Ардын хувьсгал 1921


Дарлагдсан ардыг чөлөөлсөн гэх 1921 онд улс төрийн аллага эхэлжээ!

1921 онд Монголд ирсэн зөвлөлтийн тагнуулын нууц удирдагч Яков Блюмкины хэрэгжүүлсэн далд ажиллагаа олон хүнийг хэлмэгдүүлэхдээ 1922-24 оны хооронд дөрвөн том монгол төрийн зүтгэлтэнг зүй бусаар хороожээ. Ерөнхий сайд асан Догсомын Бодоо хувьсгалын эсэргүү хэмээгдэн цаазлуулж, Бүх цэргийн жанжин асан Дамдины Сүхбаатар зөвлөлтийнхэнд хорлогдон амь алдаж, Монгол улсын хэмжээт эрхт хаан VIII Богд Жавзандамба хутагт “коминтерний үрэл үмхэж”, Ерөнхий сайдын орлогч, Бүх цэргийн жанжин Солийн Данзан хувьсгалын эсэргүү хэргээр мөн цаазлагдсан байна. Энэ тухай Тагнуулын Ерөнхий Газрын Oлон нийттэй харилцах алба эрхлэн бүтээсэн цуврал нэвтрүүлгүүдэд (www.gia.gov.mn) тодорхой мэдээлжээ.

Д.Бодоо

1921 оны 12 дугаар сарын 8-ны орой Ерөнхий сайд Бодоогийн гэрт Консулын дэнжийн нууц бүлгэмийн гишүүд болох Х.Чойбалсан, Д.Чагдаржав нар ирж ярьж хөөрөлдсөнөөс улбаалан, олон хүнийг цаазалсан “Бүгд найрамдах улсын хэрэг” гэгч мандаж: энэ зохиомол хэрэг зөвлөлт, коминтерний тагнуулчдын Монголд хувьсгал экспортлох төлөвлөгөөний дагуу 4 жил үргэлжсэн бөгөөд Бодоо, Данзан хоёрын улс төрийн үзэл бодлын зөрчлийг намын дотор өрнүүлэх зөвлөлтийн тагнуулчдын даалгаврыг Чойбалсан биелүүлсэн байна.
Ерөнхий сайд Бодоод тулгарсан том бэрхшээл бол 1921-24 оны хооронд Монголд байсан улаан цэргүүд агаад тухайн үеийн яамд хоорондын харилцсан бичиг дансыг үзэхэд Хүрээний улаан цэргүүд бүлэглэн дээрэм тонуул хийгээгүй нэг ч шөнө, нэг ч өдөр өнгөрөөгүй аж. Хүн амины хэрэг ч цөөнгүй гарч, лам нар олон өртөж; улаан цэрэг байтугай сургагч нар нь яамныхаа эд хөрөнгийг хулгайлан дамладаг байжээ…
Улаан цэрэг, сургагчдын дураараа авирлахыг хорьж дийлээгүй Бодоо намын нөхдөөр төдийгүй Богд хаанаар зэмлүүлээд аргаа барахдаа Зөвлөлтийн төлөөлөгчдийн газарт очоод “Цэрэг, сургагчдынхаа тоог цөөлөх талаар авч үзэж болохгүй юу?!” гэж хүсэх, шаардах хоёрын хоорондуур хэлсэн нь-өнөөгийн оросын судлаачдын дүгнэснээр-шарилынхаа нүхийг ухсантай адил болж. Мөн Ерөнхий сайдаас огцорсныхоо хойно Алс дорнодын улсын гадаад хэргийн сайд Шумятскийд “Бурханы шашингүй улсад сууж үл чаднаа” хэмээн “ЗОУ-д Элчин сайдаар ирнэ үү?” гэж урихад хариулсан нь авсныхаа тагыг хаасантай адил үйлдэл болжээ.
Ийнхүү ардын нам, түшмэдийн нам, ноёдын нам гэх улс төрийн гурван бүлэглэлийн түшээдээс бүрдсэн Монголын анхны их эвлэрлийн засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Бодоо 1922 оны 1 дүгээр сард албан тушаалаасaa өөрөө огцорч, Түргэний голд мал хариулж байгаад 8 дугаар сарын 31-нд хувьсгалын эсэргүү хэмээгдэн 14 хүний хамт Шар хаданд буудуулж үхжээ…
Хэдийгээр Бодоогийн эсрэг үйл ажиллагааг Сүхбаатар, Данзан хоёр удирдан зохион байгуулсан гэж судлаач, зохиолч Леонид Шинкарев тэмдэглэж, мөн “Сүхбаатар, Данзан нартай санаа нийлэхгүй байгаа” гэж Бодоо өөрөө хэлсэн ч гэлээ, Сүхбаатар Бодоог алуулахыг хүсээгүй бололтой. Тэрээр Бодоог барихаар машинаар явахдаа Богдын ордонд хоёр цаг гаруй саатаад цааш хөдөлсөн гэх аман яриа байдаг аж. Чухам Богд, жанжин хоёр юу ярьсан нь баталгаагүй ч, ТЕГ-ынхны үзэж буйгаар, “Бодоог оросуудын гарт алуулахгүй авч гарах аргыг жанжин та бодно уу?” гэж Богд түүнээс хүссэн бололтой. Гэвч Бодоог оросуудаар ганц сайн хашраагаад авах гэсэн залуу жанжны эрх мэдэл дутжээ.

Д.Сүхбаатар

Харин Сүхбаатар хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлээгүй учир зөвлөлтийнхөнд алуулж. Тодруулбал, коминтерний нууц агентын хувьд байж болошгүй алдаанууд гаргажээ. (Сүхбаатар, Чойбалсан хоёр зөвлөлтийн нууц агентууд байж!) Үүнд: Богд хаантай дотно харилцаа тогтоосон, улаан цэргийн тоог багасгахыг шаардсан, мөн Бодоог цаазласны дараа Цэргийн явдалын яамны тэргүүн сайд, Бүх цэргийн жанжины тушаалаасаа огцрохоо нэг удаа зарласан зэрэг багтана. Энэ бүгд нууц агент Сүхбаатарын хувьд ам тангаргаасаа няцсан хэрэг тул өчиггүй алуулах шалтагууд болж. Коминтерний тагнуулчид Монголд нууц агент элсүүлэхдээ, “Хэрэв агент миний бие өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзах буюу биелүүлэхгүй зөрчвөл Коминтерн хувьсгалын хуулиар шүүхээс гадуур хариуцлага хүлээлгэх эрхтэй” гэсэн утгатай баталгаа бичиг бичүүлдэг байж.
Нууц үүргээ заримдаа умартсан жанжиныг Засгийн газрын зөвлөх түшмэл, Намын төв хорооны тэргүүлэгч гишүүн, Бүх цэргийн зөвлөлийн дарга Элбэгдорж Ринчиногийн удирдаж байсан Бүх цэргийн зөвлөлөөс 1922 онд хоёр ч удаа хэрэгт холбогдуулан татахаар оролджээ.
Монголын тагнуулчдын үзэж буйгаар, зөвлөлтийн чекистүүд Сүхбаатарын эсрэг Цэрэмпилийн хэрэг гэгчийг зохион байгуулсан байна. Японоос тусламж гуйх бичиг зохиож Манжуурт оргон гарсан гүн Цэрэнпил цэргийн штабынхан булаагаад авчихсан хувийн байшин, өр ширийнхээ асуудлаар Сүхбаатартай ширүүн маргалдсан нь энэ хэргийг зохиох үндэслэл болж. Эл өдөөн хатгасан хэрэгт зөвлөлтийнхөн Маншир хутагт Цэрэндоржийг татан оролцуулж, Богд хаан, Сүхбаатар хоёрыг ямар нэг сэжмээр холбогдуулж чаджээ.
Үүнийг эсрэг Монголын засгийн газар, Жалханз хутагт Дамдинбазар, Цэргийн яамны тэргүүн сайд Сүхбаатар нар аминдаа осолтой шийдэмгий хариу барьжээ: Цэргийн яамны санаачлагаар Засгийн газраас хил хязгаараа хамгаалах зорилгоор нийт 10 мянган цэрэг дайчлан татах шийдвэр 1922 оны эцсээр гаргаж аймаг, хошуудад хүн амтай нь харьцуулан тоо тогтоож зарласан байна; мөн Хүрээн дэх улаан цэргээс таван зуун хүнтэй отрядыг үлдээж бусдыг Оросын хилээс дотогш татах шаардлагыг албан хүсэлт хэлбэрээр Сибирь дэх 5 дугаар армийн удирдлагад тавьжээ. Сүхбаатар энэ шаардлагаа “Улаан цэрэг дээрэм тонуул, аллага таллага хийж эрээ цээргүй загнасанд Богд хаан дургүйцэж байна” гэж тайлбарлаж: түүний энэ хүсэлт бол Бодоогийн хүсэлтийн үргэлжлэл тул Богд хаан энэ хүсэлтийн ард байж таарна.
Ийнхүү аашилсан Сүхбаатарыг сайдын албан тушаалаас зайлуулах нь зөвлөлтийнхөнд зайлшгүй ажиллагаа болсон бөгөөд 1923 оны эхээр Сүхбаатар Цэргийн яамны сайдын тушаалаас халагдсаныхаа дараа, 2 дугаар сарын 20-нд бусдад хорлогдон амь алдаж. Сүхбаатарын хүү Галсан гуай “Элбэгдорж Ринчино зөвхөн миний аавыг ч алаагүй…Ерөнхий сайд Дамдинбазарт биеэрээ хор өгч алсан” гэж хэлснээс гадна “[Аавд] маш хүчтэй хор өгсөн байсныг ЭХЯ-ны Туваан гэдэг хүн Оросод очоод шинжилж тогтоогоод ирсэн. ‘Яагаад солонгос хор орж ирэв’ гэхээр Элбэгдорж Ринчиногийн эхнэр нь солонгос хүн байсан юм шүү дээ” гэж нэг сонинд өгсөн ярилцлагандаа дурсчээ. Тэрбээр мөн, “Миний аавын үхэл улс төрийн аллага байсан” гэжээ.
Элбэгдорж Ринчино бол мөн л Коминтерн дэх зөвлөлт оросын нууц агент агаад Сүхбаатар, Чойбалсан нарыг удирдах эрхтэй товчлогч агент гэхч байсан тул Богд хаантай дотносож хамгийн ноцтой алдаа гаргасан Сүхбаатарыг алах магадлалтай гэж монголын тагнуулынхан үзэж байна. Учир нь коминтерний стратегчид, зөвлөлтийн тагнуулчид Богд хааны засгийн газрыг үгүй хийх, Богд хааныг устгах зорилготой төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд юуны өмнө Ардын нам, засгаас Богд хааныг холдуулах далд ажиллагаа явуулж байж.

Богд хаан

Энэ далд ажиллагаа бол Төв Азид ЗОУ-ын загвараар Буриадын Байгаль нуураас эхлэн гадаад, дотоод Монгол, Тува, Барга, Кашгарын халимагууд, Төвдийг бүхэлд нь багтаасан Төв Азийн Буддын Коммунист Холбооны улс байгуулах Оросын коммунист намын Олон улсын тагнуулын төв Коминтерн ба зөвлөлт оросын тусгай албадын стратегчдийн төсөөллийг хэрэгжүүлэх зорилготой байжээ.
Бүгд найрамдах улсыг тунхаглах зохиомол нөхцлийг Монголд хүчээр бүрдүүлж байсан коминтерний дэлхийн хувьсгалын стратегчид, зөвлөлт оросын тагнуулчид монголын нийгмийн бодит байдлыг харгалзаагүй фанатик зорилгод хөтлөгдсөн нууц төлөвлөгөөгөө: Хэмжээт цаазат улс байгуулах үзэл санааг МАН-ын үзэл санаа, мөрийн хөтөлбөрөөс авч хаях; АН-ыг Богд хаантай холбож буй хүн бүрийг устгаж, сэжим бүрийг таслан Богд хааныг ганцаардуулах; Богд хааныг устгаж БНМАУ-ыг тунхаглах гэсэн гурван үе шаттай хэрэгжүүлжээ.
Үүнийг зөвлөлтийн түүхчид Хаант засгийг халж, Бүгд найрамдах улсыг тунхагласан хэмээн манай түүх бичигт томьёолж өгсөн ч, одоо монголын тагнуулчдын үзэж буйгаар бол үнэндээ коминтерн, зөвлөлтийн тагнуулчид Богд хаанд мөнх бусыг үзүүлснээр Бүгд найрамдах ард улсын Үндсэн хуулийг монголчуудаар батлуулах боломжтой болсон агаад тэдэнд түүхэн үндэс суурьгүй ард улсын нийгмийн сэтгэлзүйн дэвсгэрийг зохиомлоор бүрэлдүүлэхэд нийт найман жилийн идэвхтэй ажиллагаа шаардсан байна.
Монголд хэрэгжүүлсэн энэхүү улс төр, тагнуулын ажиллагаа нь монгол, төвд угсаатныг нэгтгэсэн Төв Азийн Буддын Холбооны Улс байгуулах ерөнхий төлөвлөгөөний нэг хэсэг тул Төвдөд хэрэгжүүлэх зорилтуудаа Монголд туршсан бөгөөд Монгол, Төвдөд хувьсгал экспортлох ажиллагаанууд нь хувилбар, зорилтууд, цаг хугацааны дэс дарааллын хувьд хоорондоо уялдаа, харилцан хамааралтай өрнөжээ.
1921 онд Улаан цэрэг Монголд орж ирмэгц коминтерний Монгол, Төвдийн хэлтсийн дарга Сергей Борисов Төвдөд очих анхны экспидицийг бэлдэж эхэлсэн бөгөөд торгууд халимаг цэргийн хорооны дарга Василий Хомутников гэхчээр удирдуулан явуулжээ. Энэхүү цуваа нь 1921 оны сүүлчээр Төвдийн нутагт нэвтэрч, 1922 оны 4 дүгээр сард Лхаст очиж Далай ламтай уулзан Агваан Доржиевийн баталгаа захидал, ЗОУ-ын Засгийн газрын бэлэг, зөөврийн холбооны аппарат бэлэглэсэн байна. XIII Далай лам хариуд нь Агваан Доржиевыг ЗОУ дахь албан ёсны төлөөлөгчөө болгож.
Харин 1924 оны 8 дугаар сарын 1-нд Сергей Борисовын удирдсан хоёр дахь зөвлөлтийн экспидиц Лхаст очсон боловч Далай ламтай уулзаж чадаагүйгээр барахгүй гутамшигтайгаар Төвдөөс хөөгдөн гарчээ. Гуравхан жилийн өмнө амжилттай эхэлсэн хувьсгал экспортлох ажиллагаа ийнхүү нуран унасан нь коминтерн, зөвлөлтийн тагнуулчид анхны амжилтаа өөрсдийнх гэж хэт найдан Монголд “араа шүдээ” арай эрт үзүүлснээс болсон бололтой.
1921 онд Далай лам зөвлөлтийнхнийг хүлээн авсан нь, 1924 онд тэднийг хөөн явуулсан нь ч, Богд хаантай ямар нэг сэжмээр холбогдох аж. Монголд орж ирсэн Улаан цэрэг хэмээх дээрэмчин тонуулчдын бүлэглэлийн үнэн дүр төрхийг олж харсан Богд хаан хорвоогийн мөнх бусыг үзэхээсээ өмнө нууц элчээ Далай лам руу явуулжээ. Энэ элч Далай ламд Монгол, Төвдийн шашны тэргүүн нарыг устгах зөвлөлтийн улс төрийн тагнуулын төлөвлөгөөний талаар мэдэгдсэн болов уу? гэж манай тагнуулчид таамаглаж байна.
Энэ мэдээг Богд хаанд Бодоогоос хойш түүнтэй ойр дотно явсан ганц хүн Сүхбаатар дамжуулсан гэж тэд мөн таамаглаж байна. Хэрэв үнэн бол 1923 оны 2 дугаар сарын 20-нд жанжин алуулахаас өмнө Монгол, Төвдийн шашны тэргүүн нараа аврахыг оролджээ. “Засаг өөрийн мэдлээ оросын гарт оруулалгүй, монголчууд өөртөө эрхээ барьж байхыг бодно уу!” хэмээн АН-ханд сургаж, захиж байсан Богд хаан, XIII Далай ламд улаан оросын үнэн санааг илчилж өгсөн ч харин өөрөө тэдний сарвуунаас мултарч чадалгүй бүрэн хяналтанд нь ганцаардсаар үхсэн байна.
Ийнхүү Монгол улсын хэмжээт эрхт хаан VIII Богд Жавзандамба хутагт 1924 оны 5 дугаар сарын 20-нд гэнэт жанч халжээ. Түүнийг хорлогдохоос өмнө их хатан Дондогдулам нь 1923 оны орчим зөвлөлтийн торгууд цэргийнхний гарт таалал төгссөн бололтой. Мөн амьд сэрүүндээ төрхөмд нь буцаасан бага хатан нь амьд гэрч үлдээдэггүй коминтерний гарт 12 жилийн дараа алуулсан гэнэ.
Богдын үхлийн талаар мэдэх арга сэдээд “Богдын махыг огтолж ардуудад тарааж өгнө” гэж ярилцаж байна гэсэн мэдээ зөвлөлтийн сургагч нарт том лам нар хүргэхэд, тэд ихэд сандралдаж тэгж болохгүйг лам нар, сүсэгтэн олон, нийтийн дунд яаралтай ухуулан таниулсан гэдэг. Тэр цагаас одоо хүртэл Богдод “үрэл үмхүүлсэн” гэх яриа ам дамжин яригдсаар иржээ.
Коминтерн, зөвлөлт оросын тагнуулын тусгай ажилтнууд VIII Богдыг устгасанд монголын тагнуулчид эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл Монгол, Төвдөд хувьсгал экспортлох төлөвлөгөөнд зөвлөлтийн сургагч, зааварлагч нарын тушаал заавраар ажиллахыг зөвшөөрөхгүй бол Засгийн газрыг нь устгаж, шашны тэргүүнийг нь алах тухай террорист заалт байсныг эдүгээ оросын судлаачдын гаргаж буй мэдээ баримтаас үзэж болох ажээ.

С.Данзан

Харин 1921 онд байгуулагдсан Хэмжээт эрхт хаант улсын анхны Засгийн газрын 5 яамны тэргүүн сайд нараас ганцаараа тушаалтайгаа үлдсэн Солийн Данзангийн хувьд Ринчинотой ил цагаан хэрэлдсэнээс өөр үйлдсэн хэрэг үгүй гэнэ. Ямар сайндаа Ринчино Монголын тусгай албадаас зохиосон нууц ажиллагаанд холбогдох мэдээ баримтыг Дотоодыг хамгаалах газрын ерөнхий дарга Константин Баторунд үүрэгдэн гаргуулж, “Данзаны өдүүлсэн гэмт хэрэг” гэгчийг баримт болгож үзүүлж байх вэ дээ.
Сүхбаатарын үхлийн дараа Данзан Ринчино руу “Чи бол оросын боол!”, “Ринчино өнөөдөр намайг тонилгоод, маргааш чамайг тонилгоно!” гэх мэт хатуу үгээр дайрч довтолжээ. Элбэгдорж Ринчиног сайтар илчлээд буудуулахаас өөр зам үгүй болохдоо “Ринчиног би монголын төлөө хүн гэж бодож байсан юм. Гэтэл Ринчино Оросоос суулгасан төрийн хутгуур байжээ! Энэ дарангуйлагч, харгис этгээд намайг зайдалж байсан байнаа!” гэж халаглан хэлсэн Данзанг шүүж байцаалгүй 1924 оны 8 дугаар сарын 30-нд цаазлаад улс орныг хөрөнгөтний замаар явуулах гэж оролдсон хэмээн буруутгажээ.

Яков Блюмкин

Сүхбаатар, Данзан, Ерөнхий сайд Дамдинбазар гэх мэт хүмүүсийг алсан Элбэгдорж Ринчино гэгч тийм их эрх мэдэлтэй хүн байв уу гэвэл бас үгүй аж. Тэр зөвхөн Сүхбаатар, Чойбалсан нарыг л удирдах эрхтэй коминтерний нууц агентын хувьд хэрэв үүрэг даалгавар биелүүлэхгүй бол өөрөө ч гэсэн “шүүхээс гадуур шийтгүүлэх” магадлалтай тул оросын эсрэг үзэл дээр тоглож Сүхбаатар, Данзан нарыг итгэлийг хөсөрдүүлсэн байна. Ринчино зөвлөлтийн тагнуулын агентын хувьд Монгол дэх зөвлөлтийн тагнуулын нууц удирдагч Яков Блюмкины хатуу хяналтанд ажиллаж байж.
Яков Блюмкин бол 1918 онд Германы элчин сайд, гүн Вильгельм фон Мирбахыг гэгээн цагаан өдөр алснаараа алдаршсан улаан оросын супер тагнуулч агаад Оросын коммунист нам, Чекистийн байгууллагаас даалгавар авсан л бол, оч гэсэн газар нь очоод, хий гэснийг нь өөрийнхөөрөө сэтгээд, гүйцэтгээд дараагийн даалгавараа авахаар эргээд ирдэг алуурчин зомби байсан байна. Мөн тэрээр өөрийн хувилсан хүнтэй байснаас гадна хаана очиж, юу хийснээ бичиг баримтаар бараг үлдээдэггүй байжээ.
Блюмкин 1921 онд “Зөвлөлтийн Улс Төрийн Тагнуулын Ерөнхий Газар шиг байгууллагыг Монголд байгуулж өг” гэсэн Троцкийн даалгавартай ирсэн нь тодорхой боловч яг хэзээ ирсэн, хэдэн он хүртэл юу хийсэн тухай тодорхой баримт Монголд ч, Орост ч олдоогүй гэж ТЕГ-ынхан хэлж байна. Оросын судлаачдын бичсэнээр бол Блюмкин 1922 онд Афганистанд, 1923 онд Палестинд очжээ. Гэвч энэ нь жинхэнэ Блюмкин үү, хуурамч нь уу гэдгийг тогтоох аргагүй гэнэ.
1921-24 оны хооронд Блюмкин Монголд хувьсгал экспортлох ажиллагааны алан хядах хоёрдугаар шатны үйл ажиллагааг хэрэгжүүлжээ. Энэхүү улс төрийн тагнуулын үйл ажиллагаа нь хоёрхон үе шаттай: 1920 оны 8 сард Коминтерний Монгол, Төвдийн хэлтэс байгуулагдахад даргаар томилогдсон Сергей Борисов “Шашны фанатикуудаас агент элсүүлж, цэрэг байгуулан тэднээр удирдуулах” эхний үе шатны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн бол “Оросын коммунист чекистүүдийн дохио зангаагаар ажиллахыг зөвшөөрөхгүй бол Засгийн газрыг нь устгах, шашны тэргүүнийг нь алах” хоёрдугаар шатны үйл ажиллагааг Яков Блюмкин удирдсан байна.
Монголыг түшиглэн Төвдөд коммунист үзэл санаа түгээх коминтерний стратегчдийн зорилгыг давхар биелүүлж  явсан Блюмкин Далай ламын эсрэг хэзээ ч, яагаад ч хөдлөхгүй монголын төр засаг, шашны удирдагчдыг Бодоогоос Богдыг хүртэл алж хядаад буудах эрхээ хэтрүүлсэн тул буцаан дуудагдсан байна. Харин 1925 оны үед Монголд дахин очих санал түүнд тавихад царай нь барааж “Би тэнд олон хүнийг нядалсан шүү дээ… Буддын лам нарыг буудахын өмнө гэзгийг нь өөрийн гараар огтолдогсон” гэж хариулсан гэнэ. (Энд тэрээр гэзэгтэй лам нар гэж Бодоогийн хэрэг гэхчээр ихэнх нь устгагдсан 600 гаруй төвд цэргийг хэлсэн бололтой.)
Монголын түүхийн ном, бичгүүдэд 1921-24 оны учир битүүлэг аллага хядлагад Элбэгдорж Ринчиног тэргүүлэн оролцсон гэж бичих болсон ч үнэндээ түүний хажууд баримт үлдээдэггүй Блюмкин жинхэнэ мангас байж. Ринчино бол түүний гар хөл болж явсан этгээд гэж монголын тагнуулчид үзэж байна.
Тэгэхээр хэн үхэх, хэн амьд үлдэхийг 21-хэн насандаа Бурхан мэт шийдэж, монголын хувьсгалыг дэглэсэн  жүүд үндэстэн, 1900 онд төрсөн (1898 онд ч төрсөн байж магад), зөвлөлтийн хувьсгалч, тагнуулч, төрийн зүтгэлтэн, зөвлөлтийн тагнуулын албаны үндэслэгчдийн нэг, Сергей Есенины алуурчин Яґков Григоґрьевич Блюґмкин (Симха-Янкев Гершев Блюмкин псевдонимы: Исаев, Макс, Владимиров) бол Ардын хувьсгалын эцэг (отец Монголский революций), далд удирдагч болж таарлаа!

Дүгнэлт

Ардын хувьсгалыг дэглэсэн жинхэнэ эзэд бол улаан оросууд. Тэд Төвдөд хувьсгал мандуулж, Төв Азийн Буддын Холбооны Улс байгуулж чадаагүй ч хувьсгал экспортлох хоёр үе шаттай үйл ажиллагааныхаа бүрэн дэгээр 1920-24 оны хооронд Монголыг хэлмэгдүүлсэн гэж ТЕГ үзэж байна.
Сүхбаатарыг алчихаад монголын Ленин болгосон зөвлөлтийн тагнуулынхан монголын түүх, монголчуудыг басамжлан доромжилсон төдийгүй талийгаачийн гэгээн дурсгалыг гутаажээ. Сергей Борисовын хэрэгжүүлсэн эхний үе шатанд сонгогдож (улаан оросуудад Сүхбаатар шашны фанатик болж харагдахад гайхах зүйл алга), Хиагтаас цэрэг удирдан ирсэн жанжиныг тун удалгүй тэдний дохио зангаагаар ажиллахыг түтгэлзэнгүүт Блюмкины удирдсан хоёрдугаар шатны үйл ажиллагаагаар халуун амийг нь хороогоод, бодоогүй сэтгээгүй үйлсийнх нь удирдагчаар тодруулан ард түмнийх нь толгойг далаад жил хувьсгалын суртал ухуулгаар эргүүлжээ.
АН-хан улаан цэргийг Монголд авчирсан ч-Сүхбаатар, Чойбалсан хоёр 1920 гэхэд нууц агентууд болчихсон байсан ч гэлээ-тэдний хэн нь ч улаантны загвараар цуст хувьсгал хийхийг хүсээгүй тул Ардын Нам гэж намаа нэрэлсэн болов уу. (Коминтерний хувьсгалчдын шахалтаар 1922 оны эхээр “хувьсгалт” болж, гадаадад явуулах бичигтээ МАХН гэх, дотооддоо МАН гэж бичдэг болжээ.)
Хүрээнд байрласан улаан цэргүүдийг гаргахын түүс болж, бүр гаргаж чадахгүй болохоороо тоог нь хязгаарлахыг монголын төр засаг шаардсан нь монголчууд 1911 онд олсон эрх чөлөө, тусгаар тогнолоо батжуулах л эрмэлзэлтэй байсныг батлана.
Богдын тагнуулч, ДХГ-ын дарга асан Намжилын Хаянхирваа “Монгол овогтон нэгдэж, нэг улс болоод ЗХУ-тай харилцаатай байхын зэрэгцээ дэлхийн бусад олон улстай аль ч талаар ЗХУ-тай нэгэн адилаар харилцаатай байх” гэж 1934 онд хэлмэгдэхдээ мэдүүлсэн нь тухай үеийн эх орончид зөвлөлтийн дагуул улс яавч болохооргүй бодлого баримталж явцгаасныг нотолно. Тиймээс тэд Англи, Америк, Франц, Япон, Хятадтай худалдааны гэрээ байгуулан харилцах замуудыг хайж, Судар бичгийн хүрээлэнгээр дамжуулан Герман, Францад оюутан сургаж, эдгээр оронтой нэвтрэлцэхэд дөхмийг бодож монгол хэлэнд латин үсэг хэрэглэх оролдлого хийсэн биз ээ.
Монгол овогтонг нэгтгэх төсөөлөл буюу Богд хаанаар удирдуулсан монголчуудын баримталсан Халх төвтэй Нэгдсэн Монгол улсын концепсад Өвөр Монгол, Барга, Тува гурвыг л багтаасан аж. Энэ нь Монгол, Хятад хоёулаа Манж Чин улсын захиргаанд байсан; Манж бол Хятад биш тул одоо Монгол, Хятад тус тусдаа улс болох ёстой гэж үзсэн монголчуудын хувьд зүй ёсны хэрэг. Хэрэв Манжийн эрхшээлд байсан Өвөр Монгол, Барга, Тува гурвыг Нэгдсэн Монгол улсад багтаахгүй бол Монгол, Хятадын нэг хэсэг гэсэн хятадуудын үзлийг няцаахад жин багадана.
Мөн Хүрээний улс төрчид Буриад төвтэй нармай монголын үзлийг дэмжигч Элбэгдорж Ринчино мэттэй зөрчилдсөн нь өөрсдийн боловсруулсан Нэгдсэн Монгол улсыг байгуулахад оросын дэмжлэгийг авахыг хүссэнтэй нь холбоотой.  “Монголчууд зөвлөлтийн удирдлагатай зөрчилдөж, тэмцэлдэх болсон гол шалтгаан нь тэд Туваг Монголоос салган өөртөө нэгтгэсэн явдал юм” гэж Н.Хаянхирваа мэдүүлснийг харахад Богд хаан тэргүүтэй монголын улс төрчид эхэндээ улаан оросын тусламжаар Нэгдсэн Монгол улсыг байгуулахыг горьдож, тэдний үйл ажиллагаанд бодлогоо шургуулахыг оролдсон бололтой.
Гэхдээ тэд Коминтерний Төв Азийн Буддын Холбооны Улс байгуулах төсөөллийг дэмжсэн бол энэ зорилгодоо хүрч болмоор санагдана: энэ төлөвлөгөөнд Буриад, гадаад, дотоод Монгол, Тува, Барга, Кашгарын халимагууд, Төвдийг бүхэлдээ багтаасан байсан. Гэтэл үүнийг монголчууд дэмжээгүйгээр барахгүй халхавчилж, Төвдөд хувьсгал экспортлохыг нь, бүр Богд хааныг үхсний дараа, 1926-27 онд хооронд Чойбалсан, Хаянхирваа нарын хүмүүс далд ажиллагаагаар сүйрүүлсэн байна. (XIII Далай ламыг алах хэтийн зорилготой Монголд буцаж ирсэн Блюмкиныг хөөн явуулахад Элбэгдорж Ринчино хүртэл Чойбалсанг дэмжсэн гэж ТЕГ-ынхан үзэж байна.) Тэгэхээр Төвдөд хувьсгал экспортлоход саад болсон монголчуудын үйлдлийг улаан оросуудын дэглэсэн хувьсгалыг “таашаагаагүйгээр” тайлбарлаж болно.
Нэгдсэн Монгол улсыг байгуулахдаа ЗХУ-ыг ашиглах горьдлого тээсэн хамгийн сүүлчийн нармай монгол үзэлтэн бол маршал Х.Чойбалсан аж. Хэдийгээр тэр нууц агент байсан ч гэлээ монгол үндэстний нэгдсэн улс байгуулах үйлсийн сүүлчийн тулгуур болжээ. Хэрэв Чойбалсан эрт үхсэн бол монголын тусгаар тогтнолыг аврах хүнгүй болох тул эрэлхэг эх орончид өөрсдөө түүний өмнөөс амиа золиослож байжээ.
Богд хаанаар удирдуулсан монголчуудын баримталсан “Монгол омогтон нэгдэж, нэг улс болох” үзэл санаа харгис, хэрцгий хэлмэгдүүлэлтийг даван өнөө бидэнд хүрсэн нь энэ ажгуу. Хэрэв улаан оросууд Ардын хувьсгал зохиох гэж монголын шилдэг хөвгүүдийг улайран алаагүй бол өдгөө бид Бодоогийн тодорхойлсон шиг Англи лугаа улс, Цэвээн Жамсраногын төсөөлсөн шиг Швейцарь лугаа улс болох ч байсан юм билүү хэн мэдлээ. Харамсалтай нь Бурхан шашинт, саруул ухаант, эрэлхэг зоригт эх орончид маань “хүн үгүй бол асуудал үгүй” гэсэн муйхар зарчимтай улстай таарснаа тун хожуу ухаарсан. Уг нь тэд л бидэнд түүхээ бичиж үлдээх ёстой болохоос коминтерн ба зөвлөлтийн хувьсгалчид малист түүх, соёлоо “соосогдуулах” учиргүй байв.
Эндээс дүгнэхэд 1921-24 оны хооронд монголчууд бүгд л Хааныхаа үгээр хөдөлдөг байж. Ерөнхий сайд Бодоо нэг сайн загнуулж аваад улаан оросуудад очиж томрон “мааниа өөрөө уншсан” бол залуу жанжин Сүхбаатар Бодоогийн замаар явбал үхнэ гэдгийг мэдсээр байж улаан цэргийн тоог 500-хан болгохыг шаардаж, Манай Хаан уурлаад байна гэж “их том шалтаг” хэлсэн байгаа юм. “Засаг өөрийн мэдлээ оросын гарт оруулалгүй, монголчууд өөртөө эрхээ барьж байхыг бодно уу!” хэмээн Засгийн газрынхныг “араас нь шүүрүүпдэж суусан” Богд хаан бол яах аргагүй Монголын Хаан бөгөөд удирдагч байжээ.
Харин Ерөнхий сайд, Бүх цэргийн жанжин, Монгол улсын хэмжээт эрхт хаан, Ерөнхий сайдын орлогч гээд л бүгдийнх нь амийг хороосон; Намын төв хорооны тэргүүлэгч гишүүн, Бүх цэргийн зөвлөлийн дарга гээд л Монголд ямар л албан тушаал байсан юм бэ? тэр бүгд тушаалыг цаасан дээр бичсэн мэт базаад хаячих чадалтай ганц хүн бол зөвлөлтийн улс төрийн тагнуулын албаны зааварлагч, хувьсгал дэглэгч Яков Блюмкин байжээ.
Монголын улс төрчдийг “араас нь шүүрүүпдэг” Хаан Богд, хүн алах төлөвлөгөөгөө давуулан биелүүлдэг Яков Блюмкин нар бол тухай үеийн улс төрийн хоёр гол өрсөлдөгчид байсан бололтой. Хэдийгээр энэ хоёрын тэмцэл Богдын үхлээр төгссөн ч зорьсон зорилго, хүрсэн амжилтынхаа хувьд VIII Богд Жавзандамба хутагт үнэмлэхүй аваргаар тодорном. Учир нь XX зууны Монголын тусгаар тогтнолын эцэг Богд хааны төсөөлөл-хэдийгээр “хумигдсан” ч гэлээ-удахгүй 2011 онд 100 жилийн амьд ойгоо тэмдэглэх гэж байхад Ардын хувьсгалын эцэг Яков Блюмкины төсөөлөл өнгөрсөн зуунд мөхөж, одоо зөвхөн бичгээр цэгцэлж, ганц хоёр хөшөө, үг авч зөөх л үлдлээ…

Жич: Монголын төр засаг, Тагнуулын байгууллагаас “Монгол үндэстнээ нэгтгэх”, “Нэгдсэн Монгол улс байгуулах”-ын төлөө явуулсан тэмцлийг:
1.1911-1924 он буюу Богд хаан, Намнансүрэн хан, Ханддорж ван, Бодоо, Данзан, Сүхбаатар нарын үе
2.1924-1928 он буюу Дамбадорж, Жадамба, Цэрэндорж нарын үе
3.1928-1936 он буюу Гэндэн, Дэмид, Амар нарын үе
4.1936-1952 он буюу Чойбалсангийн үе гэж хувааж болно гэж үзэж байна.

Х.Эрдэмбилэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s