шилбүүр хоёрын алдрын нь авсан удам
Арван есөн зууныг айрагдаж өнгөрөөсөн омог

Хорвоогийн эрээн амьдралыг хорин живаа жилийг
Хоёр хялгасандаа багтааж хоолой мэдэнхэн дуулдаг
Энэ хорвоод хосгүй эсгий туургатны нутаг
Эрээн алаг лимбэний эгшиг шингэсэн Ази
Ази тив шиг уужим тив алтан дэлхийд байна уу
Азийн тал шиг тал ахиад цаана нь байна уу
Талийн хар нүдэн шиг танхилхан зоримог охидыг
Энүүнээс өөр дөрвөн тивд үзээд өгье , дахиад байна уу

Өсөн хөлжих тусмаа өндөр болохыг хүснэ би
Өнөр баян Азийнхаа уулс шиг өсөхийг хүснэм би
Орчлон их дэлхий дээр оргил булаалдах ижилгүй
Омог сүрээрээ мандсан Гималай шиг болохыг хүснэм би
Түмэн жилийн цас мөс шиг түүх намтраа бууралтуулан
Тэргүүн дээрээ өргөн өргөсөөр тэнгэрт тулахыг хүснэм би
Алдартай явсан өвгөдийнхөө алдрыг дуулахыг хүснэм би
Аварга энэ орчлонг уяртал аялан дуулахыг хүснэм би

Хэрлэн гоожийн хөндийд хэнд ч мэдэгдэлгүй хадгалсан
Баатар Чингисийн шарилаар бахархан байж дуулнам би
Цэнхэрхээн тэнгэртээ цэцэн цэлмэг миний Ази
Түүхээн бүтээсэн түмнээ замчилсан
Цал буурал алдартнуудыг цагын саалтанд мартдаггүй юм
Хас төр нь уналаа ч Хаадаан бид муулахгүй
Хальтирч гарсан алдааг нь харааж байхыг нь дуулаагүй
Анхны сумаар онох гэж европ шиг бид онгирохгүй
Алдаж байж онодог ёсыг бид андахгүй
Их ололтыг дагаж их алдаа явдаг юм
Их хүний алдааг иргэн хүн шүүдэггүй юм
Уламжлалт ийм заншилтайгаас , уудам дэлгэр миний Ази
Урт удаан түүхэндээ Ухаантан олныг төрүүлсэн юм
Урьдын тэр мэргэдийн удам болж төрсөн юм би
Туулж өнгөрүүлсэн амьдралынх нь туурийг хатаахаар өссөн юм би

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s