МОНГОЛЧУУД СОЛОНГОСЫН ХОЙГТ ДОВТОЛСОН НЬ


13 зууны эхээр Коре-гийн Эзэнт улсад эзэн хааны эрх хязгаарлагдмал байсан бөгөөд Чой Ү хэмээх түшмэл улсын бүх эрх мэдлийг гартаа атгаж байлаа. Энэ цаг үед Алтан улсад Коран үндэстнүүд самуун дэгдээн 1216 онд Тэй Ю хэмээх жижиг улсыг байгуулан мөн үүнтэй зэрэгцэн 1217 онд Түмэн гол орчимд Зүүн Чин улс байгуулагдаад байв.

Монголын цэрэг Одоогын Манжуур орчим руу довтлоход тэдэнд хөөгдсөн Коран үндэстнүүд Коре улс руу довтлох болсон байна. 1217 онд Коранчуудын эхний удаагын довтолгоон Одоогын Канвонду аймгийн Вонжү хүртэл явагдаж эцэст нь Коре улсын жанжин Ким Чой Рё жанжны цэрэгт цохигдон ухарчээ. Удаж төдөлгүй Коранчууд 2 дахь удаагаа довтолсон боловч мөн дээрх жанжны цэрэгт цохигдон одоогын хойд Солонгосын нийслэл Пён Ян хотоос ойрхон Кан Дун цайзын орчимд бэхлэн суусан байна.

Энэ үед Монголчууд Зүүн Чин улстай холбоо тогтоон хамтарсан цэргийн хүчээр Коре улсад тусалж Кан Дун цайзыг довтлохоор болсон юм. Яг энэ үед уг нутаг дэвсгэрт асар их хэмжээний цас орон Монголчууд Коре улсаас цэргийн хүнсний хангамж үзүүлэхийг шаарджээ. Үүнд Корё улсаас 1000 уут будаа илгээсэн байна.Дараагын жил буюу 1219 онд Монгол, Зүүн Чин, Коре улсын хамтарсан цэргийн хүчин Кам Дун цайзыг довтолж Коранчуудыг сөнөөсөн байдаг.

Энэ нь Коре болон Монголчуудын хамгийн анхны уулзалт байсан билээ.

Монголчууд удалгүй элч илгээж Коранчуудыг устгаж өгсний шагнал Корё улсаас гаргаж өгөхийг шаардав. Корё-гийн хаан дургуй байсан боловч Монголын сүр хүчнээс эмээж яах ч аргагүй их хэмжээний арьс шир,гар урлалын бүтээгдэхүүн гаргаж өгсөн боловч эдгээр зүйлийг авч явсан элч Корё-гийн хил орчмын нутаг Амлуг голын орчимд дээрэмчидийн довтолгоонд өртөж алагдсан үйл явдал болллоо.

Элчээ алуулсан Чингис хаан уг хэргийн хариуцлагыг Корё-гын хаанаас нэхлээ. Корё-гын тал энэ хэрэг явдал хилийн гадна болсон явдал хэмээн хариуцлагаас бултах гэж оролджээ. Үүнээс үүдэн хоёр улсын найрамдалт харилцаанд сэв суусан байна.

Өрнө зүгийг дайлаар мордохоор завгүй байсан Чингис хаан 1227 онд нас барж Өгөдэй хаан эцгийн бодлогыг үргэлжлүүлэн дорно зүг рүү довтолж Алтан улсыг мөхөөн 1231 онд Салита жанжнаар удирдуулсан цэрэг Корё улс руу довтоллоо.

Салита жанжны цэрэг хилийн боомтуудыг эзлэн урагшилахад Корё-гын хаан өмнө зүгийн нутгуудаар тархуу суусан бүх цэргийн жанжнуудыг цуглуулж Гүжү цайзад бэхлэлт байгуулав. /одоогын хойд Солонгосын умард хэсэгт байрлах хот/

Энэ тулалдааны тухай солонгосын түүх бичигт :

“ Монгол цэргүүд цайзын хэрмийг давахын тулд үхрийн ширээр бүрсэн их оврын тэрэгнүүд бэлдэж түүнийгээ хэрмэнд тулган халхавч хийгээд газар ухаж эхэллээ. Корё цэргийн жанжин Пагсо үүнээс сэргийлж монголчуудын ухаж байгаа нүхний дээрээс нүх ухуулж түүгээр хайлуулсан халуун төмөр цутгалаа. Үүнтэй зэрэгцүүлэн монголчуудын тэрэгний хажуудах хатсан өвс рүү галт сум харваж түймэр дэгдээснээр эхний удаагын довтолгоо няцаагдлаа.

Үүний дараа монголчууд чулуу харвагч төхөөрөмж 15 ширхэгийг авчран хэрмийн хана руу чулуу харваж эхлэв. Корё цэргүүд ч өөрсдийн чулуу харвагчуудаар эргүүлэн харваж мөн энэ удаагын довтолгооныг няцаав.

Тэгмэгц монголчууд хэрмийн ханыг тойруулан хатсан өвс, мод овоолон дээр нь тос асган асааж цайзыг бүхэлд нь утаагаар утаж эхэллээ. Пагсо жанжин ч цэргүүддээ ус асгахыг тушаасны дагуу ус асгасанд утаа улам өтгөрч цайзад байгаа хүмүүс амьсгалах аргагүй болж эхлэв. Ус асгаад бүтэхгүй болмогц Пагсо жанжин аргаа өөрчилж шингэн шавар авчран асгаж галыг унтрааж дөнгөлөө.

 Монголчуудын удаах арга нь тэргэн дээр хатсан өвс овоолж өндөр газраас хэрмийн хаалга руу чиглүүлж өнхрүүлэв. Уг тэрэг хэрмийн хаалга мөргөөд зогсмогц галт сум харваж гал авалцууллаа. Цайзыг хамгаалагчид зогсоо зайгүй ус асгаж байж уг галыг унтрааж дөнгөжээ.” Хэмээн бичигдсэн байдаг юм.

Уг цайзан дээр хий дэмий цаг үрж байгаагаа ойлгосон Салита жанжин бага хэмжээний цэргийн хүчээр уг цайзыг сахиулан өмнө зүг рүү хөдлөн эзлэн түрэмгийлж эхлэв.

Корё улсын хаан байдал бишидсэнийг ойлгон төрсөн дүүгээ Салита жанжин руу илгээн ятгуулж найрамдал тогтоож дөнгөсөн байна. Салита жанжин Корё улсын хааны дэвшүүлсэн саналыг хүлээн зөвшөөрч Солонгосын хойд хэсгийн 40 цайзад хэрэг эрхлэх Монгол түшмэдийг суулган цэргээ татжээ.

Монгол цэргийг буцмагц айж сандарсан Корё-гын улс төрийн эрх мэдлийг гартаа атгаж байсан Чой Ү нь нийслэл хотоо шар тэнгисийн Кан Хуа ду арал руу яаравчлан шилжүүлсэн байдаг. Уг арал нь хойд хэсгээрээ эгц хадан хясаатай эх газраас далайн усаар тусгаарлагдсан боловч далайн түрлэгээс бусад үед хөлөг онгоц явж болохгүй гүехэн устай нэг ёсны байгаль цаанаасаа хийж өгсөн найдвартай бэхлэлт болсон газар юм. Улмаар хуучин нийслэл Кэйгён хотын оршин суугчидыг хүчээр нүүлгэн шилжүүлсэн байна.

 Энэ мэдээг сонссон Монголчууд хилэгнэн уурлаж Салита жанжныг бас дахин илгээжээ. Монгол цэрэг энэ удаа эрчимтэй урагшилж Корёгын хуучин нийслэл Кэйгёныг эзлээд Кан Хуа ду арал руу элч илгээн Корёгын хааныг эх газар луу гарч ирэхийг шаардав. Үүнд Корёгын хаан Гужун татгалзсан хариу өгмөгц улс төрийн эрх мэдлийг гартаа атгаж байсан Чой Ү жанжныг гарч ирэхийг шаардсан байна. Гэвч Чой Ү жанжин ч үүнд татгалзсан хариу өгөв. Далай тэнгист мэдлэггүй монголчуудын хувьд тэнгисийн ус ямар ч цэргийн их хүчнээс илүү хаалт болж чадаж байлаа.

Монгол цэрэг морины амыг өмнө зүг рүү эргүүлж одоогын Сөүл хотыг эзлэн Хан мөрнийг гаталсан байна. Ингээд одоогын Кёнги ду аймгийн Юнин хотын дэргэд Чоин цайзын төлөөх тулалдаан болжээ. Уг цайзад монгол цэргүүдэд цохигдон ирсэн Корё цэргүүд, ойр хавийн нутгийн иргэд цуглан цайзыг хамгаалж байлаа.

Эдгээр хүмүүсийг ойрх нутгийн жижигхэн сүмийн лам Ким Юн Хү хэмээгч удирдаж монголчуудад хатуу эсэргүүцэл үзүүллээ. Энэхүү цайзад Корё улсын хүнс тэжээлийн хангамжийн төв агуулахууд байсан бөгөөд довтлогч, хамгаалагч аль аль тал нь цайзын эзлэгдэх үл эзлэгдэхээс асар их зүйл шалтгаалахыг сайн ойлгож байлаа. Тулалдаан ид явагдаж байх үеэр Салита жанжин өөрийн биеэр тулалдааны тэргүүн эгнээнд гарч тулалдаж байгаад харвасан суманд оногдон нас баржээ. Корёчуудыг бас нэгэн удаа тэнгэр бурхан харж үзжээ. Жанжнаа алдсан монголчууд эргэж буцсанаар Монголчуудын 2-р довтолгоон өндөрлөсөн байна.

Монгол цэргүүд буцан явмагц Гужун хаан Ким Юн Хү ламыг ордондоо дуудан уулзаж:

-“ Салита жанжныг харваж алсан хүн өөрөө юу? Энэ гавъяаг чинь шагнаж гүнгийн зэрэг дэв олгоё

Хэмээн хэлэхэд Ким Юн Хү лам:

-Өчүүхэн миний бие хэрхэн ганцаар уг гавъяаг үүрч болох билээ. Энэхүү гавъяа нь Чоин цайзыг хамгаалсан нийт иргэдийн гавъяа билээ. Мөхөс миний биед ахадсан шагнал байна. Өршөөж ажаамуу

Гэж хэлэн олон түмнийг гайхшруулсан байдаг юм.

Монголын эзэнт гүрний эзэн хаан Өгөдэй 1233 онд Зүүн Чин улсыг мөхөөж дараа жил нь Алтан улсыг эзлээд 1235 онд Өмнөд Сун улсыг дайлаар мордож байхдаа цэргийн нэг хэсгийг Корё руу довтлуулав. Монгол цэрэг энэ удаагын довтолгооноороо Канхуа ду арал руу нэвтэрч орж чадалгүй хэвээр үлдээн Корё улсын нийт нутаг дэвсгэрийг эзлэн авч галдан шатааж түйвээж байгаад Корёгын хаан Гужуныг өөрийн биеэр бараалхаж гэм нүглээ наманчлах ам өчгийг нь аваад буцсан байна.

Гэвч Гужун хаан мөн л амлалтаа биелүүлж зүрхэлсэнгүй. Өгөдэй хаан Корё улс руу довтлохоор төлөвлөж байх үедээ 1241 онд насан эцэслэж хаан хөвгүүдийн хооронд хаан ширээний төлөө тэмцэл 5 жилийн турш өрнөсний эцэст Гүюг хаан 1246 онд хаан ширээнд залагдав.

Үүний дараа жил Амган жанжнаар удирдуулсан монгол цэрэг Корёгын умард нутгыг эзлэн түйвээсэн боловч их хаан нас барснаар нутгын зүг хөлгийн жолоог залсан байдаг. Энэхүү монголчуудын 4 дэх довтолгооноор Корё улсын хувьд онцын их хохиролгүй болсон гэж үзэж болох юм.

1253 онд Монгол жанжин Эйгүгийн цэрэг урьдын адил Корёгын хааныг эх газар луу гарч ирэх шаардлага тавин Корё улсыг довтоллоо. Энэ удаа Монгол цэргийн урагшлах замд Чүнжү уулын цайз ихээхэн эсэргүүцэл үзүүлсэн байдаг юм.

 Уг цайзыг урд нь Чоин цайзын төлөө тулалдаанд гавъяа байгуулсан Ким Юн Хү жанжины цэрэг хамгаалж байлаа. Ким Юн Хү жанжин цайзын хамгаалалтанд оролцож байгаа иргэдээс гавъяа байгуулсан бүх хүнийг боол, энгийн иргэн ялгалгүй гүн бээсийн зэрэг олгоно хэмээн амлаж урам зоригыг нь сэргээн цайзын хамгаалалтыг урьдын адил сайн зохион байгуулж байв. Уг цайз бүслэлтэнд ороод 70 хонож байхад Гужун хаан Монголчуудын шаардлагыг хүлээн авч эх газар луу гарч ирэн Эйгү жанжинтай уулзсанаар цэргээ эргүүлэн татжээ.

Коре улсын хаан болон улс төрийн эрх мэдлийг гартаа атгагч Чой жанжины засгийн газар Монгол цэрэг буцаж яваад байхад нийслэлээ эх газар луу шилжүүлэхгүй байснаас Жаралтай жанжнаар удирдуулсан 5000 цэрэг довтлон орж ирлээ. Энэ удаад Монголчууд урд урдаас илүү харгис байсан бөгөөд 200000 хүнийг олзлон авч явж түүнээс олон хүнийг алж устгасан гэдэг. Монгол цэргийн явсан газар болгон үнс нурам булж байлаа гэж Корегын түүх сударт тэмдэглэгдэн үлджээ. Корегын хаан Мөнх хаанд элч илгээж цэргээ татахыг гуйж гувшсанаар Монголчуудын 6 дахь довтолгоон зогсож буцаж явсан гэдэг.

Гэвч Коречууд жил болгон их хаанд өргөн барьдаг байсан албан татвараа 1257 онд өргөн барьсангүй.

Монгол цэрэг Жаралтай жанжнаар удирдуулан дахин Корег довтолж Солонгосын хойгыг нийтэд нь гишгэлэв.

Энэ үед Корегын канхуа ду арал дээр оршин тогтнож байсан хааны ордонд улсын эрхийн төлөө тэмцэл өрнөж өнгөрсөн хугацаанд эрх мэдлийг атгаж байсан Чой жанжны угсааныхан 60 жил төр барьсны эцэст зайлуулагдав. Шинээр төрийн эрх барих болсон хүчнүүд Монголтой найрамдлын гэрээ байгуулахаар яаравчилж үр дүнд нь тэр жилийн 5 сард Гужун хаан өөрийн хүү Вонжуныг Монголын хааны дэргэд суулгахаар тохиролцсоноор Монгол цэрэг буцан явжээ. Гужун хааныг нас барахад Монголын их хааны дэргэд сууж байсан түүний хүү Вонжун хаан болсноор Монголын эзэнт гүрэнтэй найрсаг харилцааг өрнүүлснээр Корёгын жанжнуудын дургүйг хүргэж хаан ширээнээсээ зайлуулагдсан боловч Монголчуудын дэмжлэгээр дахин хаан ширээндээ сууж чадсан байна.

Энэ цаг үеэс эхлэн Коре улс нь үнэн хэрэгтээ Монголын эзэнт гүрний нэгэн бүрэлдэхүүн хэсэг болсон гэж үзэж болох юм. Монголчууд Солонгосын хойгыг эрхэндээ байлгахын тулд баруун зүүн хэсэгт Корёг эрхлэх газрыг байгуулж эндээс улсын хэрэг явдлыг хянан зохицуулж байлаа.

Мөн Солонгосын хойгын өмнөд хэсэг дэх Чэйжү ду аралд агт морьд өсгөж байснаас одоог хүртэл уг аралд монгол морь олон тоогоор өсгөн үржүүлдэг билээ.

Мөн Вонжун хаан Хубилай хааны охиныг хатан болгон авснаар Корё улсын үе үеийн хаад Монголын хааны удмын гүнжийг хатнаа болгон авах ёс тогтсон байдаг. Корёгын хан хөвгүүд Монголын хааны дэргэд барьцаа болон суух болсон юм. Сонирхолтой нь Монголын их хаадын дэргэд барьцаа болон очсон хан хөвгүүд Монголчуудыг үзэн ядахын оронд харин ч эсрэгээр Монголчуудад элэгтэй хүмүүс болон ирдэг байжээ.Корё улсын сүүлчийн хаан гэж хэлж болох Гумин хаан эдний нэг байсан бөгөөд өөрийн хайртай монгол хатан Нугуг тэйжан гүнжийг нас барахад уй гашууд автан үхэн үхтлээ өөр эмэгтэйтэйтэй ойртолгүй өдөр шөнөгүй эмгэнэн гашуудсан байдаг. Гумин хаан нь долоо хоног болгон талийгаач хайрт хатныхаа шарил дээр очиж өдөржин мөргөл үйлдэн ярьж суудаг заншилтай байсан гэдэг. Тэр ч байтугай ордны ихэс дээдсүүдийг хатныхаа шарил дээр очиж мөргөл үйлдэх өдрийг нь тогтоож өгсөн байдаг юм.

www.mglradio.com

солонгос мэдээ булан

One response to “МОНГОЛЧУУД СОЛОНГОСЫН ХОЙГТ ДОВТОЛСОН НЬ

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s