МОНГОЛЫН ИХ ХАТДЫН НУУЦ ТОВЧОО


Монголын эзэнт гүрний эриний ихэнх үеүдэд буюу 1206-1368 он хүртэл Чингис хааны Боржигон овгийн язгууртан эмэгтэйчүүд өөрсдийн эрэгтэй хамаатнуудын явуулж буй төвлөрсөн засаглалын эсрэг тасралтгүй эсэргүүцэл үзүүлсээр иржээ. Эмэгтэйчүүд газар нутгаа хамгаалан харийн дайсантай тулалдаж, бүр зарим нь дайнд амь үрэгдсэн ч гэлээ тэдний охид, ач зээ охид нь Чингис Хааны өвлүүлж үлдээсэн эрх мэдлээ хамгаалан тэмцлээ үргэлжлүүлсээр байлаа.

Хаан язгуурт эмэгтэйчүүдийн зүй ёсны байр суурийг үл хайхарч, улмаар бараг үгүй хийснээр Хаант улс доройтож, задарч мөхөв. 1368 он гэхэд Монголчууд газар нутгаа алдаж, ичгүүртэйгээр тал нутагтаа зугтан ирж, урьд урьдынхаасаа ч илүү харгис хэрцгийгээр дахиад л өөр хоорондоо дайсагнан тэмцэлдэж эхэллээ. Хэрүүл маргаан, үзэн ядалт, нэг нь нэгнийгээ уулгалан дайрах явдал үргэлжилсээр дахин нэг зуун өнгөрч, 1470 онд санаандгүй шинэ хатан гарч ирэв. Мандухай Сэцэн хатан хүний хөлд гишгэгдэн дарлагдсан Монголын тугийг дахин мандууллаа. Тэр Монголчуудын мартагдсан ухамсрыг сэргээв. Тэр Монгол үндэстнийг буцаан эмхэлж, шинэ төр байгуулав. Гэвч дараа нь өмнөх Монгол хатдын адил байгууулсан гавъяаг нь хэн ч үл хэрэгсэн, түүнийг мартаж орхисон юм.

“Бэрхшээл биднийг сонгож, харин түүнийг хэрхэн давах аргыг бид сонгодог гэж Монголчууд үздэг. Хувь заяа боломж, азгүйтэл хоёрыг бидэнд зэрэг авчирч, ийм санамсаргүй үед бидний амьдралын баатарлаг үйлс тодордог” хэмээн Чингис хаан үздэг байв.

Монголчууд, тэр дундаа Чингис хаан, хувь хүнээс гарах гэнэтийн бөгөөд урьдаас таамаглашгүй баатарлаг эр зоригт маш их ач холбогдол өгдөг байжээ. Ийм үед л зөвхөн хүний онцлог шинж чанар ч биш, сэтгэл зүрх нь илэрдэг байжээ. Хүмүүс ихэвчлэн айхаараа хөдөлгөөнгүй болох юмуу, эсвэл ямар нэг зөв шийдвэр гаргаж чадахгүй сандардаг. Харин жинхэнэ эр зоригтон алдаж бүтэлгүйтэх нь их ч гэсэн, үйл хэргээ зогсолтгүй үргэлжлүүлэн хийдэг. Тийм хүн Бурхнаас адисласан, тэнгэрийн тэтгэсэн, хатуу, чанга, цуцашгүй дотоод сэтгэлийн эрч хүчээр дүүрэн баатар хүн байдаг байна. Монгол хэлэнд баатар гэдэг үг үйл хөдлөлөөс илүү хүний хүсэл эрмэлзлийг тодорхойлно.

Чингис Хаан хувийн ашиг хонжоо харалгүй, амь бие ч хайхралгүйгээр цаг алдалгүй, шийдэмгий хөдөлж чаддаг тийм эр зоригтой баатар хүнийг өөртөө хүчин зүтгүүлэхийг байнга эрмэлздэг байжээ.

Монголчуудын хувьд ер бусын хүч тэнхээтэй Грекийн баатруудаас ялгаатай тал нь баатар хүн эр эм, хөгшин залуу хэн ч байж болох ба заримдаа саяын Алтани шиг хүүхэд ч байх тохиолдол олонтаа байлаа. Хамгийн гол нь баатар хүн ямар ч гэр бүлээс төрдөг байв. Харин ЧингисХааны олж мэдсэнээр баян чинээлэг, баян язгууртан, эрх мэдэл бүхий гэр бүлээс баатар олдох нь ховор байлаа. Тэрээр баатар хүний сүр хүчинд илүү ач холбогдол өгч цэрэг арми, улс төрийн тогтолцоогоо ийм баатруудаар хүрээлүүлэн бий болгожээ. Түүний хувьд ийм баатарлаг элитүүдээр удирдуулсан төр жинхэнэ төгс төгөлдөр төр засаг байв.

Энэ утгаараа Чингис хаан, язгууртнууд удам залган төрдөг гэсэн үзэлд итгэдэг бусад удирдагчдаас тод ялгардаг байв. Эртний овгууд талын аймгуудыг үеийн үед ноёрхож, эрх мэдлийг өвөг дээдсийнхээ үйл хэрэгээс өвлөгдөн ирсэн салшгүй эрхээ гэж үздэг байжээ. Чухам ийм хандлага, түүнээс урган гарсан үйлдэл нь ямарч саад тотгороос илүүтэйгээр Чингис Хааны амьдралд чөдөр болж байлаа. Удам залгасан язгууртнууд түүний мөнхийн дайснууд байсан ба тэрээр өөрийн хураан цуглуулсан жинхэнэ баатар язгуутнуудаараа дайснаа дарахыг эрмэлздэг байв. Амьдралынх нь туршид Чингис Хааныг харийн хүн, доод зиндааны хүн мэтээр харьцаж иржээ…

Зүтгэл баялгаас илүү, үнэнч сэтгэл мөнгөнөөс илүү.

Чингис Хаан ан хийж буй шонхрын дүрсийг овгийнхоо сүлд тэмдэг болгон ашиглав. Учир нь урьд өмнө нь түүний дээд өвгөдийнх нь нэгийг хоёр ах нь хар нутагтаа хаяад явахад шонхор шувуу хамт байж, эзэндээ ан ав хийж өгч, амийг нь аварч байжээ. Анч шонхор нь дандаа эм шонхор байдаг байв. Тэдний биеийн жин, хэмжээ нь эрээсээ гучин хувь илүү учраас илүү том ан барьж, үр зулзагаа ч сайн тэжээж, бас илүү сайн анч гэгддэг байжээ.

Монголчууд уулыг Мөнх Хөх Тэнгэртэй холбоотой учир эр хүйстэй гэж, усыг Газар Эхийн амин судас хэмээн эм хүйстэй гэж үздэг байсан. Хэрэйдийн хааны орд өргөө нь ч, цэрэг дайчид нь ч маш ойрхон байх тул энэ удаа Чингис Хаан Бурхан Халдун руу зугтах нь төдийлөн найдлагагүй гэж үзэн, алс халхын голын ойролцоо аюулгүй газар хайн зүүн зүг рүү дутаав.

Халх гол болон Балжун нуурын дэргэд тохиолдсон явдал зөвхөн Чингис Хааны улс төрийн хувь заяаг эргүүлээд зогсохгүй,түүний дотоод ертөнцийг асар их өөрчилсөн юм. Тэрээр амьдралынхаа ихэнх хэсгийг эцгийнхээ нутагт өнгөрөөж, харин эхийнхээ нутагт ирж амь аврагдсан билээ. Тэрээр амьдралынхаа туршид эр хэмээгдэх уулыг шүтэн биширч дотоод сэтгэлийн тус дэм хүсдэг байсан боловч энэ удаад эм хэмээгдэх ус мөрөн түүнийг аварсан юм. Энэ үеэс хойш Чингис Хааны хэлсэн үгнүүд дотоод сэтгэлийн ийм хосолмол шинжийг илэрхийлэх болсон байдаг.

Хүн бүрийн хувь заяанд Тэнгэр эцгийн хүч чадал, Газар эхийн аврал хамгаалал хоёул хамт дэм тус болж байдаг хэмээн тэр шинээр ухаарсан байлаа. Чингис Хаан амжилтынхаа эх үндсийг “Тэнгэр, Газрын тэтгэсэн хүч чадал” гэж дүрсэлжээ. Нууц товчоонд дурдсанаар, түүний урам зориг ба хувь тавиланг “Эрхт Тэнгэр зааж”,гэхдээ “Эх Дэлхий биелүүлжээ”. Тэнгэр хүч хайрлаж, Газар тэтгэв. Хүн бүхэн Тэнгэрийн хүчийг хүртсэнээр хүсэл, тэмүүлэл, зорилго дүүрэн байх авч зөвхөн Газар Дэлхийн тууштай бишрэлт зүтгэлийн үр дүнд эдгээр хүсэл тэмүүлэл нь бодит үнэн болон хувирдаг ажээ. Хорвоо дэлхий нь дээд тэнгэр, огторгуй болон доод газар уснаас бүрддэг. Бид Газар Эхийн өвөрт амьдарч, түүнийг заримдаа Далай Ээж гэж дууддаг учир нь тэрээр усаараа газар дэлхийг дэвтээж, амьдрал хайрладаг болохоор тэр юм.

Газар эх амжилт гаргахад тусална, эсвэл саад хийнэ. Тэр ан амьдтыг хянаж, Чингис Хааныг ангийн олзтой явах эсэхийг хүртэл шийднэ. Тэрээр амьдрал тэтгэгч усаа, хүртээнэ, эсвэл хайр найргүй хатаана. Нэг бус удаа аюулд орсон үед нь Газар Эх түүнийг ой шугуйдаа, гол мөрнийхөө усанд, хад чулууныхаа энгэрт, харанхуй нөмөртөө ч нууж амийг нь аварч хамгаалж байсан билээ. Амжилт зөвхөн хоёуланг нь тааруулж хослуулбал ирдэг аж. Тэнгэрийн эрч хүчээр дүүрэн хүнд Газар эх тэрхүү эрч хүч зорилгыг нь биелүүлэх арга замыг зааж өгөхгүй бол тэр хүн нэг бол бүтэлгүйтэн доройтдог, эсвэл цагаасаа өмнө үхдэг аж. Үүнтэй адил, хэрэв Газар эх түүнийг хамгаалан, эр чадлыг харамгүй өгсөн байлаа гээд Тэнгэр хүчээ хайрлаагүй бол тэрхүү чадлаа хэрхэн төвлөрүүлж хэрэглэхээ мэдэхгүй байх билээ.

Арга, билгийн тэнцвэрт байдал нь Чингис Хааны улс төрийн стратеги, тактикт тэргүүлэгч зарчим нь, түүний ертөнцийг харах дотоод сэтгэлийн толь нь байв. Энэхүү үзэл баримтлал нь Мөнх Хөх Тэнгэр ба Газар Этүгэн Эхийг шүтэх ёсонд үндэслэсэн сэтгэл зүрхний болон шашны зохицуулалтыг бий болгожээ. Энэ хоёр хүчийг эн тэнцүү байлгах нь хувь хүн, гэр бүл, цаашлаад бүхэл бүтэн улс үндэстний оршин тогтнох нөхцөл аж.

Чингис Хааны хувьд энэ хосолмол чанарыг зохицуулах, зөв тэнцвэрийг олох явдал бол насан туршийнх нь зорилго болсон юм. Уулс нь газрын яс бөгөөд эр хүйстэй, тиймээс өндөр уулсыг үргэлж ХААН гэж цоллох бөгөөд хэзээ ч хатаж ганддаггүй гол, нууруудыг ХАТАН хэмээн өргөмжилжээ…

..Хуралдай дээр албан ёсоор санал хураалт явагдахгүй. Нүүдэлчид хуралдайд ирсэн буюу ирээгүйгээрээ саналаа өгдөг байлаа. Ирсэн нь Чингис Хааныг, шинэ төрийг дэмжиж байгаагаа илэрхийлж буй хэрэг. Тэдний ихэнх нь урьд Чингис Хаантай хамтран тэмцэж, зарим нь түүний эсрэг дайтаж байсан аж. Олонхи түүнтэй хамт ялалт байгуулж байсан бол зарим нь түүний цэрэгт ялагдаж байжээ. Гол хүрээгээ тойруулан ижил загварын арван хоёр хүрээ, нийт арван гурван хэсэг гэр хүрээ байхаар бодож барьдаг ажээ.

Чингис Хаан эзлэгдсэн газар нутгуудаа өөрийн хатдад хувааж өгчихөөд одоо дахин шинэ аян дайн эхлүүлэхэд нь түүнд шинэ холбоотнууд хэрэгтэй байв. Энэ зуны ажлын нэг том хэсэг нь ураг барилдуулан холбоо тогтоох асуудал байсан бөгөөд зарим хүмүүсийн гэрлэлтийг баталж, мөн өмнө нь гэрлэсэн хосуудыг албан ёсоор батлан зөвшөөрөв. Дайн хийж ялсан Чингис Хаан ураг барилдах замаар бат бөх холбоо тогтоож амар тайван орчин бүрдүүлэхийг хичээх болов.

Хайр сэтгэлээс үүрэг илүү чухал байсан бөгөөд баатар хүн үргэлж гэр бүл, улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ хайр сэтгэлээс дээгүүр тавьдаг байлаа. Чингис Хаан, Бөртэ хоёр хайр сэтгэлээр гэрлэсэн бол хүүхдүүдийнх нь хэнд ч тийм боломж олдоогүй билээ. Бүгд л төр улсаа бодон гэрлэж, яваандаа хайр сэтгэлтэй болно хэмээн найдаж байв. Гэвч Чингис Хааны охид, хөвгүүддээ учруулсан сэтгэлийн золиос нь түүний охидтой гэрлэсэн эрчүүдийнхтэй харьцуулахад шалихгүй зүйл байсан юм.

Чингис Хаан хүргэддээ удаа дараа хамгийн аюултай даалгавар өгөн, байн байн явуулж байснаас тэд амиа алдах нь элбэг байв. Ихэнх нь урт хугацаагаар гэртээ харих боломжгүй болно. Жирийн малчин айлын хүргэн бол хадмындаа ажил хийж сурдаг бол Чингис Хааны хүргэний хувьд богино хугацааны гэхдээ ихэвчлэн үхлийн аюултай даалгавар авдаг байв.

Хэрэв Чингис Хаан охидынхоо хэн нэгийг аль нэг овгийн удирдагчтай гэрлүүлэхээр сонговол тэр овгийн нэр хүнд өсч бодит ашиг тус хүртдэг байлаа. Гэвч хүргэний хувьд тэр алдар нэр нь бараг үхэх ял авсантай адил байв. Өөрийн овгийг хөгжүүлэн мандуулсны хариуд тэрээр өөрийгөө золионд гаргаж байгаатай бараг адил.

Охид нь овог аймгийнхаа “зууч, эвлэрүүлэгч, төлөөлөгч” болж байв. Хатан гэдэг нь хүч чадал, хатуу чанга гэсэн утга юм. Монголчууд эцэг хүн эр бэлгийн эсээрээ үр хүүхдийнхээ ясыг бүрдүүлж, харин эх хүн мах, цусыг нь бүрдүүлдэг гэж үздэг. Ингэж эр удмыг эцгийн яс гээд, нийт удам угсаагаа эхийн сав гэсэн утгаар ураг гэж нэрлэсэн ажээ. Тэрээр өөрийн хаан угсааг Алтан Ураг гэж нэрлэжээ.

Хүүхдийн яс хэрхэн бүрэлдсэн нь ямар эхийн саваас мэндэлсэн гэдгээс бага ач холбогдолтой байв. Гагцхүү эцэг, эх нь үр хүүхдээ өсгөж чадсан нь л чухал.

Эмэгтэйчүүдийн талаар гаргасан хууль цааз нь үзэл санаа болон дотоод итгэл бишрэлээс илүү түүний хувийн туршлага болон нийгмийг эв түнжинтэй болгон зохицуулан удирдах бодит хэрэгцээ шаардлагаас урган гарсан байна. Эр эм, тэнгэр газар, нар сарны хослон зохицох жам ёсны шинж нь нийгэмд болон гэр бүлд эрчүүд, эмэгтэйчүүдийн харилцаанд бодит биеллээ олжээ.

Чингис Хааны ойр байсан эмэгтэйчүүд түүнд урам зориг төрүүлдэг байлаа. Тиймээс хаан тэднийг баярлуулахыг байнга хичээдэг байв. Тэрээр “Миний хатад, бэрүүд, охид бүгд өнгө жавхаатай, гал мэт гэрэлтэй. Тэдний уруулыг балаар амтлан, биеийг нь алтан хувцасаар чимж, хурдан морь унуулж, хурын цэнгэг ус уулгаж, малыг нь өвстэй нугад бэлчээж, зам харгуй, бэлчээр талыг нь хогийн ургамал, өргөст цэцэгнээс цэвэрлэх нь миний туйлын зорилго бөлгөө” гэж хэлсэн байна.

Чингис Хааны эх болон эхнэрүүд нь шинэ улс орныг захирахад, мөн түүний хүртээх ашиг тусыг бүрэн эдлэхэд нас нь дэндүү хөгшдөх болсон хэдий ч тэдэнтэй адил чадварлаг байж чадах дараачийн шинэ үеийн эмэгтэйчүүд түүнд байсан юм. Талын овог аймгуудыг нэгтгэсний дараа Чингис Хаан өөрийн анхаарлыг гадаад улс орон руу чиглүүлэх болсон үед эзэнт улсаа хилээс чанагш засан тохинуулах илүү чухал үүрэг эмэгтэйчүүдэд ноогдов.

Чингис Хааны гайхамшигт амжилт нь ямар нэг нууц технологиос биш, харин түүний онцгой хүсэл тэмүүлэл, хүний хүчийг зөв зохион байгуулах авъяас чадвараас нь үүдэлтэй ажээ.

Хэмжээгээр хэд дахин том цэрэгтэй тулалдахад, тэрээр бүх дайчдынхаа ур чадварыг, дайчлах хэрэгтэй байв. Ингээд 1206 онд тэрээр хууль цааз тогтоож, төрөө эмхлэн байгуулаад эх, эхнэрүүд, ялангуяа охиддоо онцгой үүрэг хариуцлага оноов…

..Хорвоо дэлхий эзнээ хайж, хүлээж байгаа мэт байлаа, гэвч дэлхийн түүхийн дараачийн эрин үеийг тодорхойлогч эзэн нь умард зүгийн хөлдүү тал нутгаас морь унан, нэхий нөмөрч, мах, сүү ханхлуулан гэнэтхэн гарч ирнэ чинээ хэн ч санасангүй. Газарзүйн төв байрлалыг эзэлсэн, бүх төрлийн шашныг нэвтрүүлж, олон зүйл бараа таваар худалдан арилжаалдаг Лалын шашинтнууд соёл иргэншлийн үндсэн цөм болж байв. Гэвч өмнөх зуунуудад нийгмийн байдал цаг ямагт хувьсан өөрчлөгдөж жижиг язгууртнууд, жанжид, дээрэмчид бие биенээ уулгалан дайрч, бусдыг хүчээр гэрлүүлэн холбоотон болж, урваж шарван хэмлэлдэж, дэлхийг олон зуун өөдөс болгон хуваажээ.

Тэдгээр нь тус бүрдээ цаг ямагт хувьсан өөрчлөгдөх өөрийн гэсэн иргэншилтэй хэдэн улсыг дотроо агуулж байв. Гэхдээ бүгд хөгжил дэвшилээрээ Лалын ертөнцөөс хоцорч байлаа. Викингүүд Америкаас Газар дундын тэнгис хүртэлх эрээвэр хураавар газар нутгийг захирч, Түрэгүүд төв Ази болон Энэтхэгт олон хаант улсуудыг байгуулж байв. Зөвхөн Арабуудыг л жинхэнэ олон улсын соёл иргэншилтэй гэж хэлж болохоор байв.

Гэсэн хэдий ч 1206 онд Арабууд нийтээрээ ухарч эхлээд байлаа. Төв Азийн зүгээс Түрэгүүд Арабын нутаг руу түрэн нэвтэрч, Арабын Лалын шашныг авсан боловч, дүрэм журмыг нь үл хэрэгсэв. Европчууд Арабуудыг Ибирээс бараг хөөж гаргасан бөгөөд Христийн шашинт загалмайтан дайчид Исламын цөм болсон Ариун Оронд маш том дайн дэгдээсэн юм. Арабууд Курд болон бусад үндэстний тусламжтайгаар Лалын шашны төвийг загалмайтан дайчдаас хамгаалан үлдэж чадсан хэдий ч маш хүнд шархдаж, хүч чадал нь ихэд суларсан байлаа.

Монголд хуралдай чуулж байх үеэр Загалмайтны дөрөвдүгээр аян дайныг өдүүлсэн цэргүүдийн Лалын ертөнцийг сүйрүүлэх гэсэн зорилго нь бүрмөсөн бүтэлгүйтэж, оронд нь Византийн христийн үнэн алдартны шашинтнуудыг цөмлөн тонож, хоморголон устгаад Венец болон Европын бусад боолт руу ухран сэлж байлаа. Тэд Европын хамгийн эртний соёл иргэншилт хотуудаар дайран өнгөрөхдөө гутамшиглан бузарлаж, тонон дээрэмдэж, галдан шатааж байв. Тэд үнэн алдартны шашны Патриархийн суудалд хөлсний этгээд суулгаж, сүм дуганы хананаас алтыг нь ховхолж цохин, эртний гар бичмэлүүдийн хавтаснаас эрдэнийн чулууг салган хамаж аваад, дэлхийн хамгийн том номын сангийн номуудыг шатааж устгажээ. Тэд эртний үнэт эдлэлүүд, залуу онгон охидыг, гэлэнмаа нарыг хүртэл хүүхдийн тоглоом мэт хувааж авав. Византийг устгачихаад, тэд төд удалгүй Еврейчүүдийг устгаж, тэдний шашин ороогүй байгаа болон Ромд зөвшөөрөгдсөнөөс өөр Христийн шашны үзэл номлолыг дагаж зүрхэлсэн Европчуудын эсрэг бага хэмжээний дайн эхлүүлсэн юм.

Дайсагнагч овгууд Япон, Солонгос, Европ, Өмнөд Азийн нийгмийн үндэс суурийг байнга хагалан бутаргаж, феодал ноёдын өөр хоорондын хүчтэй сөргөлдөөнд нийгэм донсолж байв. Төрийн болон шашны удирдагчид өөр хоорондоо тэмцэж, нэг нэгнээ алж, хүүхэд хулгайлан, барьцаа нэхэх нь ганц чаддаг зүйл нь болоод байв. Лалын шашинтнууд баруун зүгт Христүүдийг, зүүн зүгт Хиндү болон Буддын шашинтнуудыг, мөн хаа сайгүй тэрс үзэлтнүүдийг шахаж, хавчиж байв. Христчүүд хүн бүхэнтэй, гэхдээ ихэвчлэн өөр хоорондоо тэмцэлдэж, хамба лам нар нь бие биенээ дайрч, пап лам нар нь хаад сүм хийдийг удирдах эрхийг нь хасч, хаад нь эргээд пап лам нарын эсрэг хуйвалдаан зохиож байв.

Монголчуудын түүхэн эрин үед Хятад улс дэлхийн соёл иргэншлийн төв болсон билээ. Тэр болтол Хятад улс бусад улс орноос асар их тусгаарлагдсан бүсийн хэмжээний эрх мэдэлтэй байсан ба эзэнт гүрнүүд, том жижиг янз бүрийн хэмжээний хаант улсууд байнга өөр хоорондоо тэрсэлдэн нэг нь дангаараа удаан хугацаанд ноёлон захирах боломжгүй байв. Хойд зүгт Монголчууд хуран чуулж байхад, Хятад соёл иргэншлийн төвд жаран сая хүн ам байлаа, Хятадын хойд хэсэгт Манжийн Зүрчид овгийнхон Чин гүрний тавин сая иргэдийг удирдаж байв. Перс болон Хятадын хоорондох Торгоны Замыг Түвдийн садан төрөл болох Тангудын Ся Си Гүрэн захирч, алс баруун хязгаарыг Хар Хятад эзэрхэн сууна. Түвд нь өмнө зүгийн олон бие даасан овог аймгууд болон жижиг хаант улсуудын адил тусгаардлагдсан бүс хэвээр байлаа. Гэхдээ тэд бүгдээр тун удалгүй Чингис Хааны Монголчуудын өмнө өвдөг сөхөрсөн юм…

Алт, мөнгөн чимэг зүүлт, үнэт эрдэнийн чулуу өнгө чимэг нэмэхээс гадна анх үүссэн газартайгаа холбоотой ямар нэг оюун санааны утга агуулах ба хэдий чинээ хол газар хэрэглэгдэж байна, төдийчинээ үнэ цэнэтэй болно.

Чингис Хаан эр зориг, хүч чадал, саруул ухаан төдийгүй бусдыг араасаа эрхшээн дагуулах онцгой чадвараараа овог аймгуудыг нэгтгэж чадсан билээ. Харин тэднийг өөртөө ямагт үнэнч байлгахад хүчирхэг цэрэг дайчид болон бусад аймгуудтай ураг барилдан холбоо тогтоох арга хангалтгүй байв. Мөнх хөх тэнгэрийн ивээлд буйгаа харуулахын тулд тэр улс арддаа шинэ эд баялаг олж өгөх хэрэгтэй байв. Тэдний өөрсдөө олж авч чадахгүй, хуучин удирдагчид нь ч чадаагүй шинэ соргог зүйлс олж, тэднийг дэлхийн зах зээлд ойртуулан үргэлж шинэчлэгдэн арвижих тансаг чамин эд барааг үзүүлэх хэрэгтэй болов.

Сүү шиг цагаан сувд, жаргаж буй нар шиг улаан шүр, идэж болмоор мэт зөөлөн харагдах зааны соёо тэргүүтнийг зээрийн арьсаар хийсэн жижиг богцонд хийгээд авч явж байв…

Монголчууд хойд зүгт нь орших нутгийг Шивэр гэж нэрлэдэг байсан бөгөөд тэр нь хожим Сибирь болж, тэндхийн овог аймгуудыг Ойн иргэд гэж нэрлэн, дараа нь товчлон Ойрад гэж дуудах болжээ. Ойрад хүмүүс Арктикийн сүүдэрт орших их тайгатай залгаа ойд цөөн цөөнөөрөө анчин бүлэг болон амьдарна.

Чингис Хаан Ойрадыг хүлээн зөвшөөрч удирдагчийнх нь хоёр хөвгүүнийг охидтойгоо гэрлүүлэх санал тавив. Тэрээр охин Чэчэйхэнээ Иналчитай гэрлүүлж холбоо сүлбээгээ улам бэхжүүлэв. Хоёр охиноо гэрлүүлэхдээ, Чингис Хаан хуримын зарлигаа улам чангатгаж, эхнэр хүн захирна гэдгийг тодорхой болгожээ.

Тэрээр Чэчэйхэнийг гэрлүүэхдээ түүнд санаа зорилгоо илүү тод мэдүүлж, “Хаан эцгийн охин болохоор чамайг Ойрад аймгийн ард иргэдийг удирд хэмээн явуулж байна” гэжээ.

“Чи Ойрад хүмүүсийг зохион байгуулж, удирд. Хэлж буй үгээрээ ухааны цараагаа харуулах ёстой” гэж эцэг нь түүнээс шаардав.

“Үргэлж үнэнч бай”, “Өдөр ч, шөнө ч нэгэн сэтгэлээр яв ”, мөн эцэг хүний зовнисон сэтгэлээр “Эрт босч, орой унт” гэх мэтээр хувийн зөвөлгөө өгдөг байв.

Нөхрийнх нь эрх мэдэл, сүр хүч өсч нэмэгдсэн ч гэлээ Бөртэ Монгол уламжлалаа хатуу баримтлан үр хүүхдээ өсгөх үүргийг олон зарц шивэгчнүүдийнхээ алинд нь ч шилжүүлээгүй юм. Тэр өөрийн хадам эх Өэлүнтэй хамт хүүхдүүдээ өсгөж, Чингис Хаанаас илүүтэйгээр охиддоо улс үндэстнийхээ төлөө хүчин зүтгэх ухамсар суулгасан билээ. Бөртэ Хонгирад гаралтай ба зөвхөн хүч чадал болон харгис түрэлгийлэлд найдан амьдардаг гэж бараг хэлж болох Монголчуудтай харьцуулахад, түүний овог аймгийнхан олон нийтийн амьдрал, эв зүйтэй харилцаанд илүү нарийн ханддаг байв. Бөртийн аавын тайлбарлаж хэлснээр Хонгирадчууд хэзээ ч хөвгүүдийнхээ эр зориг, эрэмгий чадлаас хамаарч байгаагүй, харин охидынх нь гоо үзэсгэлэн, саруул ухаан тэднийг аварна гэж найддаг байжээ.

Охид бүсгүйчүүд нь ийм өндөр үүрэг хариуцлага хүлээдэг овог аймагт өсч хүмүүжсэн Бөртэ мөн ижил зарчим, үнэ цэнийг охин үрсдээ өвлүүлжээ. Түүний охид удирдан жолоодох заяатай төржээ.

Охидынх нь удирдан захирах хүчний эсрэг өрсөн тэмцэх боломжийг үгүй хийхийн тулд Чингис хаан тэдний эр нөхрүүдийг цэрэгтээ татан оруулаад зогсохгүй бусад бүх эхнэрүүдийг нь зайлуулжээ. Зөвхөн Монгол эхнэр л толгойлох чадвартай байв. Хэрэв хүргэн болох хүн өмнө гэрлэж, эхнэр авсан байвал тэр Монголын хаан удмын эмэгтэйтэй суухын тулд эхнэрээсээ салах ёстой байлаа. Харин гэрлэсэн хойноо Их Хааны онцгой зөвшөөрөлгүйгээр дахин өөр эхнэр авах ёсгүй байв. Гэхдээ Их Хаан ийм зөвшөөрлийг ховорхон өгдөг байжээ.

Монгол үндэстэн тал нутгаа Азийн түүхэн дэх хамгийн том газар нутаг болгон өргөжүүлэн тэлсэн их байлдан дагуулалтын анхны алхмыг хийсэн хүн нь чухамдаа Алага байсан юм. Эцэг нь түүний хуримын үеэр зарлиг буулгахдаа нэгэн онцгой үүрэг даалгаварыг түүнд өгөв. Дараачийн аян дайнд бэлдэж:

“Хазайхад түшиг минь Хальтрахад тах минь

Харайхад хөл минь болохоо Хайрт охин минь мэдтүгэй ” хэмээн охиндоо хандан хэлсэн байдаг.

Энэ бол асар чухал стратегийн даалгавар байсан нь эргэлзэх юмгүй ойлгогдож байлаа. Алага тэднийг зүгээр нэг удирдах биш, харин захирах ёстой байлаа. Ингэснээр Монгол үндэстнийг талыг нэг овог аймгаас дэлхийн хэмжээний их гүрэн болгон өргөжүүлэх эхлэлийг тавих учиртай байв.

Хэдийгээр бага залуу боловч чухал хариуцлагатай даалгавар авсан болохоор Алага Бэхи мэргэн ухаандаа найдахаас аргагүй байлаа. “Саруул ухаанаас илүү сайн нөхөр үгүй” гэж Чингис Хаан түүнд захижээ. Тэрээр эргэн тойрны хүмүүс ямарч гомдол гаргалаа гэсэн, өөртөө найдахын чухлыг охиндоо илүү тодорхой ойлгуулж, “Эрхэм итгэлт олон боловч, энэ бие бүгдээс итгэлтэй. Хүн хэдийгээр олон нөхөртэй байж болох ч, хүрэлцэх ухаанаас өөр хань нөхөр байхгүй” хэмээн сургаж байжээ. Тэр туйлын эрх мэдэлтэй болсон болохоор, бас туйлын хариуцлагатай байх ёстой болов. Эсэн мэнд байх нь хамгийн чухал зүйл учраас эцэг нь түүнийг болгоомж сэрэмжтэй байхыг анхааруулан “Хайрлах юм олон боловч, халуун амийг хамгаас хайрлалтай” гэж хэлж байлаа.

Тэрээр мөн охиндоо хэрхэн өөрийгөө хамгаалж, сайн ёс журамтай болох талаар эцэг ёсны зөвөлгөө өгч, цаг ямагт аливаад суралцаж байх нь амжилттай сайн удирдагч болох гол түлхүүр болохыг онцлон хэлжээ. Түүнийг “хэрсүү, туйлбартай, зоригтой” байхыг захив. Чингис Хаан түүнд хамгийн чухал үгээ хэлэхдээ “Энэ бие хэврэг боловч, эрхэм нэр мөнх шүү” гэж бас захисан байдаг.

Чингис Хаан охин Алалтундаа маш тодорхой үг хэлж Уйгар руу явуулжээ. Тэрээр охиндоо, “Хатагтай хүнд гурван эр бий. Анхны эр нь алтан төр. Түүний дараах эр нь ариун нэр. Түүний дараах эр нь авсан эр мөн билээ” гээд энэ гурваас эрхэм дээд нь үүрэг зорилго, эх орон болохыг тодорхой ойлгуулж “Алтан төрийг хатуужиж дагавал ариун нэр бэлэн болно. Ариун нэрийг бэхэлбэл, авсан эр ангид үл одно” гэж тайлбарлажээ.

Чингис Хаан охидоо Монгол Эзэнт гүрний алтан цацал мэт дөрвөн зүг найман зовхист тараажээ. Охид нь цацал мэт одож, зорьсон сууринаа хүрүүт эх Монгол нутгаа тойрон халхлах хуяг бамбай болов. Тэд Онгууд, Уйгур, Харлаг, Ойрадын хаант улсуудыг захирч, улсынхаа хилийг тодруулан тэмдэглэж дөрвөн талаас нь хамгаалав. Чухам эндээс л эхлэн Чингис Хаан охидоороо хуяг бамбай хийж, дэлхийг байлдан дагуулсан билээ…

Чингис Хаан үлдсэн амьдралаа тэрээр хоёр том үйл хэрэгт зориулсан билээ. Эхлээд 1211-1215 онд Хойд Хятад, дараа нь 1219-1224 онд Төв Азид Мусульманчуудын эсрэг аян дайн хийсэн бөгөөд энэ хоёр том үйлсэд түүний охид асар чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Хаан эцэг нь хэр хүчирхэгжиж, Монгол цэрэг хэр амжилтад хүрэх нь бас л тодорхойгүй ийм үед дөнгөж хорин насандаа Алага Бэхи ийм дайснуудтай нүүр тулсан байна.

Алага аль хэдийнэ эцгийнхээ дараа говийн өмнөх нутагт хамгийн өндөр эрх мэдэлтэй Монгол хүн болсон байв. 1215 онд Чингис Хаан Монгол руу буцахдаа Хятад дахь Монголын газар нутгийг Алага Бэхийн удирдлага дор орхиод явжээ. Тэр Алагад туслуулахаар хот хамгаалах цэргээ Жалайрын Гоо Мухулайгаар удирдуулан үлдээв. Чингисийн дайчдын дийлэнх нь Жалайр аймгийнхнаас бүрдэж байсан бөгөөд тэд аль эртнээс Боржигон овгийнхны үнэнч харъяат албан байсаар ирсэн билээ. Гэхдээ Алага Бэхи тэд бүгдийг захирч байлаа.

Чингис Хаан дараачийн том аян дайндаа зэхэж Төв Азид Лалын шашинтнуудын газар нутгийг байлдан эзлэхээр төлөвлөж байсан учир хойд Хятадад тавих анхаарлаа сулруулж, Алага Бэхид улам их найдвар тавьж байв. Алага ч чадварлаг удирдагч болохоо алхам алхамаар харуулж байлаа. Тэр бие даан, гэхдээ эцгийнхээ нүүдлийн орд өргөөнөөс хэчнээн алс хол байсан ч цаг ямагт хамаг Монголын сайн сайхны төлөө ажиллаж байв. Хэдэн жилээр алс хол явж, эзгүй байх болохоор Чингис Хаан эзэлсэн газар нутгуудаа удирдах үүргийг хоёр хүнд үлдээв. Тэрээр Монголын тэгш өндөрлөг тал, говиос хойших газар нутгийг өөрийн хамгийн бага дүү Тэмүгэ Отчигинд, говийн өмнөх шинээр эзэлсэн газруудаа охин Алага Бэхид тус тус үлдээгээд, охиндоо Төрийг Захирагч Гүнж цол олгов.

Гурван охиноо Торгоны Зам дагуу хатан суудалд өргөмжилснөөр Чингис Хаан тэдгээр газар нутгийг захирахын сацуу Хятадыг лалын шашинт орнуудтай холбосон худалдааны хэврэг холбоог хянаж байв. 1219 онд Дундад Ази руу халдан орсноор Чингис Хаан зөвхөн худалдааны холбоосуудыг гартаа оруулаад зогсохгүй тэдгээрийг улам цаашлуулан Ойрхи Дорнодын үйлдвэрлэлийн төв бүсэд гүнзгий нэвтрэн орох шинэ үеэ эхлэв. Хятадыг байлдан эзлэхдээ хятадын үйлдвэрийн газруудыг эзэлж авсан шиг Чингис Хааны цэргүүд Лал шашинт улсуудын гар урлалын төвүүдийг довтолж ингэснээр хяналтаа өргөжүүлэн Торгоны Замын эцсийн хоёр чухал цэгийг эзлэв.

Нишапур хот мөхөж, Хорезмын хаант улс сүйрч, персийн хотууд эзлэгдэхэд Торгоны зам Монголын гол зам боллоо. Олон мянган жилийн худалдаа, арилжааны түүхэнд анх удаа хойд Хятадаас эхлэн Дундад Азийг гатлан өмнө зүгт Индус мөрөн, баруун зүгт Европын босгон дахь Кавказ хүртэл үргэлжилсэн Торгоны Зам бүхэлдээ нэгдсэн нэг хяналтад орсон юм. Худалдаа арилжаа нь Арктикийн Тойргоос Энэтхэгийн далай хүртэл, Хятадын дархан, мужааны газраас Персийн хотууд хүртэл тасралтгүй урсах болов. Удаан хугацааны турш Монголын хагас харъяат төдий байсан Тангудын хаант улсын захирдаг чухал хэсэг болох Гансу зурвасыг эс тооцвол Хятад болон Дундад Азийн Лалын шашинт бүх улсыг Чингис Хааны охид захирах болов. Охидынхоо ачаар, хүчирхэг цэргийнхээ дэмээр Чингис Хаан Агуу Александр хааны оролдоод дийлээгүйг бүтээж, Ром, Араб, Хятад хүмүүсийн мөрөөөдөхөөс хэтрээгүй их өндөрлөгт хүрсэн юм. Чингис Хааны охид харилцан холбоотой худалдааны замуудыг бий болгоогүй ч түүнийг илүү хурдан ажиллагаатай болгосон.

Чингис Хааны охидын захирдаг Торгоны Зам дагуух улсууд нь том газар нутаг эзлэхээс илүүтэй хоорондын уулзвар газрууд, хүмүүсийн шилжилт хөдөлгөөний чиглэлд хяналт тавихад илүү анхаардаг байлаа. Монголчууд нэг л мэдэхэд өнөөгийн пүүсийн адил хөрөнгө оруулалтын тогтолцоог хөгжүүлжээ. Ийнхүү Хятадад амьдарч байсан Алага Бэхи Иракийн мал, мөн Сибирьт байсан Чэчэйхэн дүүгийнхээ ангийн арьснаас хувь хүртэж, Алалтун Хятадын торгоны үйлдвэрлэлийн талыг эзэмшиж, бас тэд бүгд Алалтуны Уйгурын байн бүрдээс дарс авч байв.

Чингис Хаан болон түүний охидын амьдралын туршид Монгол Улс эзэнт гүрэн гэхээсээ илүү том хэмжээний глобал пүүс мэт байсан бөгөөд Чингис Хааны хөвгүүд, охид тус бүртээ энэ пүүсийн аль нэг салбарыг нь удирдаж, тодорхой хэдэн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг байв. Охид нь дэлхийн хэмжээний санхүүгийн ажиллагааг хариуцан эхэлж, түүнд оролцсон бараг хүн бүр ашиг хүртэж байжээ. Ийнхүү Чингис Хааны охидын удирдсан харилцан хамааралтай хаант улсуудын ачаар Монголчууд бараа таваар, мэдээллийн илүү хурдан эргэлтэд суурилсан дэлхийн хэмжээний шинэ тогтолцоог бүтээсэн юм.

Энэхүү худалдааны өргөн тогтолцоонд Чингис Хааны охидын хаант улсууд дор бүрнээ онцгой үүрэг гүйцэтгэж байв. Алалтуны Уйгурууд Монголын Эзэнт Гүрний харилцаа холбооны төвийг ажиллуулж байлаа. Тэд зүүн талаараа Хятад, хойд талаараа Монгол, баруун талаараа Муслимуудтай хиллэн, тэдний дунд оршиж байсан нь эзэнт гүрнийг нэгтгэж, эзэнт гүрний аль ч өнцөг буланд захидал бичгийг үтэр түргэн хүргэх боломжийг бүрдүүлж байсан өргөн уудам газрыг хамарсан Монголын шуудан өртөөний сүлжээний гол төв болжээ. Энэ сүлжээнд Уйгурууд морьтон элч биш харин орчуулагч,бичээч, түшмэдийн үүрэг гүйцэтгэж байлаа. Тиймээс тэд Монголын хаад ноёдын хувьд мэдээлэл цуглуулах болон ерөнхий тагнуулын ажиллагаанд чухал хүмүүс болсон юм.

Чингис Хаан цэрэг дайны ач холбогдолтой мэдээллийг цаасан дээр буулгахыг зөвшөөрдөггүй, зөвхөн амаар хүргэх ёстой байв. Тийм учраас элч зарлагууд цэргийн тушаалыг “уран гоё, битүүлэг утгатай үг, хэллэгээр толгой холбон шүлэг” болгон зохиож унших шаардлагатай байлаа. Зарим үед мэдээг хүлээн авах хүмүүс нь ойлгохгүй бол элч утгыг нь тайлбарлаж өгнө. Энэхүү өвөрмөц цэргийн шүлэг нь харилцаа холбооны хамгийн нарийн арга байсан. Харин илүү энгийн асуудал дээр төр засгийн удирдлагууд уйгур үсгээр бичдэг Монгол хэлээ ашигладаг байжээ. Уйгурын нөлөөн дор Монголчууд оюуны тал дээр огцом дэвшил гаргасан юм.

Хоёр дахь нөхрөөсөө олсон Алага Бэхийн ганц хүү Нэгүдэй сүүлчийн эцгийнхээ Бэйпингийн хунтайж цолыг өвлөн авсан юм. Алага хүүдээ өөрийн албыг залгамжлуулахаар бэлдсэн бөгөөд түүнийг дүү Толуйн охинтой гэрлүүлжээ. 1230-аад оны үед хойд Хятадыг захиран суугаад бараг хорин таван жил өнгөрсний дараа Алага амьдралынхаа хамгийн хүнд бэрх зовлонг амсав. Түүний дөнгөж гэрлэсэн залуу хүү нь өмнөд Хятадад Сүн гүрний цэрэгтэй дайтахаар яваад амь үрэгджээ. Ингэж хаант улсынх нь төгсгөл ирэв. Алага дахин хүүхэд төрүүлж чадахааргүй дэндүү хөгширсөн байлаа. Насан туршдаа зүрх зориг гаргаж явсан шигээ хатан зориг гаргаж, тэр нөхрийнхөө бусад хүүхдийг анхааран хүмүүжүүлэхэд амьдралаа зориулж, тэднийг өөрийн Монгол удмын язгуур угсаа сайтай хүнтэй гэрлүүлэн, ирээдүйг нь бат найдвартай болгож өгөв.

Залгамж халааг нь авах өөрийн хүү байхгүй тул Алага дараачийн хэдэн зууны турш Онгуудыг удирдахад тохирох шинэ тогтолцоог боловсруулав. Тэрээр удаа дараа Онгууд эрчүүдийг өөрийн Боржигон овогтой эмэгтэйчүүдтэй гэрлүүлэв. Удаан хугацаанд хаан ширээнд суусан тул тэр ингэж олон Онгууд иргэдийг Боржигон овгийнхонтой гэрлүүлж, тэднийг Монголчуудтай байнгын ургийн барилдлагатай болгосон юм.

Хорин жилийн турш Онгуудыг удирдаж суухдаа Алага Бэхи өөрийг нь Онгуудыг захируулахаар илгээсэн эцэгтээ ч, өөрийнх нь захирч байсан Онгуудын ард түмэнд ч үнэнч байсан юм. Монголын Эзэнт гүрэн хожим нь Хятад руу өргөжин тэлэх боломжийн нэлээд хувийг Алага бүрдүүлсэн ба тэрээр Хятадын соёл иргэншлээс Монголчууд үлгэрлэн дууриаж болох зүйлүүдийг, мөн Монголын соёлд нэвтрүүлж болох зарим онцлог чанаруудыг сонгон авахад гол зууч болсон юм. Гэсэн хэдий ч, эцэст нь өөрийг нь залгамжлах хүүгүй болсон тул Алага Бэхийн нэр дорхноо бүдгэрэн арилжээ.

Нас эцэслэхийнхээ өмнө олонд хандаж хэлсэн эцсийн үгэндээ Чингис Хаан өөрийн улс үндэстнийг “Миний улс таван Өнгөтэй, Дөрвөн Гадаад Газартай” гэжээ. Таван өнгө гэж өөрийн дөрвөн хүү, амьд үлдсэн нэг дүү болох гэр бүлийнхээ таван эрд үлдээсэн Монгол газруудыг, дөрвөн гадаад газар гэж дөрвөн охиныхоо хаант улсыг хэлжээ.

Тэрээр хүүхдүүддээ хандан “Би та нарт дэлхийн хамгийн том гүрнийг үлдээв. Та нар энэ амар тайван гүрний эзэд. Тиймээс нэгэн хэлтэй, нэгэн сэтгэлтэй байгтун” хэмээн үргэлж эвтэй, нэгдмэл санаатай байж, хаант улсаа хамгаалж явахыг захив.

Ес, арван гурав гэсэн тоонуудын хувьд хамгийн чухал тоонууд байлаа. Чингис Хааны эцгийн нэр Есүхэй нэр “есөн” гэсэн утгатай үг байсан бөгөөд энэ нэрийг үргэлж найман зүгийн төвд байж, хэзээ ч төөрөхгүй байх хувь ерөөл бэлгэдэж хайрладаг байна.

Монголчууд нэр цол нь тухайн хүний хувь заяа, ажил амьдралыг дагуулж байдаг гэж үздэг. Тэр үргэлж наймаар хүрээлүүлж, өөрөө ес дэх нь байхаар амьдралаа бүтээв. Түүний гол шадарууд нь Есөн Өрлөг нэртэй, их гүрнийх нь хамгийн авъяас чадалтай, хамгийн хүчирхэг эрчүүдээс бүрдсэн бүлэг байсан бөгөөд эдгээрт Дөрвөн Ноход гэгдэх цэргийн цол дөрвөн удирдагчаас гадна түүний Дөрвөн Хүлэг гэгддэг хамгийн ойр дотнын нөхөд нь багтдаг байв. Чингис Хаан өөрөө энэ бүлгийнхээ төвд ес дэх нь болон тэргүүн суурийг эзэлдэг байлаа.

Мөн түүний ордны хамгаалагчид болох хэвтүүл сахиулууд нь өдрөөр сахидаг найман зуу, шөнөөр сахидаг найман зуун хүнээс бүрдэж байв. 1206 оноос хойш тэр эртний Түрэг аймгийн аравтын системийг нэвтрүүлж, цэргээ доод нэгжид аравт, дээш түмэн хүртэл ангилж зохион байгуулав. Үүний зэрэгцээ тэрээр хэвтүүл сахиулуудаа түм болтол нэмэв. Гэхдээ цэргээ найман хэсэгт хувааж, өөрийг нь тойрон хамгаалах хэвтүүл сахиулууд ес дэх нэгж нь болжээ.

Гэр бүлийнхээ дотоод удирдлагыг зохицуулахдаа тэр дөрвөн охин, дөрвөн хүү найман хүүхэддээ эрх мэдэл, үүрэг хариуцлагыг хуваарилжээ. Түүнд өөр охид хөвгүүд байсан ч энэ найман хүүхдийнхээ гарт эзэнт гүрнийхээ ирээдүйг даатган үлдээж. Дөрвөн хүү нь нүүдэлчдийн тал нутгийг, дөрвөн охин нь суурин хаант улсуудыг захирч, Чингис Хаан өөрөө ес дэх нь болон тэднийг бүгдийг нь нэгтгэн удирдаж байв. Дөрвөн охиноо хатан, дөрвөн хүүгээ хан болгосноор Чингис Хаан эцгийнхээ алдараар хүртсэн хувь зохиолоо гүйцэлдүүлэв. Гэвч Чингис Хаан эцгээсээ давахыг эрмэлзэж байсан ба энэ зорилгод нь арван гурав гэсэн тоо өвөрмөц, гэхдээ маш их нууц учир утга агуулж байв. 1206 онд улсаа эмхлэн байгуулахаар арван гурван орд бариулж хуралдай хуруулж, их улсаа ч бас тийн зохион байгуулж байсан билээ. Тэр заримдаа өөрийн улсыг Арван Гурван Орд гэж нэрлэдэг байв. Чингис Хааны дөрвөн бэлэвсэн хатан нь их гүрний төв хэсэг буюу ул тойрсон газар нутгийг захирч, гадуур нь түүний дөрвөн охин, дөрвөн хүүгийнх нь захирсан нутгууд оршиж байв. Ийнхүү Чингис Хаан бие барсан хойноо ч улсаа анх эмхлэн байгуулж байсантайгаа яг адил өөрөө арван гурав дахь байрлалыг эзлэн төвд нь оршсон юм…

..Их эзэн Чингис Хааны эмэгтэйчүүдийн талаар гарган дагаж мөрдөж байсан хууль цаазыг тэдгээрийн агуулга, санаа, заалт, хэм хэмжээгээр нь бүхэлд нь зөрчсөн бөлгөө. Чингис Хааны тогтоосон хууль, цаазын дагуу эмэгтэйчүүд бага залуу байхдаа ураглаж болох ч арван зургаан нас хүртэлээ бэлгийн харьцаанд ордоггүй байжээ. Түүнийг насанд хүрсэн хойно хэзээ анх энгэр зөрүүлэхийг эр нөхөр нь шийддэг байв. Охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийг барьж хорих, хүчиндэх, хулгайлах, арилжих буюу худалдахыг хатуу хориглодог байв.

Хаан эцгийн халамжтай боловч хатуу чанд гар үгүй болоход хүүхдүүдийнх нь хэн хүчтэй нь сул дорой нэгнээ эрхшээлдээ оруулахыг санаархах болжээ.

Чингис Хаан сүр хүчин төгөлдөр засаг төрийг байгуулж үлдээсэн боловч чадвар чадал маруухан атлаа хоорондоо эв эе тааруухан хөвгүүд нь үлдээсэн өвийг нь ашиглаж зарцуулж чадсан ч хадгалж хамгаалж дийлээгүй билээ.

Өгэдэй бор дарсанд улам бүр орох тэр цаг үеэс түүний хатан Дөрөгэнэ төрийн хэрэгт анх оролцож эхэлжээ. Толуй Өгэдэйн адил архинд орсон тул өөрийн амьд ахуй цагтаа төрийн эрхийг хатан Сорхогтанидаа шилжүүлжээ. Чингис Хааны хөвгүүдээс цор ганцаараа архи дарсанд ороогүй хүн болох Төв Азийг захирч байсан Цагадайг тэнгэрт хальсны дараа түүний хатан Эбүсхүн нь төрийн хэргийг хамаарч үлджээ.

Ийн Дөрөгэнэ, Сорхогтани хатад Чингис Хааны хөвгүүдэд ирэхээсээ өмнө аймгийн хатад байв. Хэдийгээр тэд өөрсдийн эцэг, авааль эр, ах, хөвгүүд дүү нараа дайн дажны хөлд алдсан ч сурвалжит язгууртан хүмүүс байсан тул улс төр, дипломат харилцааны “халуун тогоон” дотор өсөж өндийжээ. Тиймээс эрх мэдэлтний эргэн тойронд өрнөх төрийн хэрэг явдалд амьдралын эрхэнд татагдан ордог ажээ. Энд тэмдэглэн хэлэхэд Чингис Хааны хамгийн их эрх мэдэл эдэлж байсан бэрүүд нь Баруун Монголын овог аймгуудаас гаралтай байсан бөгөөд христийн шашинтан хүмүүс байв. Тэд бичиг үсэгтэй байсан тул бичиг соёлыг хүндэтгэн үздэг байсан нь илэрхий. Тэдний ертөнцийг үзэх үзэл нь харьцангуй өргөн хүрээтэй байсан учраас тэд шашин ба боловсролыг идэвхийлэн дэмждэг хүмүүс байв. Сорхогтани Төв Ази дахь Лалын шашинтнуудын сургуулиудыг, Дөрөгэнэ Хятадын даогийн сүм дуганыг дэмжин тэтгэдэг байжээ.

1241 онд Өгэдэй хаан насан эцэслэв. Түүнийг архи хэтрүүлэн хэрэглэснээс саанд дайрагдаж нас нөгчсөн байх гэдэг. Их хаан үгүй болсон тул Дөрөгэнэ Их Хатан болж төрийн хэрийг гартаа бүрэн авлаа. Тэрээр 1241-1246 онд тавин жил төр барихдаа хүү Гүюгийг Их Хааны залгамжлагч болгох бүхий л бэлтгэл ажлыг хангажээ.

1246 онд хуралдай хурах үед Чингис Хааны дөрвөн хүү бүгд ертөнцийн мөнх бусыг үзсэн байв. Түүний охидоос нэг нь ч энэ үед төрийн эрхэнд үлдээгүй байснаар барахгүй амьд байсан эсэх нь ч тодорхой биш болсон байв. Эзэнт гүрний суурин дээр бий болсон найман хант улс дөрөв болон цөөрсний гурвынх нь хэргийг эмэгтэй хүн хөтлөн явуулж байв. Чингис Хааны хоёрдугаар хүү Цагадайн бэлэвсэн хатан Эбүсхүн Төв Ази буюу Туркестаныг засч, Сорхогтани хатан Монголын Эзэнт гүрний Дорнод газрыг захирч, хөвгүүд нь Умард Хятадыг өөртөө нэгтгэн газар нутгаа тэлж, Дөрөгэнэ хатан Өгөдэйн мэдэлд байсан Монголын төв хэсгийн газар нутгийг удирдахын зэрэгцээ Их хатны хувьд эзэнт гүрний хэргийг бүхэлд нь хамаарч байв. Эрэгтэйчүүдээс зөвхөн Бат хаан л Орост байгуулсан Алтан Ордоны улсыг захирч байлаа.

Ийн Солонгосын хойгоос Кавказын нуруу, Хойд туйлаас Инд мөрөн хүртэл асар уудам нутгийг эмэгтэйчүүд захирч байв. Гэхдээ тэдний хэн нь ч Боржигон овогт Чингис Хааны охид биш, бүр Монгол гэмээргүй хүмүүс байв.

Огул Хаймиш христ, иудей, лалын болон бурхны шашинтнууд арга ухааныг нь бишрэн шүтдэг Сорхогтанийн хаана нь ч хүрэхээргүй туршлагагүй, ухаан чадвалгүй нэгэн гэдгээ батлан харуулсан билээ. Сорхогтани Монголын Эзэнт гүрний үеийн хамгийн чадварлаг эмэгтэй байсан бөгөөд тэрээр бүхий л амьдралаа хөвгүүддээ эзэнт гүрний төрийн жолоо цулбуурыг хураан авч өгөх тэр боломжийг олж авахын төлөө зориулжээ. Монголын эзэнт гүрний газар нутгийг өргөтгөх, түүний цаашдын оршин тогтнолд гүйцэтгэсэн үүргээрээ тэрээр тухайн цаг үед амьдарч байсан хэн хүнээс илүүтэй их хувь нэмэр оруулсан тул түүхийн тавцанд Чингис Хааны дараа бичигдэх хүн юм. Огул Хаймиш хатантай тулгарах тэр үед тэрээр бэлэвсрэн хоцорсон хорь орчим жилийн амьдралаа зөвхөн дөрвөн хүүгээ чадварлаг гарамгай хүн болгохын төлөө зориулаад байлаа. Оросыг захирч байсан Бат хааныг эс тооцвол Монголын эзэнт гүрний хамгийн авъяаслаг, чадвартай эрчүүд нь Сорхогтанийн хөвгүүд байжээ. Тэрээр хөвгүүдээ өөрийн итгэдэг христийн шашныг хүндэтгэн дагахад сургасан тул тэд шашны баярын өдрүүдийг ээжтэйгээ хамт тэмдэглэн өнгөрөөдөг байв. Тэд цэрэг дайны хэрэгт явахдаа залбирал үйлдэх зөөврийн дуганаа авч явдаг байв. Гэхдээ тэдний хэн нь ч олны өмнө усан баталгаа хүртээгүй юм.

Тэрээр хөвгүүддээ Монголын хууль цаазыг хүндэтгэн хатуу чанд баримтлах ёстойг сургасны зэрэгцээ хөрш зэргэлдээ улс орны ялангуяа Зүрчид, Уйгар, Хятад зэрэг газрын соёл иргэншлийн талаар өргөн мэдлэг, боловсролтой болгожээ. Хөвгүүд нь тал нутгийн уламжлалт соёлыг эзэмшсэн байх ёстой гэж үзэж байсан тул тэднийг монгол хэлээрээ зөв төгөлдөр ярьж, уншиж, бичихэд сургажээ. Мөн төрийн түшмэд, бичгийн эрдэмтдийн энд арай хүрэхгүй ч уншиж, бичиж чадахаар түвшинд хятад ярианы хэл зааж өгчээ. Өгөдэйг хаан ширээнд суух хугацаанд Сорхогтани хөвгүүдээ ямар нэгэн хардлага, сэрдлэгээс ангид байж, төрийн эрхэнд ямарч Их Хаан байсан түүнд үнэнч байж, буруу үйлдэл хийхгүй байхад сургахад хамаг анхаарлаа тавьж байв. Бидний үеийг хүрсэн бүхий л сурвалж бичигт өгүүлсэнчлэн тэрээр хөвгүүдээ төр барьж байгаа Их хааны зарлиг, хууль цаазыг хэлбэрэлтгүй дагаж, шийтгэл оноох ямарваа шалтаггүй байхад заан сургасан байдаг. Ийн Сорхогтани 1251 оны хуралдайд бэлтгэхэд бүхий л амьдралаа зориулжээ.

Сорхогтани дөрвөн хүүгийнхээ дэмжлэгтэйгээр бүх насаараа зорьж бэлтгэж байсан хүслээ биелүүлэхийн тулд хүү Мөнхийг Их Хаан сууринд суулгах ажлыг зохион байгуулжээ. Тэрээр Огул Хаймиш хатнаас төрийн эрхийг авахын тулд хөвгүүдийнхээ үеэл ах Алтан Ордоны улсын Бат хаантай хуйвалдаж их хуралдайг зарлахаар болж том хүү Мөнхийг Их Хаанд өргөмжлөх ажлыг удирдан явуулжээ. Энэ бол Алтан ургийн эмэгтэйчүүд өөрийн санал бодлыг чөлөөтэй илэрхийлсэн хамгийн сүүлчийн хуралдай болсон юм. Бат хаан хатдад элч илгээсэн байна. “Тэрээр Чингис Хааны хатад, Өгөдэйн хатад, хөвгүүд Толуйн хатан зэрэг бүх хатад, хөвгүүд, Сорхогтани Бэхи болон бусад жонон, баруун, зүүн зүгийн захирагч нарт элч довтолгожээ”. 1251 оны 7-р сарын 1-нд Их хуралдай чуулж Их Монгол Улсын Их Хаанаар Сорхогтани хатны хүү 43 настай Мөнх сонгогджээ.

Мөнх Их Хаан найман жил суухдаа өвөг эцэг Чингис Хааны үлдээсэн Их Засаг хуулийг үнэхээр дээдлэн хүндэтгэж тууштай дагаж мөрддөг байсан нь харагддаг. Түүний ач хөвгүүдийн дотроос энэ хуулийг хамгийн сайн дагаж мөрдөж байсан хүмүүс бол яах аргагүй Мөнх хаан болон Оросыг захирч байсан Бат хаан нар байв.

Чингис хааны байгуулах гэж нэгэн бие зориулсан бүхнийг түүний үр хойчис өөрсдийнхөө амьдралаар үгүй хийсэн бөлгөө. Монголын эзэнт гүрний газар нутаг тэдний явуулсан байлдан дагууллын үр дүнд нэгэн үе томрон байсан сүр хүчний цуурай төдий болж доройтон мөхжээ. Эзэнт гүрэн нэгэн цагт хатуу чанд хууль, цааз гарган даган мөрдөж, хүнд ширүүн цаг үеийг амь өрсөн туулж, хичээн зүтгэж байгуулсан их эзэн Чингис Хааны үеийн өнгө төрхөө бүрэн алдсан байлаа. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийг хангасан түүний байгуулсан гайхамшигт тогтолцоо цаашид хадгалагдан үлдэх эсэх нь тун эргэлзээтэй болжээ. Хэдийгээр нутаг дэвсгэрээрээ хамгийн том гүрнийг удирдан захирч байсан ч Боржигон овгийнхон дэлхийн түүхийн хуудаснаа хоорондоо хамгийн их хямралдан дайсагналцсан ургийнхан болж үлджээ.

Согтуу хүн жигтэй агсран орон гэрээ нураах мэт Боржигон овогтон өөрийг нь хүндтэй, хүчирхэг болгож байсан бүхнээ өөрийн гараар сүйтгэн хийсгэжээ. Тэд нэгэн цагт хүчирхэг бөгөөд эрхэмсэг оршиж байсан Их Монголын эзэнт гүрэнг хэдэн хэсэг тасар тасдан хувааснаараа Монгол төрийг урт удаан хугацааны туршид доройтон буурахад хүргэсэн бөлгөө…

.Харанхуй бүдүүлэг байдал, шунал тачаалын хорт манан Алтан ургийнхныг эзэмдэн нөмөрч, хаад дан ганц биеийн жаргал эрэх болсноор ашиг хонжоо хайсан сайд түшмэддээ ээлж дараалан хорлогдож ертөнцийн мөнх бусыг үзэж эсвэл өөр нэгэндээ хаан төрийн эрхээ алдах болов. Энэхүү ёс бус байдал эзэнт гүрэн хүч мөхөсдөн задран унахад хүргэснээр үл барам түүний дараа Монголын түүхнээ тохиосон хар явдлуудын нэг болох Алтан ургийнхан нэг нэгнээ, ахан дүүсээ хөнөөлдөн тэмцэхийн хамгийн гол шалтгаан болсон билээ.

Хотолон Монголын түүхэнд төрөн гарсан хамийн сүүлчийн хурц дайчин, омголон хийморлог, жинхэнэ баатарлаг монгол эмэгтэй байсан бөлгөө.

Түүний хорвоогоос хальсан тэр цагаас Орос, Перс, Хятадад амьдарч байсан эрэмгий дайчин Монгол бүсгүйчүүд тухайн газар орны соёл иргэншлийг даган дээдсийн соёлт хүрээлэнгийн хэмээгдэх эмэгтэйчүүдийн дунд уусан ууссаар алга болж эхэлжээ. Тэд эдгээр газар орны эмэгтэйчүүдийн нэгэн адил тулга тойрсон хэтэрхий явцуу нэгэн болж хувираагүй ч суурьшилт ёс заншилтай төрийн эрх баригч дээд язгууртны гэр бүлийн дотор бүсгүйчүүдийн гүйцэтгэдэг үүргийг нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Тэдний амьдрал хөшигний цаана хэнд ч харагдахгүйгээр өрнөн өнгөрөх болж хэдийгээр өөрийн гэсэн холбоотон сүлбээтэнтэй болох, хаан ширээ залгамлагчийг өсгөн хүмүүжүүлж, дэмжиж туслах, өөрийн байр сууриа алдахгүйн тулд эр нөхрийнхөө эх, бусад эхнэртэй өрсөлдөн тэмцэлдэх, дээд зиндааныхны хов живд оролцох зэргээр тухайн үедээ улс төрийн хэрэгт оролцож чухал учир холбогдолтой нэгэн мэт байсан боловч үнэн хэрэг дээрээ эзэнт гүрний мандал бадрал, мөхөл сүйрэлд өчүүхэн төдий үүрэг гүйцэтгэх болжээ.

Монгол эмэгтэйчүүд нийгмийн өмнө чухал үүрэг гүйцэтгэсээр байсан цөөхөн газрын нэг нь Монголчуудын хувьд солонгын буюу хүргэн, худын орон болох Солонгос улс байв. Анх Өгөдэй хаан Солонгос руу довтолсон ч Хубилай хаан тус улсыг өөрийн хяналтадаа бүрэн оруулжээ. Монголчууд Солонгосын хааны гэр бүлтэй олон удаа ураг төрлийн холбоо тогтоож байжээ. Заримдаа солонгос хунтайж нар Монголын хааны ордонд ирж монголчуудын хэл ёс заншлыг сурч аваад буцдаг байжээ. Хоёр орны харилцааны энэ үеийн түүхийн далаад жилийн дотор Солонгос таван хан Боржигон овгийн охидыг хатнаа болгон буулгасан байдаг. Худ хүргэний харилцаатай бусад улсын адил Солонгос өөрийн гэсэн хууль цааз, засаглалын байгуулалт, татварын тогтолцоотой байв. Чингис Хааны үеийн хүргэд шиг солонгосын хаадыг аян дайнд дайчлан алс газарт илгээдэггүй байв. Чухам ийм учир шалтгаанаар тэдний монгол хатад авга Алага Бэхи шиг төрийн хэрэг барилцаж шийдэх эрх мэдэл олж аваагүй байна. Солонгос улс Монголын их гүрний түүхнээ хамгийн сүүлд монголын хаанд хүргэн орж холбоотон болсон улс бөгөөд энэ харилцаа холбоогоо 1368 онд Юань улс мөхөх хүртэл тасралтгүй хадгалжээ.

“Солонгосын үнэн түүх” хэмээх шаштирт бичигдэн үлдсэн 1442 оны үйл явдлын тэмдэглэлээс үзвэл Монголын нэгэн хаан хоёр улсын хооронд тогтож байсан өмнөх үеийн харилцааны тухай “Бидний дээд их өвөг Чингис Хаан найман зүгт төр барьж байхад… түүнийг дагадаггүй хэн ч тэнгэрийн дор байгаагүй билээ. Тэр цагт Солонгос улс бидэнтэй бусдаас илүү ойр дотно нөхөрлөж төрсөн ах дүү мэт байлаа” гэж бичиж байжээ.

Монгол хэлийг сайн эзэмшсэн, Монголд хамаатан садан олонтой, Монголын язгууртнуудын дунд удаан хугацаагаар амьдарч Монгол нэртэй болсон Солонгосын хаад Монгол хүн адил харилцдаг байв. Гэвч солонгос хэлтэй, солонгос нэртэй, солонгос хамаатан садантай тэд өөрсдийн захирдаг ард иргэддээ солонгос хүн хэвээр үлдэх ажээ. Ийн тэдний төрсөн, дагасан хоёр талд нэгэн адил мэт хувирч чаддаг байсан чадвар нь Солонгосын хөгжил цэцэглэлтэд ихээхэн хувь нэмэр оруулсан ч амьдралын ийм тогтворгүй хэв маяг нь солонгос хаад, тэдний гэр бүлд өөрийн үнэтэй зүйлээсээ татгалзах, хагацахад хүргэж байв.

Монгол хатад цаг үргэлж дэргэд нь байж сахин хамгаалдаг Монгол хэвтүүлтэй, асар холгүй орших эх нутагт нь Монголын их цэрэг байсан тул эр нөхөр нь болох Солонгосын хаан айж сүрдэхээр басхүү түүнд үл захирагдах агуу хүчний ивээл дор амьдарч байв. Гэхдээ харь оронд богтлогдсон хатдын эрх мэдэл тухайн улсын горим хүрээнд захирагддаг тул өөрийн хүсэл эрмэлзлэлээр эрх чөлөөтэй байж чаддаггүй байв. XIII зууны сүүлч XIV зууны эхээр Солонгос, Монголын харилцаа солонгос хаадын, Монгол хатдын үйл ажиллагаа, оролцоо дэмжлэг дээр голлон тогтож байв…

..Чингис Хаанаас өвлүүлэн үлдээсэн хууль цааз, дүрэм журам, ёс заншлыг түүний үр хойчис алхам бүрийдээ зөрчиж уландаа гишгэснээр эцэг хөх тэнгэр, газар хатан эхийн эв зохилдлогоо алдагджээ. Энэ бүхний уг шалтгаан нь хаад, ихэс Монголчуудын амьдралын уламжлалт хэв маягаа орхисон, ялангуяа Чингис Хааны хамгийн чухал зүйл хэмээн учирлан сургасан Монгол соёлын нэгэн үндэс болох арга, билгийн тэнцвэртэй байдлыг үгүй хийснээс болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Эрх баригчид арга билгийн зохилдлыг эргүүлэн сэргээхийн тулд шашны олон урсгалынхнаас шүтлэгтэн олонд зориулан явуулдаг зан үйлээс хүлээн авахаар шийдвэрлэсэн байна. Эмэгтэйчүүдийг Чингис Хааны байгуулсан төрийн тогтолцооноос нэгэнт холдуулан зайлуулсан тул төвөгтэй байв. Эзэнт гүрнийг захирч байсан сүүлчийн эзэн хаан энэхүү алдагдсан зохилдлогоог даруй бий болгох зөв арга зам олох хэрэгтэй гэдгийг сайн ойлгох болжээ. Тэрээр өөрийн махбодид эм билгийн эрчим хүчийг шингээн оруулж чадвал арга билиг төгөлдөршинө гэж үзжээ. Хэрэв эзэн хаан өөрийн арга билгийг тэгш төгөлдөр болгож чадваас засаг төрийн хэрэг цэгцэрч, дэлхий ертөнц зөв гольдролдоо орно гэж итгэж байв.

Монгол үндэстэн үхэхийн өмнөх сүүлчийн амьсгаа авч байгаа мэт хэцүү цаг үеийг туулж байв. Монголын хаант төр оршин тогтнож ирсэн түүхийнхээ хамгийн сүүлчийн үе шатад ороод байлаа. Сая сая мал сүрэг бэлчиж байсан үржил шимт тал нутаг хувхайран хоосорч амьд үлдсэн цөөн толгой мал сүрэгт идэх өвс, уух ус олдохоо больж малаа даган, ашиг шимийг нь хүртэн амь зуулгаа залгуулдаг нүүдэлчдийн амьдралд үхлийн аюул заналхийлэх болов. Өмнө зүгээс эх нутагтаа эргэн ирсэн хааны ургийнхан нэгэн цагт үзэсгэлэнтэй сайхнаараа гайхагдаж байсан энэ нутагт тархан суусан овог аймаг, отог бүлгийнхнийг хооронд нь хагаралдуулан дайн самуунд автуулав. Малын бэлчээр ч хоосрон сүйтгэгдэж, ой мод ч цөлмөгдөн усдав. Мал нь ган, зуданд нэрвэгдэж олноороо үхэж үрэгдэх болов. Арай гэж амьд үлдсэн цөөн хэдэн толгой мал нь хэсэг бүлгээрээ явах дээрэмчдийн гарт орох болжээ. Их Хааны угсаатай гэгдэх буцаж ирсэн түрэмгийлэгчид монгол ёс заншил хууль журмыг огтхон ч ойшоож дагадаггүй хүмүүс байв. Энэ цаг үе монгол төрийн түүхийн сүүлчийн эрин үе хараахан биш байсан байж болох ч эцсийн амьсгал тасрах тэр мөч тун ойрхон болсон байлаа. Амь зуулга залгахын тулд Мин улсад дагаар орж, цэргийн хэсэгт нь дайчлагдах эсвэл хилийн харуул нь болохоор өмнө зүг нүүх монголчуудын цуваа их говийг туулан тасралтгүй үргэлжлэх болов.

Улиран өнгөрөх түүхийн хуудаснаа дахин хэзээ ч Монголчууд шиг ийм гайхалтай хүчирхэг бөгөөд чухал үүрэг гүйцэтгэсэн өөр нэгээхэн ч улс үндэстэн гарч ирэхгүй биз.

Гэсэн хэдий ч самуурал завхрал, ялагдал доройтлыг сөрөн боссон нэгэн эмэгтэй өөрийн байр сууриа хатуу хамгаалж, салж бутарсан Монгол овог аймгуудаа нэгтгэж, туг сүлдээ босгон мандуулж, Алтан урагт дахин сэргэх хувь тавиланг эргүүлэн авчирсан бөлгөө. Түүний Монгол Улс үндэстнээ гэсэн хүсэл сэтгэл нь Монголчуудын хувь заяа амь торгоон тогтсон цорын ганц нарийхан мяндас болсон билээ. Тэр бол Элбэг хааны охин Самар байв. Хаанаас өвлөн авсан өвөг дээдсийнхээ жинхэнэ төрсөн охин байсан юм. Хэдэн арван жилийн турш үргэлжилсэн энэ хямрал самууныг төвшитгөхийн тулд төрийн эрхийг барихаас өөр аргагүй болсон Самар улсын хэргийг засах болж, монголчуудын хувь заяаг шийдвэрлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан бөлгөө. Улс орны оршихуй түүний авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс хамаарах болсон гүнжийн өмнө шийдвэрлэх ёстой саад бэрхшээл тасралтгүй гарч ирсээр байлаа. Тавь гаруй жилийн турш Самар монгол үндэстэн, угсаатнуудыг дахин нэгтгэх, Монголд үлдсэн багахан баялгийн төлөө өвөр зуураа тэмцэлдэхийн зэрэгцээ урьд цагт өөрсдийнх нь хэвтүүл байсан хүмүүст эрх мэдлээ алдаж тэдний хараа хяналтад орж хоригдох болсон Боржигон овогт эрчүүдийг чөлөөлөхийн төлөө тэмцсэн боловч төдийлөн амжилтад хүрч чадаагүй байна. Түүний эр нөхөр Ойрадын тайш болсон бөгөөд монголчуудыг чөлөөлөхөөр тэмцэлдэж яваад амь эрсдэхэд гүнжийн хүү эцгийнхээ тайш цолыг өвлөн авч түүний явуулж байсан тэмцлийг нь үргэлжлүүлэв.

Самар гүнж Монголын нэр төдий болсон их их хаадыг тэднийг гар хөлийнхөө тоглоом болгож байгаа хүмүүсээс чөлөөлүүлэх тулаанд эр нөхрөө зоригжуулан мордуулдаг байв.

Чингис Хааны Алтан ураг төрийн эрх барих эрхээ бүрмөсөн алдаж, хаа хамаагүй газраас гаралтай этгээд хачин хүмүүсийн мэдэлд оржээ. Тэд Монгол нэртэй, Монгол хэлээр ярьдаг, Монгол хувцастай, зарим нь Монгол эхнэртэй, ерөнхийдөө Монголын нийгмийн салшгүй хэсэг болсон байв. Гэвч тэд Монголчуудаас ялгаатай хэвээрээ үлджээ. Тэд эзэнт гүрний үед Монголчуудын Осетин, Орос, Украйн зэрэг Европын олон газар орноос Их хаан харуул болгохоор авчирсан цэрэг эрс, тэдний үр сад байсан боловч одоо цаг хугацаа улиран өнгөрөхөд Алтан ургийнхныг өөрсдийн хараа хяналтдаа оруулсан байлаа.

XV зууны энэ цаг үед Монголыг эзэгнэн суух болсон эдгээр эрсийг Арагтай гэж ерөнхийд нь нэрлэдэг байсан нь тэдний нэгэн удирдагчийн Элбэг хааны ордонд араг үүрч аргал түүдэг байсантай нь холбоотой байв. Хэдийгээр нийгмийн доод давхаргад хамаардаг байсан ч тэрээр бусад аргалчны адил аргал түүх нэрийдлээр бүтэн өдрийн турш эрх дураараа сэлгүүцэн тэнэх боломжтой байв. Ийн чөлөөтэй явах эрх эдэлдэг байсан нь түүнд олон хүнтэй уулзаж, ярилцах боломж олгодог байсан ба улмаар хааны ордонд ажил үүрэг нь бусдаас ялгарч хүчирхэг болоход ихээхэн нэмэр болсон төдийгүй Элбэг хааныг үгүй болсны дараа эрх баригчдын дунд өөрийн гэсэн байр суурьтай болох эх үндсийг тавьж өгчээ. Тэрээр Боржигон овогтонд илтэд дайсагнаж ханддаг байв. Тиймээс ч “Дайсныхаа хүүг эрхлүүлж болохгүй” гэж байнга хэлдэг байв.Ийм үзэл бодолтой Арагтай Алтан ургийн үр хөвгүүдийг толгой дарааллан алаад зогссонгүй зарим нэгийг нь өөрийн алсын зорилгодоо ашиглахаар хараа хяналтан дороо байлгах болов.

Нөхөр, хүү нараа амь үрэгдсэний дараа Самар ач хүү Эсэнгээ Ойрадын тайш болж түүний садан төрөл Алтан ургийн эрчүүдийг хараа хяналтдаа оруулсан харийнхнаас чөлөөлж, ойрад, Монгол овог аймгийнхныг нэгтгэхийн төлөөх тэдний тэмцлийг үргэлжлүүлэхийг хүсч байв. Өвөг эцэг болон эцгийнхээ амь насаа зориулсан үр дүн муутай тэмцлийг залгамжлан үргэлжлүүлэхээр шийдсэн Эсэн тайш богинохон хугацаанд Монгол овог аймгуудыг өөрийн тугийн дор тун хялбархнаар нэгтгэхдээ заримыг нь дайлаар мордон хураасан ч ихэнхийг нь ухуулан сэнхрүүлж хүчин хавсаргажээ. Ийн Монголчууд хүч хавсран нэгдсэнээр дайчин удирдагчийнхаа тугийн дор дахин дэлхийн хязгаарт хүрэхэд бэлэн болжээ. Монголчууд Эсэн тайшийн удирдлага дор нэгдэж Лалын шашинт Ил хаадын улсын хаан ба Мин улсын эзэн хааныг ялав. Гэвч тэрээр эмэг эхийнхээ насан туршдаа тууштай зүтгэж ирсэн зорилгыг бүрэн дүүрэн гүйцэлдүүлж чадахгүй байсан нь түүний цаашдын үйл хэрэгт ихээхэн саад тотгор болж байв. Самар ач хүүгийнхээ явуулсан аян дайн, хоорондоо эвдрэлдэн тэмцэлдэгч язгууртнуудыг төвшитгэсэн явдал, мөн урд цагийн хэвтүүлүүдийг увайгүй араншинг номхотгон дарсныг үргэлж дэмжиж иржээ. Эсэн тайш болох үедээ Ойрад, Монголын ард түмнийг Боржигон угсаатны захиргаан дор нэгтгэх түүний хүслийг дагадаг байв.

Хэдийгээр Эсэн тайш тэднийг аврахын төлөө тэмцэж байсан ч Боржигоныхон түүнтэй нэгдэхээс удаа дараа татгалзаж, бүр түүнийг эсэргүүцэх болов. Үүнээс болж Эсэн Монголчуудад хааны угсааны гэр бүл байх хэрэггүй гэсэн дүгнэлтэд хүрч Боржигон нарыг төрийн толгойд гаргах урьдын хүслээ өөрчилж одоо харин тэднийг устгахаар шийдэв. Самар бүх амьдралаа Боржигон овогтны засаг төр барих эрхийг сэргээхэд зориулсан боловч түүний ач хүү өөр бодолтой байв. Самар өндөр настай болсон байсан ч амьсгал хураахаасаа өмнө дахин нэг томоохон тулаан хийхээр бэлтгэж байлаа. Энэ удаад түүний дайсан нь өөрийнх нь төрсөн ач хүү байв. Тэрээр түүний овог нэгт садан төрлийн бараг бүх эрчүүдийн амийг хөнөөж, Боржигон овогтныг дахин хаан төр барих боломжгүй болтол доройтгон сүйрүүлээд байлаа. Эмэг эхийн ач хүүгийнхээ эсрэг явуулсан тэрхүү тулаан бол Боржигон овогтноос цор ганцаар үлдсэн нялх нярай хүүг аварч үлдэхийн төлөөх тэмцэл байв. Тэр үед Эсэн тайшийн охин нас бие залуу байсан ч эр нөхрөө алдаад удаагүй байсан бөгөөд нярайлах цаг нь ойртсоор байлаа. Хэрэв түүнээс төрөх хүүхэд хүү бол Самарын хувьд түүний Боржигон овогтноос хаан ширээ залгамжлах сүүлчийн хүн болох найдлага төрүүлж байв. Эсэн тайш охиныхоо бие давхар болсныг мэдэнгүүтээ төлөвлөснөө гүйцэлдүүлэхээр идэвхийлэв.

Тэрээр Боржигон хүүхдийг төрөнгүүт нь алаад эхийг нь тэр даруй өөр нэгэнтэй суулгах санаатай байв. Гэвч Самар гүнж түүнээс өрсөн гучинцар охиноо зугтахад нь тусалж эсэн мэнд хүүгээ төрүүлтэл нь нууж чаджээ. Залуу эх хүүдээ мөнхөд дэвжин дээшлэхийн ерөөл тавин Баянмөнх гэдэг нэр хайрлажээ. Самар хатан Их Хааны удмыг залгаж төрсөн гурван настай жаахан хүүгээ өөрийнхөө ач хүүгийн захирдаг газраас оргуулан зайлуулж үнэнч сэтгэлт Монголчуудын ивээл хамгаалалд итгэн өгөхөөр шийдсэн нь түүний өөрийн овог угсаа, улс үндэстнийхээ төлөө хийж чадах хамгийн сүүлчийн гавъяат үйлс байв. Самар хатан, түүний ач хүү Эсэн тайш нар бараг нэгэн зэрэг хорвоогоос хальсан байдаг. Хатан өөрийн амьдралаа нэгэн багахан ялалтаар өндөрлөсөн бөгөөд энэхүү ялалт нь хожмын нэгэн өдөр агуу их үйлийн эхлэл болно гэдэгт итгэж байлаа.

Магадгүй тэрээр түүнийг насан эцэслэсний дараа Боржигон овогтны захиргаан дор нэгдсэн Монгол улс байгуулагдах болно гэж мөрөөдөж байсан байж болох юм. Хүн бүрийн амьдралын сүүлчийн мөчид тохиолддог шиг Самар хатан түүний байгуулсан гавъяа ирээдүйд болох үйл явдалд өөрийн гэсэн нөлөө үзүүлнэ, эсвэл түүхийн их урсгалд замхран алга болно гэдгийн алин болохыг өөрөө ч тааварлаж чадаагүй байж болох бөлгөө…

..Мандухай 1448 оны шар Луу жил төржээ. Луу сарын тооллын арван хоёр жилийн амьтад дотроос хамгийн хүчирхэг, эзэрхэг, сүрлэг, дайчин бөгөөд байгаль ертөнцөд байдаггүй цорын ганц ер бусын ид шидэт амьтан бөлгөө.

1464 онд нэгэн онцлог чухал явдал тохиосон нь Мандуул хаан өөрөөсөө бараг хорин тав дүү дөнгөж арван зургаан нас хүрч байсан Мандухайтай ураг барилдав. Тэрээр хааны ордонд хөл тавьснаас хойш бараг арав орчим жил улс төрийн амьдралд ямар нэгэн ил тод үүрэг гүйцэтгээгүй байдаг. Гэвч шаардлагатай цаг ирэхэд тэрээр улс төрд идэвхийлэн оролцож, Монголын түүхэнд төрсөн хамгийн хүчтэй, эрх мэдэлтэй хатан болсон бөлгөө. Хожмын нэгэн цагт их цэрэг удирдан дайлаар мордож улсыг захирах хувь тавилантай төрсөн бага залуухан Мандухай тэр өдрийг эргэн иртэл эргэн тойрны хүмүүсээс хэрэгтэй бүхнийг суралцаж анир чимээгүйхэн амьдарч байлаа. Мандухай ямар зүс царай, бие галбиртай байсан тухай мэдээ байдаггүй. Гэвч хааны хамгийн хайртай эхнэр байсны хувьд Мандухай тухайн үеийн Монголчуудын гоо сайхны үнэлэмжид тохирсон бүсгүй байсан нь дамжиггүй. Бүсгүй хүний бие цогцос олон давхар өмсгөл хувцасны цаана далдлагддаг учир тэдний гоо сайхны онцлог шинж чанарыг нүүр царайгаар нь тодорхойлдог байж. Монголчууд жижгэвтэр нүд, ам, хамартай дугираг царайнд дуртай байж.Төгс гоо үзэсгэлэн бол төгрөг саран адил царайтай, час улаан хацартай, цайвар цагаан арьстай байх гэж үзэж хацар нь улаан байх тусам илүү хөөрхөн гэж тооцдог байжээ.

Мандухай гэдэг нэр нь мандах, дээшлэх, дэвжих гэсэн утгатай. Энэ үг өглөө нар мандах, туг сүлдээ орой дээрээ өргөн мандуулах, хатан эсвэл хаан өргөмжлөгдөх гэсэн утгыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, энэ нэр хүчирхэг, гайхамшигтай, ариун гэсэн утга агуулгатай. Мандуул болон Мандухай гэдэг нэрс мандах гэсэн нэг үндэстэй, тийм учраас энэ адил чанарыг ураг барилдахдаа заавал нэг харж үзсэн байх учиртай билээ. Мандуул Монголын эзэнт гүрний Их Хаан цолтой байв. Энэ цолыг хүртсэн хаан зөвхөн Монгол төдийгүй Хятад, Солонгос, Манж, Төв Азийг бүхэлд нь хууль ёсны дагуу захиран засах ёстой бөлгөө.

Мандуул хаан, Мандухай Сэцэн Хатан хоёр гол өргөөгөө тухайн үеийн түүхэнд тохиосон олон үйл явдал өрнөж байсан Хятад худалдаа найманы голдрил болсон Торгоны Замын аль алинаас алс зайдуу газар байгуулжээ. Тэд эртний түүхт Орхоны хөндийн Мөнхбулаг гэдэг газар нүүдлийн ордоо буулгажээ. Бүтэн жилийн турш урсдаг усны ундаргатай учир “мөнхийн булаг” буюу “мөнхийн эх сурвалж” гэсэн нэртэй бөлгөө.

Мөнх хөх тэнгэрийн зарлиг нэгэн өдөр бууж Монголчууд дахин дэлхийн талыг эзэлсэн их гүрний эзэд болно. Өндөр настай хааны бие лагшин тамир тэнхээгээ улам бүр алдаж, залуу жонон Баянмөнх Хятадын хилийн орчимд довтлон дайлж байсан тэр цаг үед Мандухай өөрийн байр сууриа бэхжүүлж, холбоотонтой болж, хувь тавилан хаашаа эргэхийг шууд тааж мэдэхгүй боловч оноогдох үйлсээ гүйцэлдүүлэхээр бэлтгэж байлаа. Түүний хувьд өнгөрсөн цаг хугацаа бусдыг харж, тэднээс суралцаж, өөрийн цаг үеийг хүлээн, өөрийгөө боловсруулж авах боломж байжээ. Тун удалгүй түүнийг сорих цаг ирэх бөлгөө.

Хорин гурван настай Мандухай орь ганцаар эзэнгүй ордон сахин үлджээ. Түүний хувь заяа дээрэмчдийн гарт амь үрэгдсэн Жононгийнхтой харьцуулахад арай илүү ээлтэй байжээ. Хаан нөхөр нь тэнгэрт хальж, угсаа залгамжлагч ч харамсалтайгаар амиа алджээ. Ганцаар хоцорсон хатан алс нутгаас бага хатан болж ирсэн нэгэн бөлгөө. Түүнийг харьд өгсөн төрөл садан, овог аймгаас нь одоо хэн нь ч үлдсэнгүй, бүгд хорвоогийн энхэл донхолд алга болжээ.

Үхэл Мандухайн мэдэх бүх хүмүүсийг авч одсон шиг амьдрал түүний хувь заяаг орвонгоор нь өөрчилжээ. Их хаан тэнгэрт халихдаа түүнийг авч асрах ах дүүгүй орхижээ. Мандухай Сэцэн хатан хэвээр байсан бөгөөд улсыг захирах бүрэн эрх түүний гарт үлджээ. Чингис хаан Монгол улсыг байгуулснаас хойш өнгөрсөн хэдэн зууны туршид Монгол төр анх удаа залгамжлан захирах хааны үр удамгүй болсон нь энэ байлаа. Амьдрал Мандухайг хэзээ нэгэн цагт ийм хүнд үе ирнэ гэдэгт бэлтгэж амжаагүй байв. Тэр өөрөө ч юу хийж чадахаа хараахан ухаарч ойлгоогүй байлаа. Түүнийг өмгөөлж хамгаалах ганц ч эр хүн байсангүй. Тэрээр чухам ямар замналыг дагахаа мэдэхгүй байв. Түүнд ухаан бодлоо эмхтгэхэд туслах үлгэр домог, сургаал ном, хөтлөн чиглүүлэх үг захиас ч байсангүй. Багадаа уншиж бичиж сурсан ч түүнд энэ цагт хэрэг болгон уншиж санаа сэдлээ сэргээх ном ч байсангүй, зөвлөж тайтгаруулах багш ч байсангүй.

Одоо түүнд сурч боловсрох цаг үгүй байв. Хэн нэгний нөмөр нөөлөг, хамгаалалт дэмжлэггүй бэлэвсэрч хоцорсон Мандухай хаан болох гэсэн хүсэлтэй хүн бүрийн шуналыг хөдөлгөж байлаа. Их хаан, Жонон хоёр хорвоог орхиж угсаа залгамжлах хүн үлдээгүй тул таалал төгссөн хааны эхнэртэй ураг барилдах нь хаан ширээг хууль ёсоор авах хамгийн зөв арга байв. Тэрээр тал нутгийн их санаатай эр хүн бүрийн дотрыг гижигдэж сэтгэлийг хөдөлгөх болжээ. Энэ Монголын түүхэнд цорын ганц удаа тохиосон хааны суудал хоосрон эзгүйрч хэн дуртай нь гарч ирэн өөрийгөө хаанд өргөмжлөх эсвэл төрийн эрхийг булаан авах бүрэн боломжтой болсон эгзэгтэй цаг үе байлаа. Хатныг өөрийн болгож чадсан хэн нэгэн ноён эсвэл цэргийн жанжин Мөнх тэнгэрийн ивээлээр хаан суух боломжтой болжээ.

Мандухай амьдралдаа анх удаа бие даасан шийдвэр гаргав. Тэрээр түүнтэй гэрлэхийг хүссэн хүмүүсийн хэнтэй ч нийлэхгүй гэж шийджээ. Мандухай Сэцэн Хатан монгол төрийн хатан байсан тул амьдралынхаа зам мөрийг өөрөө гаргахаар ийнхүү сэтгэл шулуудав. Энэ хэрэг бол бар жил болжээ. Мөнх хөх тэнгэр сэтгэл зоригийг төрүүлэхэд гагцхүү эх дэлхий түүнийг амжилттай гүйцэлдүүлэн биелүүлэх хүчийг хайрладаг. Мандухай Мөнх Хөх Тэнгэрийн сэтгэл зоригийг олсон байв. Харин өөрийн төлөвлөгөөг бодитоор хэрэгжүүлэхийн тулд Газар эхийн дэмжлэг хэрэгтэй байв. Түүний хэлэх үгс нь хатан хүний ард олондоо хандсан чин сэтгэлийн гуйлт байх нь эргэлзээгүй байсан юм. Энэ үг түүний амьдралын хамгийн чухал улс төрийн илтгэл байлаа. Тэрбээр ард түмэндээ ямар сонголт хийх хүсэлтэй байгаагаа мэдэгдэхээс гадна чухам ямар учраас энэ хүслийг ард олон нь хүлээн зөвшөөрч дагаж мөрдөх ёстойг тодорхой ойлгуулах ёстой байв.

Мандухай шүтээний өмнө гарч ирж сэтгэлийн цөхрөл, эрэл хүслийн үгээ эхэллээ. Тэрээр хар цагааныг ялгах аргагүй газар зүг чигээ олохгүй бэдэрч явна хэмээн шашны дуулал, ариун судрын үгс мэт хэлээр амьдралаа, байгаа байдлаа дүрслэн өгүүлээд, цоохор морины өнгийг ялгаж салгахын аргагүй харанхуй орчлонд амьдарч байна хэмээн хэлэв. Анхны хатны онгоныг гэрэл гэгээ, цэцэн ухааны эх булаг хэмээгээд хүмүүний хорвоод цэцэн ухаанаа хүртээн соёрхохыг гуйв. Мандухай ийн сэтгэл хөдөлгөм, гэхдээ айдас төрүүлэм үгээр тусламж хүссэнийхээ дараа асрын гадна зогссон хэвээр өмнөхөөсөө илүү албан ёсны шинжтэйгээр Монгол төрийн уламжлалын талаар олонд хандан өгүүлж эхэлсэн бөгөөд аль хэдийн нөхөр болох хүнээ сонгосон нь илт байсан бөгөөд хүмүүс бүгд энэ шийдвэрийг нь зөвшөөрөн дэмжээсэй гэж хүсч байв.

Мандухай өөрөө мөн яах ч аргагүй хүнд байдалд орсон тухайгаа өгүүлж,

“Харах нүд минь далдирч байна, Харайх хөл минь сөгдөж байна”,

“Үнэн үгээ өгүүлж Үүрдийн тангараг өргөе” хэмээн ам өчиг тавьжээ.

Уурга чинь урт биш үү

Уургалж ав, өчүүхэн намайг

Хуйв чинь агуу биш үү

Хурааж ав, өчүүхэн намайг” хэмээн харц ардууд тэр даруй ойлгох энгийн үгээр Их Хатан болон Монгол түмэндээ тангараглажээ.

Тангарагаа өргөхдөө “ Бурхан минь!Тэнгэр минь! Эх дэлхий минь! Андгай тангаргийг минь сонсон соёрхоно уу. Энд эдгээр эр амьтад байна. Хэрэв ам тангарагаас няцвал биднийг эдэн шиг хөнөөтүгэй” гэдэг юм. Монгол дайчдын хувьд тэнгэр болон газар эхийн өмнө өргөх энэхүү тангараг нь хамгийн хатуу тангараг байв. Үүний арай зөөлөн хэлбэр нь сум хугалан хоёр гартаа барин тангарагаа умартвал “хугарсан сум шиг” хугачуулан үхнэ гэдгээ илэрхийлдэг тангараг байж. Цугласан олны дундаас нэгэн хүн урагш гарсан нь эр хүн гэхэд ч хэцүү, туниа муутай биедээ хэт томдсон гуталтай зургаа долоохон настай жаал хүү байжээ. Ёслолд зориулан өмсгөсөн гурван давхар ултай гутал нь түүниг өндөр болгон харагдуулж байсан ч хүү улс үндстнийг удирдах нь байтугай биеэ ч хянаж чадахааргүй байв.

Дөнгөж морь унаж сурах насандаа буй жаал хүү хэрхэн их цэргийг удирдаж Хааны албаа хашиж, ард иргэдээ хамгаалж чадах билээ? Мандухай энэ хүүг Их Хатан болгон цугласан түмэнд талийгаач нөхөр болох Мандуул хааны үеэл хэмээн танилцуулж, “… Балчир үрийг чинь бага гэж Басаж доромжлохгүй би” хэмээн түүнийг Их Хаан болгохыг хүсч буйгаа Их Хатны онгонд хандан өгүүлэв. Мандухай жаахан охиноос нэг их хэтрэхээргүй туршлага муутай залуу хатан долоон настай бяцхан зэрэмдэг хүүтэй нийлээд зогсож байв. Тэднийг харахад ямар ч урам зориг төрөхөөргүй байв. Их хааныг дэргэдээ авсан Мандухай шинэ эрч хүч, зориг тэмүүлэлтэйгээр амьдралынхаа цоо шинэ, ариун замд гарахад бэлэн болжээ…

… Их хааны онгоны өмнө өргөсөн андгай тангараг, мөргөл залбирал, үйлдсэн зан үйл нь Дайн Хааны хаанчлалд тун шаардлагатай байсан хууль ёсны Их Хаан хэмээн олон түмэн хүлээн зөвшөөрөх, итгэл үнэмшил төрөхөд тун чухал алхам болсон юм. Мандухай дайн тулаанд ялж, дээд тэнгэрээс адислагдан, ивээлийг нь хүртсэн болохоо нотлон харуулсны дараа л бүх Монголчуудыг удирдан захирах боломжтой байв. Батмөнхийг Даян Хаанд өргөмжилсний дараа Мандухайтай тулгарах дайснууд нь Батмөнхийг ийн өргөмжилөхөөс нь өмнө түүнийг эрхэндээ оруулахаар өрсөлдөн тэмцэж байсан урьдын дайснууд нь байв.

Зүүн урд талд нь буй Мин улс хэдийгээр сулран доройтож байсан ч Монголчуудад нэлээд аюул занал учруулсан хэвээр байсан төдийгүй тэднийг захирах эрхтэй гэж өөрсдийгөө үзэж байв.

Баруун урд талд нь урьдын адил өөр хоорондоо сөргөлдөн тэмцэлдсэн Торгоны Замын Лал дайчид хүчээ зузаатган Монгол хаадыг эрхэндээ оруулж, Монголчуудыг захирахыг эрмэлзсээр байв. Мандухайн гол байрлал нь Монголын төв бүсийн тал хээр байсан бөгөөд энд ус элбэгтэй, малын сайн бэлчээртэй, хялбар туулах газар байв. Нэгэнт Өнөболд үнэнч байхаа илэрхийлсэн тул зүүн зүгийн бүсэд санаа зовсонгүй. Өнөболд тэднийг удирдаж байв. Хойд зүгийн Сибирийн овог аймгууд талын нүүдэлчдэд хэзээ ч их аюул занал учруулж байсангүй. Баруун зүгийн овог аймгууд Мандухайд хамгийн бага дэмжлэг үзүүлж ирж. Гэхдээ түүний хамгийн заналт дайснууд нь өмнө зүгт говийн цаана байлаа. Энэ бол зүүн өмнө нь орших Мин улс, баруун өмнө нь орших Лал шашинт дайчид байсан юм.

Мандухай өмнө зүгт хандахаасаа өмнө эхлээд баруун жигүүрээ бэхжүүлж дотоод дайсантайгаа тулахаар шийджээ. Мандухай анхныхаа томоохон аян дайнд бэлдэж олон үхэр тэргэнд хоол хүнс, тоног хэрэглэлээ ачин, явган цэргүүдээр хамгаалуулан хөдөлгөв.Дараа нь тэр өөрөө гол цэрэгтэйгээ хөдөлж, тэднийг гүйцэж түрүүлэх байв. Гурав хоногийн дараа залуу хатан өөрөө мордоход бэлэн болов. Түүхийн сурвалж бичгүүдэд бүгдэд нь тэрээр нум, саадаг үүрэхэд эвтэйг бодон үсээ янзалсан гэж бичсэн байдаг. Тухайн үеийн гэрлэсэн язгууртан Монгол эмэгтэйн үсний засалт нь дайтаж тулалдахад болон гараар юм хийхэд саад болохоор байв. Тэрээр амар тайван цагт өмсдөг толгойн өмсгөл, бортого малгайгаа тайлж, дайны дуулга өмслөө. Хатны бортого нь түүнийг эр хүнээс ялгах цор ганц өмсгөл байжээ.

Бортого бол түүхэн дэх хамгийн ихэмсэг толгойн өмсгөлийн нэг байсан ба эзэнт гүрэн байгуулагдснаас хйош язгууртан Монгол эмэгтэйчүүдийн эрхэмлэн нандигнадаг гоёл нь байж. Толгойн өмсгөл нь бургасны мөчрийг ногоон эсгийгээр урт нарийн болгон ороосон, дугариг суурьтай дөрвөлжин оройтой гурваас дөрвөн фүүт өндөр өмсгөл байв. Тогос, зэрлэг нугасны өд гэх мэт янз бүрийн гоёл чимэглэлийн зүйлийг оройд нь босоо байдлаар сулхан тогтоосон байдаг нь өндөрт дэрвэж, улам сүр жавхлантай болгох бөлгөө. Зиндаа өндөр байх тусмаа бортогын хийц илүү уран, чамин байх бөгөөд Мандухай хатны хувьд маш чамин гоёмсог бортоготой байсан нь тодорхой. Тэрбээр бортогын тэнцвэрийг хадгалахын тулд тусгай юүдэн дотроо үсээ ороож боодог байсан болов уу. Дайн тулааны олон өөрийн соёлтой улсад нум, сум нь байлдааны гол зэвсэгээс гадна улс төр болоод дайны гол бэлгэ тэмдэг болдог байсан.

Монголчуудын хувьд нум сумаа гэрийнхээ ханад өлгөсөн байвал амар тайвны, буулгасан байвал дайны тэмдэг байлаа. Даян хаан хэдий бага балчир байсан ч саадаг нумаа ханын толгойноос буулган үүрч, бэлэгдлийн ёсоор их цэргээ удирдаж болох байв. Гэвч түүхийн тэмдэглэлүүдэд Мандухай Цэцэн Хатан их цэргээ удирдаж байсныг онцлон өгүүлсэн байдаг билээ. Гэхдээ тэр хүүг ардаа орхисонгүй. Хүү цэрэг армиа удирдаж чадах эсэх нь чухал биш, нэгэнт л хаан учир Мандухайг дагаж явах байлаа. Мандухай хүүг арагт хийж явсан гэж Алтан товчид бичсэн байдаг. Бусад эх сурвалжид түүнийг арьсан уут, араг шээзгий, модон хайрцганд хийж моринд тэгнэсэн гэх мэтээр бичжээ.

Долоон нас хүрсэн Даян Хаан морь гайгүй унаж сурсан байх учиртай. Гэхдээ багадаа тусч байсан өвчин нь тэр үеийг хүртэл шаналгадаг байснаас морь унаж чаддаггүй байсан байж болно. Тэр амьдралдаа хэд хэдэн удаа мориноос унаж байсан учраас Мандухай дайнд явахдаа бэртэлтэй балчир хааныг өөрөөр нь морь унуулах боломжгүй байсан биз. Мандухай Сэцэн Хатан Хаан хүүгийн нэрийн өмнөөс цэргээ удирдаж байсан тул хүү ямар нэг байдлаар цэрэгтэйгээ хамт байх нь хууль ёсонд нийцэлтэйн дээр тэрхүү аян дайныг амжилттай болгоход чухал ач холбогдолтой байв. Олон үеийн туршид Их Хаанд өргөмжлөгдсөн эрс аян дайнд биеэр оролцож аз туршдаггүй байсан бол Мандухай Сэцэн Хатан хүүг бэртэлтэй ч гэлээ Хаан болохыг нь харуулж, түүнийг дагуулан дайнд явдаг байлаа. Хатны удирдлага, хүүгийн эр зориг нь бусдыгаа зоригжуулан дагуулдаг байв.

Мандухай байлдан дагуулалтын их аянд дунд зэргийн хэд хэдэн мөргөлдөөн, цөөн хэдэн том хэмжээний тулаан багтдаг. Тэрбээр баруун бүсэд бага зэргийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Гэхдээ тэрбээр Чингис Хааны удмын жинхэнэ хаантай хамт очсон бөгөөд тайшийг галтай цогтой дэмжигчид хүртэл ч Их Хаан тайшаас нь дээгүүр хүн гэдгийг, эцсийн эцэст түүнд л үнэнч байх ёстой гэдгийг мэдэж байсан тул Ойрадуудын зарим нэг хэсэг анхнаасаа Мандухайн талд орж, эцэстээ бусад нь бас дагав. Нэгэн дулааны үеэр Мандухайн дуулга мултарчээ. Энэ тулаан түүний анхны аян дайн байсан тул тэр тулааны талбарт хараахан дасаагүй байсан биз. Урчууд дуулгыг эр хүнд тааруулж хийдэг байсан тул түүнд дуулга нь томдож байсан бололтой. Мултарсан дуулга нь хүзүүнээс нь унжиж байгаад газар унасан байна. Жанжин байтугай ямар ч цэргийн хувьд тулааны үед ганцхан морио алдах тохиолдол нь дуулгаа алдахаас илүү аюултай байдаг. Дуулгагүй болсон толгойг нь ямар ч Ойрад цэрэг байгаа болгон харваж эсвэл сэлэмдэж болох байв. Өөрөө ч юм уу, шадар хамгаалагчдын нэг нь мориноосоо үсрэн буугаад дуулгыг авахад ил аюул байхгүй ч гэлээ дайсныхаа юм уу, өөрийн цэргийн моринд дайруулж гишгүүлэх бүр ч ноцтой аюул ирж болох байв. Түүний энэ золгүй байдлыг нэгэн Ойрад цэрэг хамгийн түрүүнд анзаарч “Хатан дуулгагүй байна” хэмээн хашгирав. Энэ нь шархадсан буга руу сүрэг чоно ноцохтой адил хатан руу бөөнөөрөө дайрахыг уриалж байгаатай бараг адил сонсогдож байсан боловч хатны ингэж санаандгүй хүнд байдалд орсныг ашиглахын оронд өнөөх Ойрад эр “Өөр дуулга авчир” хэмээн хэн нэгэнд хандан хэлжээ. Гэтэл илүү дуулгатай хүн олдоогүй тул тэрээр тулаан дундуур өөрийн дуулгыг тайлан хатанд өгчээ. Баримт тэмдэглэлүүдэд хатны амийг аварсан гэж хэлж болох тэр Ойрад цэргийн нэийг бичээгүй, зөвхөн үндэс угсааг нь дурдсан байдаг.

Мандухайн цэрэгт Ойрадын туслах хүч байсан байж магадгүй, эсвэл тэрээр хатныг хүндэтгэсэн дайсны цэрэг ч байсан байж болох юм. Тэр цэрэг Мандухайн талд орсон ч байсан, хатны эсрэг тулалдаж ч байсан, алин боловч Ойрадуудын дунд Мандухай их нэр хүндтэй байсныг харуулсан нэгэн жишээ юм. Мандухай дуулгаа алдсанаа давуу тал болгон ашиглаж чадсан. Малгай нь тухайн хүний сүнстэй маш ойр холбоотой гэдэг бөгөөд тэнгэрийн хамгаалал болдог байна. Тэнгэрийг газар дэлхийн малгай гэж үздэг Монголчууд хувь заяагаа өөрчлөн шинэчлэхийн төлөө заримдаа зориуд малгайгаа авдаг. Удирдагч нь дуулгагүй болсоныг хараад цэргүүд нь айж, дайны талбараас дайжин зугтаж болзошгүй болохыг ухаарсан Мандухай малгайгаа унагасан нь ялалтанд хүрэхийн дохио гэдгийг батлан харуулахаар улам илүү зоригтой дайран тулалдаж байв.

Дайснууд Мандухай руу их шороо босох мэт овоорон дайрахад, тэр тэднийг уулгалан дайрч, бүгдийг нь дарж хөнөөсөн тухай Алтан товч сударт тэмдэглэжээ. Тэрбээр тоолж баршгүй олон цэрэг олзолж, өөрт нь болоод Даян хаанд үнэнч байж чадаагүй удирдагчдыг нь цаазаар авчээ. Ийнхүү зуу гаруй жилийн дараа анх удаа Монгол орныг нэгдмэл хүчирхэг төр удирдах болов. Зуу орчим жилийн өмнө 1399 онд Элбэг хаан золгүй туулайтай таарсан тохиолоос хойш анх удаа Мандухай Боржигон овгийн удирдлага дор баруун, зүүн Монголыг нэгтгэж чадсан юм…

. Мандухай анхаансаа хүүг улс орны удирдагч болгохоор төлөвлөж буй нь түүний үйл хэргээс тод харагдаж байв. Тэр хүүг бусдын асаргаанд үлдээх юм уу, алс буйд газар говьд, эсвэл Алтайн нурууны олон ам хавцлын нэгэнд жижиг суурин барьж өгч, эсвэл анхны нөхөр Мандуултай хамт амьдарч байсан алс холын хээр тал руу ч аваачиж болох байсан билээ. Гэвч Мандухай ийм алхам хийсэнгүй, харин ч тэд аян дайны хатуу хөтүүг хамтдаа туулсан бөгөөд амьдралынхаа энэ үед Даян Хаан юу хэлж байсан тухай баримт байдаггүй ч тэрбээр Чингис Хаан нэгэн үнэнч албаттаа хандан хэлсэн “Бороотойд хамт норж, Хүйтэнд хамт хөрж байсан” гэсэн үгийг хэлж байсан болов уу.

Мандухай дайн тулаан, улс төр, удирдан захирахдаа гарамгай атлаа эцэг хүний үүргээ, ялангуяа төрсөн хөвгүүдээ хүмүүжүүлэх үүргээ сайтар биелүүлж чадаагүй Чингис хааны гунигт алдааг давтахгүйг хичээж байсан бололтой. Чингис хааны хөвгүүд эцгээсээ айж эмээж өссөн ч сахилга журамгүй байсан. Тэд удирдан захирах эрдэмд суралцахаасаа илүү ан хийж, морь уралдаж, мөрийцөж, эмс хүүхэн хөөцөлдсөн дэггүй архичид байсан юм. Чингис хаан ингэж сайн эцэг байж чадаагүйн гай нь хожим гарч эзэнт гүрэн нь нь мөхөж, насан туршийнх нь үйл хэрэг нуран унасан юм. Харин Мандухайн хувьд олон хүүхдээр баярхах ч хэрэг байсангүй. Түүнд ганц хүү л байсан бөгөөд түүнийг дайн самуунд ч, амар тайван цагт ч улсаа удирдаж чадах хүн болгохын төлөө тэрбээр сэтгэл шулууджээ.

Мандухай хүүг байнга өөртөө ойр байлгаж, харж хамгаалдаг байсан ба энэ үүргээ өөр хэнд ч итгэн хариуцуулдаггүй байж. Мандухай “Эрдэнэ мэт хүүгээ хамгаалж” тэнгэрийн ивээлийг гуйн “Эзэн тэнгэр минь, хүүг хорон санаат, нүгэлт хүмүүсээс сэрэмжлэн хамгаалагтун!” хэмээн Мөнх Хөх Тэнгэрт чин сэтгэлээсээ залбирдаг байжээ. Мандухай цаг ямагт сэрэмжлэн түгшиж, улс орны амин гол болсон хүүг осол эндэлгүй хамгаалж байв. Үйл Хэргээрээ тэр Чингис Хааны удам угсааг авран хамгаалсан юм. Мандухай эрдэнэ мэт Боржигоны алтан ургийг үл элэгдэх, үл автах болгон дархлав. Ийнхүү “бууршгүй Даян Хааныг хамгаалж Боржигон овгийн тулгын галыг бадраав. Бяцхан Даян Хаанд хожмын нэг өдөр дэлхийн хамгийн дайнч, хамгийн харгис түрэмгий овог аймгийг захирах Их Хаан болох төгс чанар байгаагүй байж мэдэх ч тэрбээр Монгол Чингис хааны алтан ургаас үлдсэн цор ганц эр байлаа.

Мандухай чадах чинээгээрээ түүнийг шилдэг эр болгохыг зорьж байв. Сайтар сургаж, асран халамжилсны хүчинд тэр эрдэм чадалтай, хүчирхэг Монгол залуу болж өсчээ. 1480 оны орчим Даян хааныг арван долоон нас хүрэхэд тэд гэрлэлтээ баталгаажуулах сүүлчийн алхмаа хийж, эхнэр, нөхөр болон хамт амьдрах болов. Энэ үед Даян хаан арван долоо орчим настай, харин Мандухай гучин гуравтай байжээ. Тэд албан ёсны харилцаатай болон нийлээд арван жил өнгөрсөн байлаа. Монгол, Түрэг удмын бүх хүүхдэд байдаг хөх толбо бий эсэхийг бас хардаг. Мэддэггүй хүн хөх няц болсон байна гэж эндүүрэх энэ толбо хүүхдийн нурууны төгсгөлд, бөгсний ацных нь яг дээр тодхон харагдаж байдаг бөгөөд хэдэн жилийн дараа арилдаг байна. Монголчууд энэ толбоо өөрсдийг нь бусад үндэстнээс ялгаж, онцгойлсон Тэнгэрийн тамга гэж үздэг. Хөх толбо Мөнх Хөх Тэнгэрийн хүүхдүүд гэдгийг нь онцгойлсон тэмдэг.

Чингис Хааны эзэнт гүрэн унаснаас хойш анх удаа Мандухай Сэцэн Хатан тал нутгийн нүүдэлчдийг нэгтгэн зангидаж чадсан юм. Чингис хаан Мандухайн эзлэн нэгтгэснээс хавьгүй том гүрнийг байгуулсан боловч түүний хөвгүүд, ач нарын шуналаас болж нэгэн насны амьдралаараа буй болгосон бүхэн нь үгүй болсон билээ. Мандухай өөрийнхөө тэмцэж бий болгосноо хамгаалах, мөн үүний дараа улс гүрэн нь оршин тогтносон хэвээр байхын төлөө үлдсэн амьдралаа зориулсан юм. Шинээр нэгдэн бий болсон Монгол үндэстэн буюу Зургаан түмний дунд Буддын шашинтан, Лалын болон түрүү үеийн Христосын шашинтнууд холилдон байв.

Мандухай Сэцэн Хатан, Даян хаан нар эдгээрийн аль нэгийг онцлон шүтсэнгүй. Ард иргэдээ ч аль шашиныг дагахаа өөрсдийн дураар мэдтүгэй гэжээ. Харин хааны гэр бүл, Алтан ургийнхан Чингис Хаан, түүний онгоныг дээдлэн шүтэж байлаа. Монголчууд тал нутгаа орхивол мөхөх тавилантай ажээ. Мал сүргээ адгуулан амьдрахаа больж, хот газар суурьшвал Монгол үндэстэн мөхөх болно. Эр нөхөр, үр хүүхэд нь алс газар яваар одоход эхнэр хүн гэрийн үүдэнд зогсож сүүгээр цацал өргөдөг ёс Монголчуудад бий. Сүү нь орхин одож буй хүний аян зам саадгүй дардан байж орон гэртээ эсэн мэнд буцаж ирэхийг хүссэн сэтгэлийн илэрхийлэл юм.

Чингис хааныг тэнгэрт хальснаас хоёр зууны дараа Мандухай Сэцэн Хатан их гүрнийг дахин сэргээж, улсын дайтай улс болгожээ. Тэр дайснаа дарах үедээ дарж, хүчин мөхөстөх үедээ зугатаж, алдаанаасаа суралцаж, дараагийн тулаандаа бэлтгэдэг байв. Монголчуудын хэлдгээр Мандухай долоон удаа довтлоод эс чадсан ч найм дахиа заавал дийлдэг байв. Тэр замдаа таарсан аюул осол, саад бэрхшээл, айдсыг ямар нэгэн аргаар даван гардаг байлаа. Тэр өөрийн амьдралаа ямар ч эр хүнээр мэдүүлээгүйн адилаар удирдсан цэргээ ямар ч дайнд ялагдуулаагүй, ард олноо харийн дайсны өмнө өвдөг сөхрүүлээгүй юм.

Бурхан түүнд амар жаргалтай хувь заяа оноогоогүй ажээ. “Бурхан түүнд хувь заяагаа өөрөө бий болгох эрхийг өгчээ”. Мандухай өөрийн хувь заяагаа бий болгосны зэрэгцээ улс түмнийхээ хувь заяаг тодорхойлсон юм…

…XVI зуунд Монголчууд Буддын шашинд орж эхэллээ. 1592 онд Мандухай Сэцэн Хатан, Даян Хаан хоёрын үр хойчийн дундаас Далай Лам тодорсон болой. IV Далай Лам бол уг цолыг хүртсэн цорын ганц Монгол хүн ажээ. IV ДАЛАЙ Лам, өөрийгөө Хубилай хааны хойд дүр хэмээдэг байсан. Түмэдийн Алтан хаан болон Энэтхэг, Түвдээс гаралтай хэд хэдэн гэгээнтний хойд дүрүүд, мөн Өвөр ба Ар Монголын бараг бүх сурвалжит язгууртнууд төрөн гарсан юм.

Тэдний үр хойч XVII зуун хүртэл буюу Манж нарт эзлэгдэх хүртэл улс орноо тусгаар байлгаж чадсан байна.

1644 онд Манж нарын үүсгэн байгуулсан Чин гүрний үед ч тэдгээр сурвалжит удмынхан оршин тогтносон хэвээр байсан юм. Харин манжийн дарлал дор энэ улсын тусгаар тогтнол, нэгдмэл байдал алдагдаж, энгийн ард түмэн ихээхэн зовж зүдэрсний эцэст 1911 онд сая эрх чөлөөгөө олжээ.

Мандухай Сэцэн Хатан, Даян Хаан нарын үр сад Монгол нутагт хорьдугаар зуун гартал төр барьсан юм. Дэлхийн II дайны хөлд дэлхий нийт хямарч байхад, мөн 1920-иод онд Монголд дараа нь 1940-өөд онд Хятадад гарсан хувьсгалын шуурганд Мандухай Сэцэн Хатан, Даян Хаан нарын үр удмын олонхийг өмнөх түүхийн үнэнийг зориуд баллах гэсэн хүмүүс хорлосон байдаг.

Бүх Монголчууд Мандухай Сэцэн Хатан, Батмөнх Даян Хаан нарын Чингис хаанаас хойшхи найман зууны түүхэнд тохиосон хамгийн агуу хаад гэж үздэг юм. Монголчууд одоог хүртэл Мандухай бол улс түмнээ аварч хамгаалахын төлөө бүхнээ зориулсан хүн гэж үздэг бөгөөд маш энгийнээр “Сайн Хатан Мандухай” гэж дууддаг билээ. Түүнээс өмнөх цаг үеийн хатад ард түмний ой санамжаас нэгэнт арилжээ. Гэвч тэр эмэгтэйчүүдийн амьдрал түүхийн улбаа Мандухай хатны талаархи дурсамжид нэгдэн оржээ. Иймээс Мандухай Сэцэн Хатан бусад хатдынхаа түүхийг нэгэн бие хүн, нэгэн насны амьдралд нэгтгэсэн, олны дунд хамгийн алдартай Монгол хатан болж дурсагдах болжээ. Эх сурвалжуудаас Монгол хатдын түүхийг хасаж арилгасан ч гэлээ, түүхийг гуйвуулан өөрчилсөн ч гэлээ, гадныхан тэр түүхийг нь элэглэн доог тохуу хийсэн ч гэлээ, монголчууд эх түүхээ мартаагүй юм. Тэд дуу шүлгэндээ, зураг урлалдаа, шинэ мэндэлсэн хүүхдэд нэр өгөхдөө, шөнө дөлөөр галаа тойрон суугаад үлгэр домог ярилцахдаа Цэцэн Хатан Мандухайгаа дурсаж, тэрхүү дурсамжаа үеийн үед сэтгэл зүрхэндээ нандигнан хадгалж ирсэн юм.

1631 онд Их Моголын эзэнт гүрний хаан Шах Жаханы хатан Мумтаз Махал арван дөрөв дэх хүүхдээ төрүүлэх гэж байгаад энджээ. Хаан хайрт гэргийнхээ дурсгалд нэгэн сүрлэг том дуган бариулав. Тухайн үеийн Энэтхэг, Лалын ертөнцийн хамгийн шилдэг уран дархчууд цугарч янз бүрийн ур хийц, соёл уламжлалыг тусгасан гайхамшигт дурсгалыг босгожээ. Харин барилгын оройг харвал монгол гэрийг санагдуулна. Шах Жахан бол Чингис Хаан, Бөртэ Үжиний үр садын нэг юм. Түүний өвөг дээдэс Боржигон овгийн эмэгтэйтэй суусан Алтан ургийн хүргэн байсан ба Шах Жахан өөрөө Цагаадайн угсааны эмэгтэйгээс төржээ. Эртний монгол зөн совингоороо хаан Таж Махалын үүдийг монгол гэрийн адил урд зүг буюу наран ургах зүг харуулж барьжээ. Их Монголын нэгэн хатны дурсгалд босгосон Таж Махал хорвоогийн хамгийн үзэсгэлэнт хосгүй уран барилга төдийгүй монгол эмэгтэйчүүдийн цог золбог илтгэн харуулж байдаг юм.

“Чингис Хаан эмэгтэй хүн болж эргэж ирсэн юм шүү дээ”

“Мандухай Хатны дүрээр эргэж ирсэн юм” Үнэнийг олох хэцүү байж болно. Гэвч хаа нэгтээ заавал бий. Бид л хайж олохгүй бол жинхэнэ үнэн нуугдмал хэвээр байх болно. Бид эрлээ зогсоовол түүхийг гуйвуулсан тэр этгээдүүд биднийг дийлжээ гэсэн үг гэж би боддог юм.

Монгол хатдын түүх бол өнөөгийн улс гүрнүүдийн эх үүслийн нууц түүх юм.

Монгол агуу хатад амьдралынхаа турш гэр бүл, үндэс угсаагаа хамгаалж иржээ. Чингис Хаан төр улсыг үндэслэн байгуулсан бол хатад эмэгтэйчүүд түүнийг нь амьдруулсан юм. Тэр хатад цаг хугацаа, сэтгэл оюунаа хөшөө дурсгал, хот балгад барихад бус Хаан эзнийхээ адилаар гүрэн улсаа байгуулахад зориулсан юм. Тэдний амьдрал тэмцлийг гэрчлэх зүйлс эрт галавын амьтдын ул мөр мэт байсаар байна. Гагцхүү бид түүнийг хайж олохыг, олсны дараа олж харахыг л хүсэх хэрэгтэй.

Тэр эмэгтэйчүүдийн дурсгалд зориулсан, тэд ямар их нөлөөтэй байсныг нь гэрчлэн сүндэрлэх барилга байгууламж Энэтхэгийн Таж Махал, Хятадын Цагаан хэрэмээс авахуулаад байж байна. Пуччинийн дуурь, Шиллерийн жүжиг, Чосерийн яруу найраг, монгол бөхчүүдийн дэвээ шаваа хүртэл тэр түүхийг сануулсаар байна.

Мэдээллийн эх сурвалж: http://www.mongoliandream.mn

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s